Бээжин хотын уламжлалт болон орчин үеийн хотын баримлын эрдэм шинжилгээний төслүүдийн үзэсгэлэн саяхан Бээжингийн хот тохижуулалтын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд тавигдсан олон баримал нь Бээжин хотын өнө эртний түүх соёлыг тусган харуулсан үзмэрүүд байна. Бас зарим нь Бээжингийн гудамжинд байдаг та бидний олон удаа харж өнгөрсөн хөшөөнүүд. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгээр үзэсгэлэнд таигдсан бүтээлүүд доторх бидний сайн мэдэх зарим хөшөө дурсгалын үүх түүхээс сонирхуулья гэж бодлоо.
"Өглөөгийн тэмээний хонх"
Бээжин хотын Фучэмэний зөрлөг гүүрний ар талын паркад ийм өвөрмөц баримлууд байдаг. Бү-И үндэстний нэгэн өвгөн нүүрсэн сагсны дэргэд оцойн сууж тамхи татан түр амсхийхэд эргэн тойронд нь хэдэн тэмээ зарим нь хэнэггүйхэн хэвтэж зарим нь хэнэггүйхэн зогсож харагдана. Түүхийн номонд тэмдэглэснээр Бээжингийн баруун дахь Мэнтөүгөү болон Фаньшанд нүүрс ихтэй байсан бөгөөд Фүчэмэнь хаалга нь Мин, Чин улсын үед тэмээгээр нүүрс ачиж хотод оруулдаг чухал зам байжээ. Чин улсын үеийн нэр нь үл мэдэгдэх жүжицы дуулалд "Уулыг хөндийлөн малтаж арвин нүүрс олборлоно, Устай шавартай зуурч нүүрсэн тоосго болгоно, Бургасан сагсыг дүүргэж бөхтэй нь сацуу ачна, Урагш хойш хандсан гудамжаар хонх дуугарган гэлдрэнэ" гэж байдаг нь баруун уулнаас хэмжээгүй их нүүрс олборлож түүгээрээ нүүрс тоосго хийж, бүхэл нүүрс буюу нүүрсэн тоосгыг бургасан сагсанд дүүргэж тэмээнд ачаад, нүүрс ачсан тэмээд Бээжингийн гудмаар сүр бадруулан тайвуухан явж байсан тэр үеийн байдлыг дүрслэн буулгасан нь энэ. Өглөө болгон туулай цагт нүүрс ачсан тэмээн жингийн цуваа хүрч ирэхэд тэмээний хүзүүн дэх хонх хангинан дуугарч байсан тухайн үеийн түүх ийнхүү үлджээ.
"Тяньчяогийн найман хачин"
Бээжингийн Тяньчяо гэхэд Бээжингийнхэн ялангуяа ахмадууд андахгүй мэднэ. Үлгэрч, ший дуулагч, зэвсгийн эрдэм үзүүлэгч гээд өөр өөр үед амьдарч байсан Тяньчяогийн найман хачнууд өнөө хир алдартай. Домгийг хүмүүс ам дамжуулан ярина. Тэдний зарим нь бусдаас эрс ялгарах онцгой эрдэмтэй, эсвэл этгээд сонин төрхтэй, нэг бол үг яриа үйл хэрэг нь сонин жигтэй болохоор ардын дунд нэр нь түгж гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. "Тяньчяогийн найман хачин" гэж чухам хэн хэн байгаа вэ? Олон домог байдаг ч нэгдсэн нэг ойлголт алга. Харин одоо хойгоо Бэйвэй гудамжтай залгаж баруун тийш Тяньчяо театртай хаяа нийлэн, Тэнгэрийн мандал сүмтэй гудамж алслан нүүрлэсэн Бээжингийн хуучин Тяньчяогийн ормон дээр Тяньчяогийн найман хачны баримал босгов. Энэ баримлуудад сонгогдон орсон нь тэрэг түрдэг "Том алтан шүдэт", хошин шог холбоо хэлдэг "Цоохор царайт Цао", ганц хүний шог яриа яригч "ядуугаас үл айгч" Жү Шаовэнь, наадмын далбаа эргүүлэгч "Жижиг гэзэгт Ван", бах барилдагч "Шэнь гуравдугаар", баавгай тоглуулан толгой дээрээ аяга тогтоодог "Тэнэг Чэнь", чулуу хагалдаг "Мангар Чан" болон "Илжиг уралдуулдаг Гуань Дэжюнь" зэрэг 8 болно. Баримлууд нь нэг нэгнээсээ ялгаатай, өвөрмөц дүр төрхтэй, амьд бас хошин дүрслэлтэй.
"Дүн-Ань захын дэргэдэх түүхийг дахин харуулсан баримал"
1903 онд байгуулагдсан Дүн-Ань зах бол өнгөрөгч зууны Бээжингийн түүхэнд хамгийн анх албанаас байгуулсан зах. "Саяхан нээгдсэн шинэ захад эд бараа элбэг, Санаанд нийцсэн авах юмаа зоволтгүй олно, Сайхан зээл наргиант гудамж хаана байна гэвэл, Саадгүй хотын дотор Дүн-Ань захад очоорой" гэж тэр үеийн Дүн-Ань захын наргиант байдлыг бичсэн байдаг. Ванфүжингийн явган гудамжинд шинэ Дүн-Ань захын өмнө барьсан баримал нь нийслэл хотын өвөрмөц баримлуудын дундаас хүмүүст хамгийн их таалагддаг. "Тэрэг зүтгэгч Шянзы", "Үсчин" болон "Товшуурчин" энэ гурван баримал баригдсанаас хойш Ванфүжингийн их гудамжны үзэмжийг нэмсэн төдийгүй дотоод гадаадын жуулчдын сонрхлыг ихэд татдаг. "Тэрэг зүтгэгч Шянзы" баримлыг зохиолч Лао Шэ-н "Тэмээт Шянзы" зохиолыг үндэслэн бүтээсэн бөгөөд эх дүрийн хүнтэй нь ижил хэмжээтэйгээр хар ширмээр цутгаж бүтээжээ. "Үсчин" болон "Товшуурчин" ч өөрийн онцлогтой хуучин Дун-Аньд захын гэрэл зургаар бор зураг болгож биет хэлбэрээр дахин гаргахыг хичээсэн бүтээл. Цуг тавигдсан энэ 3 бүтээл түүхийн нэгэн үеийг дүрслэн харуулж, хуучин Дүн-Ань захыг сэргээн сануулж, хуучин Бээжингийн бэлэг тэмдэг болдог юм.
Та Бээжин хотноо зочилж Ванфужингийн гудмаар зугаалах бол "Тэрэг зүтгэгч Шяньзы", "Үсчин болон Товшуурчин"-ы баримлыг дахин анзаарч хараарай. Олон ардын нэгэн болж төрөөд амин зуулгаа залгуулан зүтгэж явсан энэ хүмүүсийг Бээжин хот эгэл энгийн төрх байдал, ажил үйлстэй нь мөнхлөн гол гудамжаа чимэглэсэн нь сүр бараа ихтэй том хөшөөнүүдээс хавьгүй илүүгээр хүмүүсийн сэтгэлд хүрдэг шигээ...
|