• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-14 21:34:57    
Бага цагаан сар болон Хаврын баярын гала концертын тухай

Хятадын Олон Улсын Радио

     Найрамдлын гүүр нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булан эхэлж байна. Энэ удаагийн 7 хоногийн тэмдэглэлээ Бага цагаан сар буюу галын бурханы тахилгын ёсон, CCTV-н "Хаврын баярын Гала концерт"-н дуулиан зэрэг сэдвээр бэлтгэлээ. Өнгөрсөн бямба гаригийн үдэш гэнэт энд тэндгүй пуужин тавьж тэсэлж дэлбэлээд эхлэв. Настай хүмүүс ундууцаж уурламаар их чимээ шуугиантай болж байсан ч хүмүүс тоох шинжгүй. Харин ч баярлацгааж байх шиг. Хаврын баярын урьд орой буюу битүүний өдөр муу санаатай мангасыг айлгах гэж их чимээ гарган их буу тавьдаг гэж дуулсан боловч битүүн бас арай болоогүй, 7 хоногийн дараа болно. Тэгээд Номиннарс руу утасдаж асуулаа. Гэтэл галын тахилгын өдөр гэнээ. Лаа сарын 23 юм байна. Ардын дунд хэлэлцэж ирсэн домгоор Галын бурхан буюу зуухны бурхан энэ өдөр айл бүрийн өлзий болоод өлзий бус мэдээг цуглуулж аваад Тэнгэрийн оронд очиж Лусын хаанд бараалхан тухайн айлын сайн, мууг мэдээлдэг юм байна. Иймээс энэ өдөр айлууд галын бурханаа аргадан чихрээр амыг нь цавуудах дом хийж чихэр, жимс, буурцаг таваглан өргөл барьж бяцхан цайллага хийн үддэг заншилтай аж. Энэ өдрийг бас бага цагаан сар ч гэж нэрлэдэг. Галын тахилгын ёслолоор үндсэндээ Хаврын баяр эхэлдэг байна.

23-нд галын тахилга
24-нд хос уянгаа бичнэ
25-нд утаа, тоосоо арилгана
26-нд банш хийх гахайн махаа татаж бэлдэнэ
27-нд сар шинээр хэрэглэх тахиа, шувуугаа нядлана
28-нд мантуу, боов, боорцогны гурилаа эсгэнэ
29-нд хос уянгаа наана

     Ингээд 30-даа битүүлдэг уламжлалтай байжээ. Ардын дунд тогтож, дагаж ирсэн уламжлалаар бол 23-нд ихэс дээдсүүд, 24-нд харц ардууд, 25-нд далайчин, загасчид галын бурханаа тахидаг байсан гэнэ. Галын бурханаа тахих ёслол нь ч нутаг нутагт харилцан адилгүй. Лаа сарын 23-наа тэнгэрийн орноо одсон галын бурхан бусад сахиуснуудыг дагуулан тэдэнд замчилж битүүний орой буцаж ирнэ. Тиймээс битүүний орой үйлддэг ёс нь галын бурхан хийгээд бусад сахиуснуудыг гэртээ хүндэтгэн залахтай нягт холбоотой байдаг байна. Хаврын баяр Бээжин хотод үндсэндээ эхэлжээ. Гэхдээ залуучууд, шинэ үеийнхэн Хаврын баяраа тэмдэглэдэг ёс уламжлалыг тэр бүр мэдэхгүй болохоор янз бүрээр тэмдэглэдэг бололтой. Зарим гадаад оронд аялалаар явах, өмнөд эргийн дулаан газрууд руу явж амрах эсвэл зарим оюутан залуучууд номын санд тааваараа суун хичээл номоо дундалж авах жишээтэй.

1 2