![]( /mmsource/images/2007/02/13/listen_black.gif)
Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужийн Наланд район дахь Тансаг ламын дурсгалын ордон тун саяхан байгуулагдаж дууслаа. Энэ бол Хятад, Энэтхэгийн соёлын солилцооны түүхийн бас нэгэн бэлгэ тэмдэг мөн гэж хүмүүс үзэж байна. 2-р сарын 12-ны өдөр Хятад, Энэтхэг хоёр тал ёслолын арга хэмжээ зохиож, энэ баярт хэргийг тэмдэглэлээ.
Тансаг лам бол Хятадын эртний их эрдэмтэй хувраг бөгөөд манай тооллын 7-р зууны эхний хагаст амьдарч байжээ. Тэрээр хал зовлонгоос үл зүрхшээн баруун зүгийг зорин Энэтхэг хүрч ном залаад хоёр орны соёлын солилцоонд гарамгай хувь нэмэр үзүүлсэн юм. Түүний тухай үлгэрийг хоёр орны хүн ард сайн мэддэг. Тэрээр Энэтхэгт 16 жил сууж, Буддын шашны ариун дагшин газруудаар явж, эрдэмтэн мэргэдээс сурч, бурханы номыг сэтгэл шулуудан судалж, эрин үеийг эзэлсэн их багш болсон билээ. Түүний бичиж үлдээсэн "Их Тан улсын баруун хязгаарын тэмдэглэл" нь тухайн үеийн Энэтхэгийн нийгмийн хөгжлийн байдлыг үнэн зөв тэмдэглэсэн учраас хожмын хүмүүсийн Энэтхэгийн түүхийг судлах чухал материал болсон.
Өнгөрөгч зууны 50-аад оны үед хоёр орны удирдах хүмүүсийн санаачилгаар Тансаг ламын дурсгалын ордныг байгуулж эхэлсэн боловч зүйл зүйлийн шалтганаас болж дутуу орхисон байсан юм. Өнөө хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ дурсгалын ордон Буддын шашны ариун дархан газарт байгуулагдаж дууслаа.
Барилгын нээлтийн ёслол уламжлалт хонхны дуунаар эхлэв. Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин, Хятадын Шашны хэрэг эрхэлсэн үндэсний газрын дарга Е Шяовэнь, Энэтхэгийн Аялал жуулчлал, соёлын сайд Сони, Энэтхэгийн Соёлын харилцааны хорооны дарга Каран Шинх нарын зэрэг Хятад, Энэтхэгийн найман хүндэт зочин дөрвөн бүлэг болж хонхыг тус тус гурав цохилоо.
Шашны ёслол дууссаны дараа хоёр талын хүндэт зочид харилцан үг хэлэв. Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Тансаг ламын дурсгалын ордон байгуулагдсанд халуун баяр хүргээд, Хятад, Энэтхэг хоёр орон бол соёл иргэншилт эртний орон, хүн төрөлхтний соёл иргэншилд хамтаар үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Шинэ зуунд орсноос хойш Хятад, Энэтхэгийн уламжлалт найрамдал сэргэн амилав. Тансаг ламын дурсгалын ордон байгуулагдсан явдал нь хоёр орны найрамдалд шинэ гэрэл гэгээ нэмэх бөгөөд Хятад, Энэтхэгийн соёл болон шашны солилцоонд шинэ хөдөлгөх хүч болох нь лавтай юм гэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Хөгжиж байгаа хоёр том орон болсны хувьд Хятад, Энэтхэг нь өргөн их хамтын ашиг сонирхолтой. Хоёр орон найрсаг байх нь хоёр оронд ашигтай төдийгүй, Ази болон дэлхий дахинд эерэг нөлөөтэй. Хамтын хөгжил бол хоёр орны засгийн газар болон ард түмний хамтын түүхт үүрэг мөн, бид гар гараасаа барилцан Тансаг ламын үзэл санааг залгамжилж, урьдын хүний замаар замнаж, Хятад, Энэтхэгийн найрамдлын шинэ хуудсыг нээх болно гэжээ.
Энэтхэгийн Соёлын солилцооны хорооны дарга Каран Шинх Тансаг ламыг агуу их эрдэмтэн, орчуулагч, соён гийгүүлэгч гэж үнэлсэн бөгөөд Тансаг лам Буддын шашны их олон ном судрыг Санскрит хэлнээс Хятад хэл дээр орчуулж, Буддын шашны үзэл санааг дэлгэрүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан юм. Энэтхэгийн ард түмэн Тансаг ламыг хүндэтгэн биширдэг гэж хэлсэн байна. Буддын шашны санаачилсан энх тайван, найрамдлын үзэл нь өнөөгийн дэлхий дээр чухал ач холбогдолтой юм гэж тэрээр үзжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|