"Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангаар Бээжингийн 2008 оны Олимпийн бэлтгэл ажлын явцын талаар танилцуулья. Бээжин хотын дарга, Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ван Чишань өнгөрсөн бямба гаригт Олимпийн бэлтгэл ажлын явцын талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр "2007 онд Бээжин хотын захиргааны гол ажил нь олимпийн бэлтгэл ажлыг хангах явдал" хэмээн мэдэгдлээ.
Ер нь он гарсаар Бээжин хотын телевизийн томоохон сувгууд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд олимпийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэх нь эрс ихэссэн нь мэдрэгдэж байна. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо бэлтгэл ажлынхаа явцын талаар тусгай сонин сэтгүүл гаргахын зэрэгцээ, хэвлэлийн бага хурал тогтмол хугацаанд зохион байгуулах болжээ. Мөн хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд тусгай булан захиалан ажиллуулж мэдээллээр тасралтгүй хангаж Бээжингийн Олимпийг үндэстний томоохон үйлс болгон өрнүүлэхэд ихээхэн анхаарч байгаа нь ажиглагдаж байна. Бээжингийн Олимпийн наадмыг зохион явуулах цэнгэлдэх хүрээлэн болон холбогдох бусад арга хэмжээний барилга байгууламжийн бүтээн байгуулалтанд нийт 3,4 тэрбум ам.доллар зарцуулна. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос тэмцээн болох 37 цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэл хийх зориулалттай 59 талбай, бусад цэнгэлдэх хүрээлэнгүүд, Олимпийн тосгон, мэдээллийн төв гэхчлэн цогцолборуудын барилгын ажил, сэргээн засварлалтын ажлын явцын талаар танилцуулсан юм. Олимпийн хэрэгцээнд барьж байгуулж байгаа цогцолборуудыг Олимпийн наадам дууссаны дараа цаашид үргэлжлүүлэн ашиглах асуудалд маш их анхаарч байна. Тухайлбал, 19000 хүний багтаамжтай нэг томоохон цогцолбор нь хятадын циркийн үзүүлбэрийн төв болж, Олимпийн тосгон дахь усан сан хожим нийтийн усан спортын хүрээлэн болох юм. Нийт спортын 37 цогцолбор баригдахаас 19-ийг нь шинээр барьж үлдсэнийг засварлах, сэргээх ажил өрнөж байна. Бүтээн байгуулалтын хөрөнгө зардлыг ч бүрэн шийдвэрлэжээ. Бээжингийн Олимпийн цогцолборын хотхонуудын байршлын ерөнхий төлөвлөгөө ёсоор "Үндсэн цэнгэлдэх хүрээлэн+ 3 дүүрэг" гэсэн бүтэцтэй байх юм. 1-р дүүрэг нь "Олимпийн цэцэрлэгт хүрээлэн". Энэхүү гол дүүрэг нь 13 талбай бүхий хэсгээс бүрдэнэ. 2-р дүүрэг нь 9 талбай бүхий хэсгээс бүрдэх "Хэвлэлийн дүүрэг". Хэвлэлийн дүүрэг олимпийн наадмын дараа баруун дүүргийн соёл, спортын хүрээлэн болно. 3-р дүүрэг "Аялал жуулчлалын дүүрэг". Бээжингийн морин тойруулга зэрэг 2 ордон энэ дүүрэгт багтаж байгаа. Олимпийн наадмын дараа аялал жуулчлалын салбарт үйлчлэх хотын захын нэгэн том цогцолбор болгохоор төлөвлөжээ.
Олимпийн наадмын зам тээвэр
2008 оны Олимпийн наадамд зориулсан нисэх онгоцны буудлын зорчих талбайг 480000-600000 хүн дамжин өнгөрөхөөр төлөвлөсний дагуу өргөтгөн барих ажил ид дундаа өрнөж байна. Мөн өргөтгөл метроны замууд, хурдны нэмэлт замуудын ажил урагшилж байгаа. 2006 оны эцсийн байдлаар гэхэд Олимпийн наадамд зориулан шинээр 128 гэрлэн дохио байрлуулсан нь Бээжин хотын замын нэвтрүүлэх чадварыг 15% дээшлүүлсэн тооцоо гарчээ. 2007 онд замын тэмдэг, гэрлэн дохиог сайжруулах ажил мөн үргэлжилж байна. Хэв журмын асуудалд эртнээс анхаарч хүмүүс замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дугуйтай хүмүүс болон жирийн явган зорчигчдыг осол эндлээс хамгаалах талаар шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж.
Олимпийн тасалбарын тухайд
Олимпийн тасалбарыг борлуулах хугацааг хараахан товлоогүй байна. Тасалбарын үнийг тогтоохдоо жирийн иргэдийн худалдан авах чадвар болон хүртээмжтэй байх гэсэн 2 талыг харгалзан үзэж байна. Зарим онцгой тэмцээнүүдийн тасалбарын үнэ харьцангуй өндөр үнэтэй байхаар тооцоо гарч байгаа ч одоогоор тасалбарын үнийг эцэслэн тогтоогоогүй байгаа гэнэ.
Олимпийн сайн дурынхан
Олимпийн наадмыг зохион байгуулах үйлсэд сайн дурынхны оролцоо үнэхээр чухал. Олимпийн наадмыг зохион байгуулах хороо энэ асуудалд онцгой анхаарч сайн дурынхны дунд олон ажлуудыг өрнүүлж байна. Саяхан "Бээжингийн олимпийн сайн дурынхан дэлхий нийтэд гадаад хэлээр мэндчилж байна" арга хэмжээг зохион байгуулж сайн дурынхны дунд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх ажлыг өрнүүллээ. Энэ арга хэмжээг олимпийг зохион байгуулах хороо, Бээжин хотын захиргааны боловсролын газар болон бусад холбогдох газруудтай хамтран хэрэгжүүлсэн юм. Арга хэмжээний зорилго нь гадаад орнуудаас ирэх үй олон үзэгчид, дэмжигчид, зочдод эх хэлээр нь түвэг чирэгдэлгүй үйлчилж "Хүмүүнлэг Олимп" зохион байгуулах явдал. Япон, франц, герман, орос, солонгос, англи 6 хэлээр явагдсан энэхүү арга хэмжээг БНХАУ-д суугаа Францын ЭСЯ өндрөөр үнэлэн дэмжиж оролцжээ. Ойрын хугацаанд гадаадын үзэгч, фэнүүд, зочдод зориулсан лавлах товхимолууд, CD, дискүүд олноор үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Мөн их дээд, сургуулиуд бусад сургалтын газруудыг түшиглэн олимпийн сайн дурынханд зориулсан гадаад хэлний курсууд зохион байгуулна. 2006 онд ийм төрлийн курсуудэд 3000 орчим хүн суралцсан бол 2007 онд 20000 хүн суралцах тооцоо гарчээ. Бээжингийн Олимпийн бэлтгэл ажил хурдаа аван үргэлжилж байна...
|