
Солонгосын хойгийн 6 талт 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурлыг 8-ны өдөр Бээжинд хийхээр тогтсон. Энэ удаагийн хурал нь 2-р шатны хурал завсарлаад сар гаруйхан болж байгаа нөхцөлд явагдах гэж байгаа болохоор ямаршуу асуудлыг голлон авч хэлэлцэх, нааштай үр дүнд хүрч чадах эсэх асуудалд хүмүүс маш их анхаарал тавьж байна. Өнөөгийн байдлаар, 3-р шатны хурлын үр дүнг холбогдох талууд өөдрөгөөр харж байна.
Хятадын ГХЯ-ны 6-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурлын хөтөлбөрийг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн хурлын тохируулалт нь өнгөрсөнтэй адилхан, төлөөлөгчдийн дарга нарын хурал, бүгд хуралаас гадна эдгээр хурлын дундуур хийх хоёр талын зөвшилцлүүдээс бүрдэнэ. Энэ удаагийн хурлаар 9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний хугацаанд авах арга хэмжээний талаарх асуудлыг голлон авч хэлэлцнэ. Тус шатны хурлыг амжилтад хүргэхийн төлөө хамтаар хүчлэн чармайхыг холбогдох талуудад Хятадын тал хүсч байна гэжээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн олон улсын харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Жинь Шидэ энэ удаагийн хурлын талаар нилээн өөдрөг бодолтой байна. Тэрээр хэлэхдээ, олон талын мэдээлэл болон талуудын байр сууринаас үзэхэд, их олон өөдрөг зүйл харагдаж байна. Хойд Солонгос 9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх үндсэн дээр шинэ алхам хийхэд бэлэн байгааг олон үйл явдал гэрчилж байна. Хоёр тал туйлдаа тулаад харилцан буулт хийх арга зам хайж мэдэх юм. Хэрэв байдал энэ замаар өрнөн Хойд Солонгос цөмийн хэсэг төхөөрөмжөө хаахаар 3-р шатны хурлын хугацаанд амалж, Америк Хойд Солонгост тодорхой нөхвөр олгохоор болж, 6 талын дараагийн шатны хэлэлцээг үргэлжлэн ахиулахад нэн бат ноттой үндэс суурь тавих юм бол 3-р шатны энэ хурал нь 6 талт хэлэлцээний нэгэн шинэ эхлэл болж болох юм гэжээ.
Жинь Ши дэ хэлэхдээ, 2-р шатны хурлаас бат ноттой үндэс суурь тавьсан учраас 3-р шатны хурлаар хамтын баримт бичиг бүрдүүлэх эрмэлзэлтэй байна. 2005 оны 9-р сарын 19-ний хамтын мэдэгдэл бол 6 талт хэлэлцээгээр тохиролцсон хамгийн чухал, хамгийн дээд хэмжээний баримт бичиг, цөмийн төлөвлөгөөг орхих тухай зарчмын чанартай тунхаг мөн. Иймээс энэ удаа шинэ баримт бичиг бүрдүүлж чадах юм бол үүндээ 9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх бодитой арга хэмжээг хамруулах ёстой юм. Энэ хурлаар талуудын үйл ажиллагааг хязгаарлах, ялангуяа Америк Хойд Солонгосыг хязгаарлаж, бусад дөрвөн тал нь хамтаар хяналт тавьж, хамтран хэрэгжүүлэх баримт бичиг боловсруулахад хүрэх юм бол Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үйл явц талуудын төсөөлж байснаас ч түргэн үр дүнд хүрэх болно гэжээ.
Жинь Ши дэ хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурал нь 2-р шатны хурал дуусаад удаагүй байгаа нөхцөлд хуралдах гэж байгаа нь талуудын хамтын чармайлтын үр дүн юм. Ялангуяа Хятад орон үүнд маш их хүчин зүтгэл гаргасан гэжээ.
Гэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудал хойшдоо дахин давтагдаж, хүндрэл бэрхшээлд учирч мэдэх тул талууд бас болгоомжтой хандах нь чухал гэж Жинь Ши дэ хэлсэн байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|