• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-16 19:42:37    
Цагаан сарын тусгай нэвтрүүлэг

Хятадын Олон Улсын Радио

     Улаагчин гахай жилийн босгон дээр бид эрхэм сонсогчид та бүхэндээ алд цэнхэр хадгаа өргөн дэвшүүлж сар шинийн золголт хийж байна. Сайхан шинэлэв үү сонсогчид оо. ХОУР-гийн монгол хэлний редакц жил болгон Хятадын монгол үндэстэн төвлөрөн суугаа газруудтай хамтран цагаан сарын тусгай нэвтрүүлэг бэлтгэдэг заншил ёсоороо энэ жил Хятадын баруун хойт нутгийн Шинжааны уйгарын өөртөө засах районы Борталын монгол өөртөө засах жоугаас та бүхний цагаан сард зориулан тусгай нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Садан төрлөөрөө хуран цугларч сар шинийн баяраа тэмдэглэн баярлан хөөрөлдөж байгаа энэ торгон мөчид сонорт тань баяр, сонсголонд тань баясгалан нэмэрлэх болтугай. Борталын ард түмэн та бүхэнд шиний мэнд дэвшүүж байна.

     Цагаан сарыг угтсан хуар пуужин хаа сайгүй солонгорон дэлбэрч байхад, зузаан гэгч мөнгөн дуулга нөмөрсөн баруун хязгаарыг зорьж бид аяны шувуу шиг дэгдэн ниссэн юмсан. Нийслэл Бээжингээс 3200 гаруй км-ын тэртээд бортал нутагт үүрийн цолмонтой уралдан буухад энэ хот аяархан гэгээрэх үүрийн гэгээн дунд амгалан цагаан тагтаа шиг нойрсон байлаа. Тэр л агшинд Бортал хотыг амтат нойроос нь сэрээчих вэ гэж хөлөө хүртэл хөнгөхөн гишгэмээр санагдсан. Хятадын баруун хойт нутгийн шинжааны уйгарын өөртөө засах районы баруун хойно орших Борталын монгол үндэстний өөртөө засах Жуо нь баруун талаар БНКУ, хойт талаараа Шинжааны тарвагатай тойрог, өмнө талаараа Шинжааны ил тойрогтой залгалдаж байдаг ажээ. Борталын монгол өөртөө засах жоу нь 27 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, монгол, хятад, уйгар, казак, хотон зэрэг 35 үндэстэнтэй, нийт 430 мянга гаруй хүн амтай юм

     Өглөөний цайгаар нэг өдрийн амьдрал маань буцалж эхэлдэг сэн. Цайгаа уух завсар Шинжаан нутагт үзсэн сонссоноосоо та бүхэндээ цухас дуулгая. Өглөө казак малчны чанасан зөхийтэй өтгөн шар цайг том том аягаар оочилж суухад уйгарчууд хот суурин газраар ганзгын наймаа л хийж явдаг улс байдаг гэж сонсч байсан минь буруудаж, саруул талынхаа чинээгээр хараа билчээн амьдарч сурсан казак монгол зэрэг нүүдэлчин үндэстнүүд сул сэлүү цагаараа цайны мухлаг гуанз ресторан эрхэлж, сүү цагаа идээгээ боловсруулан зарж, шинэ цагийн зах зээлийн эргэлтэнд эргэлт буцалтгүй орж олон зүйлд суралцаж, эрхэлж яваа нь илхэн байлаа. Гудамжаар явахад хатаасан үзэм, гүйлс зэрэг жимс зардаг уйгар наймаачид хашгиралдан, түүний цаана уйгарын арван хоёр мукам гэдэг ардын дуу цууриатах нь соин бөгөөд Шинжаан бол үнэхээр л жимсний өлгий нутаг юм даа гэж эрхгүй мэдрүүлнэ. Харин уйгар гуанзанд лалын шашны ёс жаягийн дагуу архи, тамхийг хориглосон нь цэвэр сайхан орчинд нам сэлүүхэн тав тухтай хооллоход сайхан юм. Айл гэрүүдээр нь ороход модон шалан дээрээ хивс дэвссэн байна. Бас араб хийцтэй цайны зэсэн дэвэр зэрэг нь их л өвөрмөц харагдана билээ. Цай ууж энэ тэрийг ажиглаж, элдэв хоёрыг бодож суутал нэг уйгар залуу монголоор ярих нь сонсогдов, сонирхон тийш харвал сайн байна уу гэж бидэнтэй монголоор мэнд мэдэв. Уйгар залуугийн монголоор цэвэр сайхан ярихыг сонсоод гайхснаа аа бид чинь бортал гэдэг монгол нутагт байна шүү дэ гэж ухаарлаа.

     Бортал нутаг алдарт тэнгэр уул нуруудын Казакстан, Киргизтан руу сунаж орсон баруун сэжүүрийн өмнө энгэрт гурван талаараа уулаар хүрээлүүлсэн голын уужим хөндийд байрладаг юм билээ. Хятадын далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн хамгийн том цэнгэг нуур болох сайхан сайрмын нуур ба Хятадын хамгийн том шорвог нуур болох эвийн нуурыг нутгийн хүмүүс эгч дүү хоёр нуур гэж энхрийлэн нэрийдсэн байдаг юм. Сайрам, отогсайр, баян ам, мэлцэцэг, рашаант, хар тураг зэрэг малын шимт билчээртэй. улаан буудай, эрдэнэ шиш, хөвөн, нохойн хошуу, чихэр лууван таримал элбэг гардаг газар. Умард мөсөн далайгаас авчирсан хүйтэн усны явшаа загас нь Хятаддаа зөвхөн сайрамын нууранд амьдарч чаддаг, дэлхийн устах шахсан амьтны жагсаалтад орсон — умардын салмардар загас нь зөвхөн борталын рашаан шяньд байдаг гэх мэтээр яриад байх юм бол энэхэн хуудсанд багтмааргүй их зүйл байгаа юм. 

      Борталын монгол өөртөө засах жоу сүүлийн жилүүдэд Хятадын баруун бүсийг нээж хөгжүүлэх стратеги болон Ази Европын эх газрын хоёрдугаар том гүүр гэж алдаршсан төмөр зам нэвтэрсний нөлөөгөөр урьд байгаагүй түргэн хөгжлийн замд орсон байна. цагаан сарын өмнөхөн борталын монгол өөртөө засах жоугийн дарга Цойжив гуай сонсогч та бүхэнд шинийн мэнд дэвшүүлж, нутгийнхаа хөгжил хувиралын талаар танилцуулсан билээ. Урьд нь 2002 онд, 2004 онд тэрээр манай радиод ярилцлага өгч байсныг та бүхэн санаж байгаа байх, .2007 оны цагаан сарын өмнөхөн тэрээр та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлээд, борталын монгол өөртөө засах Жоугийн сүүлийн хэдэн жилийн хөгжил хувиралын талаар танилцууллаа. 

     Хяттадын засгийн газар хөдөө нутгийн хөгжлийг түрэгтгэж, тариачин малчидын амьдралыг өөд нь татах зорилготой—шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулах бодлого хэрэгжүүлж байгаа юм. бид борталын жоугийн рашаан шяны харбух балгасанд хөөгийн хүмүүсийн амьдрал ахуйтай танилцах гэж хүсэн юм. харбух балгасны дарга түвшинбат нутгийнхаа талаар товчхон танилцууллаа. 

     Сая түвшинбат даргын яриандаа дурьдсан юраа даргатай Улиастай тосгонд бид танилцахаар хүрэлцэн орчлоо. өндөр сүрлэг уул хайрхадын энгэрт байралдаг улиастай тосгоны захаар ороход энд тэндгүй том том дэлэнтэй Америкаас оруулсан Шиминтар гэдэг саалийн үнээнүүд хивин зогсч, бидний суусан машинд ерөөсөө зам тавьж өгөх шинжгүй байлаа. Улиастай тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Юрагийн гэрт ороод очход том хотын гайгүй амьрдалтай иргэдийн суудаг орон сууцаас тутхааргүй саруул байшин хараанд өртөв. Эднийх малд өгөөд үдсэн бордоо, сүрлийн эш зэргийг тусгай зойронд исгэж, газ хийх гаргах хоол цайгаа базаадаг байлаа. Намар бэлтэгсэн өвсөө ногооноор нь нүхэнд даршуулж өвөл малдаа өгдөг юм байна. Залуу хосдуудад зориулан шинэ гэр барьж өгдөг юм байна. Энэ бүхний зун бороон гоожиж, өвөл салхи хуугидаг байсан хуучин Улиастай тосогнтой даилтгахын аргагүй байла. Юра даргаас ер нь хүмүүсийн амьдрал сайжрахад юу нь хамгийн тааламжтай санагдаж байна гэж асуухад, тэрээр хүмүүсийн амьдрал сайжраад ирэхээр хоорондоо их эе эвтэй болдог юм байна. хүмүүс баяжаад ирэхээрээ ерөөсөө хэл ам болж хэрүүл маргаан хийхээ больдог юм байна гэж хуулилаа. 

     1992 онд Хятадын зүүн нутгийн далайн эргийн боомтын хот Лянь Юнь Ганаас Голландын Рутердам хүрэх галт тэрэг албан ёсоор нэвтэрснээс хойш Шинжааны төв Ази болон дорнод европын орнууд хоорондын харилцаа олширч, төвөөс алсалагдсан Шинжаан нутагт эдийн засгаа хөгжүүлэх бас нэгэн шинэ зам нээгдсэн юм. өрнө зүг, наран жаргах зүг нээгдсэн тэр хаалга бол Шинжааны уйгарын өөртөө засах раионы борталын монгол өөртөө засах жоуд байдаг алаг уулын амны боомт болно.алаг уулын амны боомт бол Хятадын эх газрын цорын ганц төмөр зам, засмал зам, нефть дамжуулах хойлойг хослуулсан нэгдгээр зэрэглэлийн боомт болно. Алаг уулын амны боомтын хамааралтын зөвлөлийн дэд дарга Түгжээтэй уулзаж ярилцлаа. 

     Борталд байгаа монголчууд голдуу Чин улсын тэнгэр тэтгэгч хааны үед 1760-аад оны эхээр Өвөр монголоос хилийн цэргээр нүүж ирсэн цахар монголчууд болон 1771 онд ижил мөрний урсгал дагуу нутгаас буцаж ирсэн торгууд ястны нэг хэсгээр бүрэлдсэн юм. цагаан сарын нэвтрүүлэг бэлтгэж явахдаа бид Шинжааны уйгарын өөртөө засах раионы үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга байсан, эрдэмтэн Чүлтэм гуайтай уулзаж, цахар монголчуудын Шинжаанд нүүж нутагласан түүхийн талаар сонирхож ярилцлага авсан юм. Чингийн төр тухай жилүүдэд зүүнгарын урвалгааныг түвшитгэсний дараа Хятадын баруун хязгаарт дотоодын дайн дажингүй амар амгалан болсон мэт боловч Чин гүрний их цэрэг дотор газар татагдан явснаас хойш хуучин зүүнгарын нутаг руу цагаан хаант Орос улс их л санаархах болжээ. Түүхийн иймэрхүү ахуй нөхцөлд тэр нутагт урт хугацаагаар цэрэг суулгаж, хилийн нутгийг гаднын түрэмгийллээс хамгаалах шаардлага гарч ирсэн байлаа. Ингээд тэнгэр тэтгэгч хаан өөрийн биеэрээ зарлиг буулгаж, чуулалт хаалгаас хоёр хувааж нэжгээд мянган цахар цэргийг гэр бүлийн хамт Шинжаанд нүүлгэн суулгахаар шийджээ. Түүнээс хойш цахар монголчууд Шинжаанд нутаглаад 244 жилийн нүүр үзэж байна. 

     244 жилийн урт удаан хугацаанд Шинжааны цахар монголчуудын зан үйл ямар болж хувиран өөрчлөгдсөн бол гэдэг нь үнэхээр маш их сонирхолтой асуудал юм. Борталд байгаа цахар монголчуудын ёс заншлын талаар Шинжааны нэрт зохиолч, эрдэмтэн Га. Гомботой уулзаж сонирхлоо. га. гомбо бол Шинжааны шинэ үеийн монгол уран зохиолын үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Шинжааны монголчууд түүний зохиолын өвөрмөц сайхан хэл хэллэг, гайхамшигтай уран сэтгэмж, унших тутам ухаарал хайрламаар санаа ахуйг шүтэн биширсээр ирсэн юм. Га. Гомбо өнгөрсөн жил Горхи гэдэг романаа хэвлүүлж, борталын голын хөвөө дагуу амьдарч байгаа монголчуудын амьдралыг нүдэнд үзэгдэж гарт баригдан сэтгэлд хоногштол зурагласан билээ. Зохиол бүтээл туурвихын дагуу тэрээр цахар монголчуудын зан үйлийг судлахын тулд нутгийн буурлуудыг хэдэн жил сурвалжлан явж, Шинжааны цахар монголын зан үйл гэдэг эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвисан байна. 

     1993 онд монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон олон улсын монгол уртын дууны наадам дээр Шинжааны борталаас очсон дуучин Жангуу гэдэг дуучны дуулсан салхин жигүүртэй шувуу дууг сонсоод тэр үед монгол улсын ерөнхийлөгч байсан Пунсалмаагийн Очирбат, борталын монгол уртын дуу яасан их сэтгэлийн тэнхээтэй юм бэ хэмээн шагшин магтаж байсан гэдэг. Олон улсын ардын дууны тэмцээний мөнгөн медальт, Хятадын соёлын яамны гарамгай ардын урлагч цолтой Жангуутай сар шиний өмнөхөн золгож, ярилцсан юм. 

     Монголчууд хайртай юмаа бор өнгөөр зүйрлэдэг заншилтэй. Миний муу бор хүү гэнэ. Талын бор малчин гэж өөрийгээ нэрлэх дуртай. Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдсан боржигны бор тал минь гэж уянгалж үй олон хүний сэтгэлийн хөвчийг доргиож байсан удаатай. Өвөг дээдэс маань энэ нутгийг бортал гэж нэрлэсэн нь ч тийм улбаатай гэж би бодно. Уул болгондоо овоотой, ус болгондоо домогтой бортал ерөөсөө л байгалийн амьд зураг юм. уул усных нь домгоос нэгийг сонсон суусу гэлээ би. Борталд отог сайр, рашаа, рашаат гэдэг гурван сайхан халуун рашаантай булаг байдаг. Эрт урьд цагт тэнгэрийн долоон дагина сайхан сайрмын нууранд умбан зугаацаж байхдаа нутгийн малчид өвчин тахалд дарагаад байгааг хараад их өрөвджээ. Тэнгэрийн долоон дагина тэнгэртээ нисэн харьтал тэдний дундаас гурван дагина нь рашаан булаг болж энэ нутгийн хүмүүсийн өвчнийг эдгээе гэж зөвшөөд сэм газар бууж ирээд оргилсон булаг болон хоцорсон гэдэг. Гурван дагинын хувилсан гурван рашаан маань одоо ч гэсэн рашаан усаа бургилуулсаар байгаа юм. рашаан булгийнхаа хөвөөнд борталын монголчууд дуулах дуртай, рашаат гэдэг газар чинь адуу малын минь байрь шуу, асгаруулаад юугаа хийх вэ, амьд л байвал золгоно шүү дэ гэж дуулсаар байна.

     Эрхэм сонсогчид оо, та бүхний сар шинийн баярт зориулсан тусгай нэвтрүүлэг өндөрлөх агшинд сурвалжлах явцад болсон нэгэн сонирхолтой явдалыг та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдаж байна. Манай сурвалжлагч Урьхан бортал нутагт анх очиж байгаа хүн л дэ. Тэр нэг удаа буудлын хаалгыг нээх гэж Бээжинд дэхь гэрийнхээр түлхүүрийг гаргахыг нь хараад бортал холын хүнд ч өөрийнх нь гэр шиг санадгжээ гэж бодогдож байсан юм. гэрийн түлхүүрээр буудалын хаалга нээгдэхгүй боловч нутгийн сайханд сэтгэлийн гэгээвчээр гэрэл тунарсаар байна.

     Та бүхний хүлээн авч сонсонд баяраллаа. Нэвтрүүлгийг урьхан баатар бэлтэглээ. Эн ялдамд нэвтрүүлэг хийх явцад харамгүй тусламж үзүүлсэн Бортал Жоугийн ухуулах хэлтэсийн Бао Жинь Чуань,Ли Су Рун, зохион байгуулах хэлтэсийн орлогч дарга Тие шань, Бортал хотын Чиндал Шяны орлогч дарга Батжав,борталын хотын үйлдвэр худалдааны товчооны дарга Пү. Баатар, Борталын телевизийн монгол ридакцийн дарга Чойдосүрэн, бортал Жоугийн дуу бүжгийн чуулгын дарга Баянбулаг нар болон бусад хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайхан шинэлээртэй сонсогчид оо. /Хариуцлагатай редактор цэцэн/