Татар бол Хятадын хүн амаар нилээд цөөн үндэстний цөөнхийн нэг, 6000 орчимхон хүн амтай, Шинжян Уйгурын Өөртөө Засах Районд нутаглан сууж байдаг. Татар үндэстний хүн ам нь цөөн боловч үндэстний үг хэл соёлоо маш сайн хамгаалж ирсэн уламжлалтай юм. Манай сурвалжлагч сүүлийн үед Шинжяны И-Лийн Хасак үндэстний өөртөө засах жөүгийн И- Нин хотод томилолтоор явж сурвалжилсан юм.
73-тай өндөр настан Илиар И-Нин хотын хойд дүүрэгт хороо хашаатай орон сууцанд сууж байна. Тэрээр Татар үндэстний гэрийн хүмүүжлийн тухай сурвалжлагчид танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, хэдийгээр өнөө Татар үндэстний тусгай сургууль байхгүй боловч үндэстнийхээ үг хэл соёлыг бид хамгаалан уламжилж ирсэн байна. Энэ боловсрол хаанаас эхэлдэг вэ? Гэвэл гэр бүлээс эхэлнэ. Хүүхэд хэлд орохоос эхлэн татараар ярьж сурах хэрэгтэй юм гэлээ.
Үг хэл соёл нь нэг үндэстний хамгийн чухал онцлог мөн, үндэстэн нэг бүр түүнийгээ хамгаалан уламжлах ёстой гэж өндөр настан Илиар үздэг. Шинжянд амьдардаг Татар үндэстэн үг хэл соёлоо хамгаалан хөгжүүлж татараар ярьдагт настан их бахархал төрдөг. Татаруудын хувьд өөрийнхөө үг хэлээр ярьж ирсэн нь үндэстний үг хэл соёл нь тэр хэвээрээ хадгалагдаж ирсний гол хүчин зүйл болж байгаа юм. Энэ бол гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой, гэр бүл нь хэл сурахад хамгийн сайн нөхцөл хангадаг гэж өндөр настан Илиар үзэж байна. Илиар 50-тай гэрлэсэн байна. Түүний эхнэр нь Узбек үндэстэн, тэд нэг охин нэг хүүтэй, Илиар гэр бүлийнхнээ заавал татараар ярихыг шаарддаг ба үр хүүхдээ хүмүүжүүлэхэд дөхмийг бодож түүний эхнэр ч татараар ярих болсон байна.
Илиарын охин нь өнөө Шинжяны их сургуулийн аялал жуулчлал удирдлагын факультетад сурч байна. Тэрээр хэлний талаар маш авьяастай юм, үндэстнийхээ хэлээс гадна хятад, уйгар, касах, орос, англи зэрэг хэлээр ярьж чадна, мөн япон хэл сурч байна. Ийм олон хэл сурч байгаа нь төгссөнийхөө дараа олон улсын аялал жуулчлалын хөтлөгч болох мөрөөдөлтөй юм гэнэ.
Тэрээр хэлэхдээ, Манай хөрш зэргэлдээ айл бүр уйгарууд татар хэл мэдэх хүн нэг ч байхгүй, гэрт аав ээж заавал татараар ярихыг шаарддаг. Бага байхад аавтай уйгараар ярихад аав дугарахгүй ойшоох ч гүй байдгийг би одоо ч гэсэн санасаар байна гэжээ.
Татарууд боловсролыг чухалчилдаг нь эрт дээрээс уламжлалтай юм. татар үндэстэн амьдарч байгаа газар юу байхгүйд сургууль заавал байх ёстой, тэгэх мөртөө эрэгтэй эмэгтэй хүүхэд эрх тэгш сурдаг гэж өндөр настан Илиар танилцууллаа.
Эх хүн үсэг бичиг танихгүй юм бол тэр нь мэдлэг чадвартай хүүхэд хүмүүжүүлж чадахгүй, иймээс юуны өмнө ирээдүйн эхчүүдийг соёл боловсролтой болгох хэрэгтэй гэж татар үндэстний нэрт сурган хүмүүжүүлэгч Хабудулах Бубин үзэж байна. Бүр эрт 1915 онд Татарын анхны охидын сургууль байгуулагдаж, татар үндэстнээс гадна уйгар, касах охидыг элсүүлж байсан Шинжяны анхны охидын сургууль юм.
Сурвалжлагчтай хамт явсан И-Лийн татар үндэстний соёлын судалгааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Хайжатула Айнивар танилцуулж хэлэхдээ, Хятадын засгийн газрын үндэстний тухай бодлого ялангуяа хүн амаар нилээд цөөн үндэстний цөөнхийн хөгжилд дэмжин туслах бодлогын ачаар татар үндэстний хэл соёл уламжлагдан хөгжиж, татар үндэстний гэр бүлийн хүмүүжил сургалт нээлттэй болж, 2002 оноос манай судалгааны нийгэмлэг И- Нин хотноо татар хэлний сургалтын дамжаа эрхэлсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, дамжааны цагийг бүтэн сайн хагас сайн болон өвөл зуны амралтын үеэр эрхэлдэг болохоор сурагчдын хэвийн хичээл сургалтад нөлөөлөхгүй юм . Дамжаа нь татаруудын идэвхтэй дэмжлэгийг хүлээж зургаа долоон настай хүүхдээс жар гарсан настан буурлууд хүртэл оролцож байдаг. Аав ээж нь үндэстнийхээ үг хэлийн чухлыг таньж мэдвэл үр хүүхэд нь сурахад хялбар байдаг гэжээ.
И-Лийн татар үндэстний үг хэл соёлоо уламжлан хөгжүүлэхэд гаргасан хүчин чармайлт нь амжилтад хүрсэн төдийгүй Олон улсын хамтын нийгэмлэгийн үнэлэлтийг ч хүлээсэн байна. 2003 оны 2-р сард Илиар урилгаар Оросын Бүгд Найрамдах Татар улсад айлчилж, Ерөнхийлөгч Шаимеф түүнийг хүлээн авч уулзсан байна. Өндөр настан Илиарын татараар урсам сайхан ярихыг сонсоод Ерөнхийлөгч Шаимеф туйлаар бахархан биширч, мөн И-Лийн татар үндэстний хэл соёлоо хамгаалахад гаргасан түүний хүчин чармайлтыг өндрөөр үнэлэсэн бөгөөд Хятадын татар үндэстний сурагчдын дундаас шалгаруулж Бүгд Найрамдах Татар Улсад зардал авахгүй дээд боловсрол хүлээхийг урьсан байна. 2005 онд татар үндэстний сурагчдын дундаас шалгарсан 28 хүн Бүгд Найрамдах Татар Улсад суралцахаар хүрсэн байна.Үүнд Илиарын хүү Илдар бий.
Татар үндэстний уламжлалт баяр-- Сабан баяр нь өнөө дэлхий дээр нөлөө ихтэй болж байна. И-Лийн татар үндэстний соёлын судалгааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Хайжатула Айнивар танилцуулж хэлэхдээ, Сабан баяр бол ямар ч шашны онцлог шинж байхгүй татар үндэстний уламжлалт чухал баяр мөн.
Өмнө нь тогтсон өдөргүй хаврын тариалалтын дараа намрын хураалт эхлэхээс өмнө хугцаанд болж байсан, өнөө жил бүрийн 6-р сарын 22-ны өдөр тэмдэглэх болсон. Төв Азийн таван орон болон Оросын БНТ-улс И-Лийн татар үндэстэн Сабан баяр наадам зохион явуулж байгааг дуулаад маш баярлаж, энэ баярт оролцохыг хүсч байдаг. Өнгөрсөн жил БНТ-улсын Ерөнхийлөгч гурван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид илгээн оролцуулсан байна. Татар үндэстэн нь улс орныхоо нэр төрийг мандуулахад хүчин зүтгэл гаргасан гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|