Хятад улсын дарга Хү Жиньтао Өмнөд Африк орохоосоо өмнө 6-ны өдөр Намибид Хятадаас Африкийн орнуудад суугаа Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчидтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсч ярилцсаны зэрэгцээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар үг хэлэв. Африкийн орнуудад хийж буй айлчлалын зорилго нь Хятад улс Африктай хамтран ажиллах амлалтдаа хүрч, чин үнэнч, эрх тэгш, ажил хэрэгч, өндөр үр ашигтай хамтран ажиллах бололцоотой юм гэдгийг Африкийн найз нөхөд болон олон улсын хамтын нийгэмлэгт харуулах явдал мөн гэж дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
Хятад улс бол Африкийн худалдааны чухал түнш. Хятадын худалданы яамнаас гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 2006 онд Хятад, Африкийн худалдааны хэмжээ 55 тэрбум ам.долларт хүрч, 2005 оныхоос 40 хувиар нэмэгджээ. 2006 оны эцэс хүртэлх байдлаар Хятадын Африкт оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 6 тэрбум 640 сая ам.долларт хүрч, хөрөнгө оруулсан төсөлд нь Африкийн 49 орон хамрагдсан байна. Дарга Хү Жиньтао Намибид хийсэн айлчлалаа өндөрлөхөөс өмнө Хятадаас Африкийн орнуудад суугаа Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчидтэй 6-ны өдөр уулзсан. Хятадын Нефть байгалийн хийн компани, Хятадын барилгын ерөнхий компани, Хайшинь групп, Хуали Кэтай эм бэлдмэлийн хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хятадын шавар модны барилгын компани зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөгч уулзалтын үеэр үг хэлж, өөр өөрийн компанийн Африкт явуулж буй эдийн засаг худалдаа, барилга, бүтээн байгуулалтын гэрээт төслүүд зэрэг хамтын ажиллагааныхаа явц байдлын талаар танилцуулсан байна. Хү Жиньтао тэдний санал санаачилгыг нарийн сонсч, Африкт ажиллаж байгаа эдгээр компаний үйл ажиллагааг үнэлэн сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ,
Шинэ оны анхныгадаад айлчлалаа миний бие Африкийн орнуудаар эхлүүллээ. Үүний зорилго нь Хятад, Африкийн уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг ахиулан, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэн, Хятад улс Африктай хамтран ажиллах талаар хэлсэндээ хүрч, зохих үр дүн гаргаж, чин үнэнч, эрх тэгш, ажил хэрэгч, өндөр үр ашигтай хамтран ажиллаж байгаагаа Африкийн найз нөхөд болон олон улсын хамтын нийгэмлэгт харуулах гэсэн юм гэжээ.
Африк бол дэлхийн хөгжиж байгаа орнууд хамгийн их төвлөрсөн эх газар. Африкийн орнуудтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Хятадын хувьд маш чухал стратегийн ач холбогдолтой юм гэж дарга Хү Жиньтао хэллээ. Тэрээр хэлэхдээ,
Дэлхийн эвсэг зохицонгуй хөгжилд Хятад, Африкийн харилцааны эвсэг зохицонгуй хөгжил дутаж болохгүй. Хятад, Африкийн харилцааны эвсэг зохицонгуй хөгжил нь эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад ашигтай нөхцөл бүрдүүлж өгөх болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол Хятад, Африкийн шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн чухал хөдөлгүүр хүч, Африкийн тухай ажлыг гүнзгий өрнүүлэх стратегийн чиглэл мөн. Эдийн засгийн талаар Хятад, Африкийн шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Хятад, Африкийн орнууд хүлээн зөвшөөрч, нягт хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд мөн хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтаар чармайх хэрэгтэй байна гэжээ.
Хятад, Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх үйл явцад Африкт суугаа Хятадын аж ахуйн нэгжүүд чухал үүрэг хариуцлагатай юм гэж дарга Хү Жиньтао үзээд тэд нарт хандан гурван хүсэлт дэвшүүлэв. Энэ нь тухайлбал нэгд үүрэг хариуцлагаа бат тогтоож, улс орныхоо бодлогыг дэмжин үйлчлэх, хоёрт, итгэл хүндлэлийг дээдэлж, яс чанарыг батлах, гуравд, эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлж, ард түмэнд буян үйлдэх эдгээр болно. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|