Ирэх 5 дугаар сарын 1-нд ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан бид нэвтрүүлэгтээ "ӨМӨЗР -60 жил" буланг нээж байна. Шинэ булангийнхаа эхний дугаараар Та бүхэндээ ӨМӨЗР байгуулагдсан түүхийн хуудсыг сөхөн танилцуулъя.
1947.4.23-нд Хянган аймгийн Вангийн сүмд Өвөр Монголын баруун, зүүн хэсгийн Ардын Төлөөлөгчдийн Нэгдсэн Их Хурал нээгдэв. Их хуралд Өвөр Монголын чуулган хошуудаас 398 төлөөлөгч оролцож Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн ордон байгуулах асуудлыг хэлэлцээд Өвөр Монголын түр цагийн Бага хурлыг 121 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж 5 дугаар сарын 1-нд Бага хурлын тэргүүлэгчдийн дарга, дэд дарга, гишүүдийг сонгосон байна. Түр цагийн Бага хурлаас Өвөрмонголын Өөртөө засах Засгийн ордны Ерөнхий сайд, дарга нарыг бас томилжээ. Өөртөө засах Засгийн ордны гишүүд 1947.05.02-нд Бага хурлын чуулган дээр тангараг өргөж эх орноо бүрэн чөлөөлөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсэн байна. Их хурал "Өвөр Монголын Өөртөө засах Засгийн ордны тунхаг", "Өвөр Монголын Өөртөө засах Засгийн ордны түр явуулах зохион байгуулалтын товчоо", "Өвөр Монголын Өөртөө засах Засгийн ордны засаг явуулах товчоо" зэрэг баримт бичгүүдийг баталжээ. Тунхаг бичгийн дотор ардын төлөөлөгчдийн хурлаас түр цагийн Бага хурал сонгож тэрхүү бага хурлаас ӨМӨЗ Засгийн ордны бүрэлдэхүүнийг баталснаа танилцуулжээ. Мөн 5 дугаар сарын 1-ний өдрийг үндэсний баярын өдөр болгож, ӨМӨЗ Хөдөлгөөний холбоот хурлын тугийг Өөртөө засах Засгийн ордны туг болгож, Вангийн сүмийг Өвөр монголын Өөртөө Засах Засгийн ордны түр нийслэл болгох учрыг тунхагласан байна.
"Өвөр Монголын Өөртөө засах Засгийн ордны түр явуулах зохион байгуулалтын товчоо" бол ерөнхий дүрэм, өвөрмонголын түр цагийн бага хурал, ӨМӨЗЗО, шүүх таслах газар, орон нутгийн засаг захиргаа, дагалдуулсан дүрэм зэрэг 6 бүлэг 18 зүйлээс бүрэлдсэн Үндсэн хуулийн чанартай баримт бичиг байжээ. Энэ баримт бичигт ӨМӨЗЗО нь Албан тэнхим, Ардын засгийн яам, Аж ахуй ба эдийн засгийн яам, соёл гэгээрлийн яам, дотоодыг хамгаалах яам, цэргийн яам, үндэстний гишүүдийн хурал, зөвлөгчдийн тэнхим зэрэг тэнхим, яам, хурлыг байгуулахаар болжээ. Ер нь энэ баримт бичигт төрийн байгууллыг цаашид ардчилах ерөнхий чигийг заасан гэж үзэж болно.
Их хурал ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газарт явуулсан баярын цахилгаан утсандаа "... Өвөрмонголын нутаг дэвсгэрээс японы булаан эзлэгчдийг хөөн гаргасан Зөвлөлтийн баатарлаг арми ба БНМАУ-ын нэгэн мах цусны монгол ах дүү та бүгдэд өөрийн энэ түүхт өдрүүдийг тохиолдуулан чин зүрхний баяр талархлаа илэрхийлэхгүй байж чадахгүй нь. Өвөрмонголын ард түмнийг чөлөөлөхийн төлөө манай өргөн уудам нутагт цусаа урсган тэмцсэн ба амь үрэгдсэн Зөвлөлт-Монголын баатруудын гэгээн дурсгалыг онцлон тэмдэглэж байна. Өвөр монголын Ардын төлөөлөгчдийн Их хурлаас Та нар ба Танай ард түмэнд ах дүүгийн гүн их хүндэтгэл хайраа илэрхийлье " гэсэн байжээ.
Энэ их хурал харийн түрэмгийлэгчдийг олон жил эсэргүүцсэн өвөрмонголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалт тэмцлийн нэгэн том ялалт байж Хятад дахь Монгол үндэстэн өөрөө засан тохинох эрхээ бүрэн эдлэх чиглэлд хийсэн том алхам байсан. Үүнийг өвөрмонголын түүх судлалд үндэсний ардчилсан хувьсгал гэж тодорхойлж байна.
|