Зуу сонсноос нэг үз гэж Хятадын баруун өмнөд зүгийн нутгийн Юнь нань мужийн нэг шяний хот болох Лү лян гэдэг бол үнэхээр үзүүштэй газар юм. Лү лян нь Юнь нань мужийн төв Күнь мин хотоос 130 км зайтай, чулуун шугайн үзэмжит районаас 40 км зайтай байрладаг.
Элсэн баримал нь урлагийн шинээр хөгжиж байгаа нэг салбар хэлбэр юм. Үүнд голдуу элс усыг ашиглаж, чигшүүлсэн элсээр уран бүтээлчид санааны эрхээр тоглож, ухаанд буусны хирээр урлан бүтээдэг зүйл юм. 2001 оноос эхэлж, Лү лянд өнгөт элсэн барималын уралдааныг 5 удаа зохион явуулж, үүнд Итали, Япон, Белги, Голландын болон дотоодын дэлхийд нэртэй том том маструуд оролцож, Лү лянд Харри Поттер, Донкихот, Хүйтэн уулны бичиг гэх зэргийн дотоод гадаадын нэр уран зохиолуудын үлгэр түүх, хүн үйл явдлаас сэдэвлэсэн, үзэж сонирхох маш их үнэ цэнэтэй элсэн баримал бүтээлүүд үлдээсэн байна.
Энд өнгө будагтай хайраг чулуун шугай байхаас гадна Лү лян нь бас Цуань соёлын үүсэж хөгжсөн өлгий нутаг нь болох юм. Энэхүү цуань гэдэг ханз үсэг нь бараг л бүх ханзын доторх хамгийн олон бичлэгтэй үсэг байж магадгүй юм. Одоогоос 1300 гаруй жилийн өмнө Юнь наний зүүн хойт хэсгийн үндэстний цөөнхүүдийг ерөнхийд нь цуань гэж нэрэлж байсан аж. Цуаний соёл нь хожмын хүмүүст түүхээ үлдээж өгснөөр барахгүй бас цуань овогтоны мандаж мөхсөн түүхийг тэмдэглэсэн том том чулуун хөшөөнүүд буюу цуань лүн янь бэй хэмээх хөшөөг үлдээжээ. Уг хөшөөнд цуань овогтоны Юань нанийг эрхэндээ авсан түүхийг бичиж тэмдэглэсэн төдийгүй бас уран бичлэгийн ховор нандин өв үлдээсэн байна. Уг хөшөөний бичигт Хятадын уран бичилгийн ли шү бичилгээс кай шү бичлэгт шилжсэн явцыг харуулсан болохоор Хятадын уран бичээчид маш их үнэлж байна.
Үүнээс гадна бас зуугаад жилийн түүхтэй Да жүе сы хийд гэж бий. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд манай тооллын 14-р зууны сүүлчээрх Мин Чин улсын үед Да жүе сы хийд нь нэр төрөөрөө Күнь мингийн баруун уулны Хуа тин сы хийд, Тай хуа сы хийдтэй эн зэрэгцэж байсан аж. Энэ нь Күн зийн сургаал, бомбын сургаал, буддын шашны соёл урлагийг хамтруулсан эртний барилга юм.
|