Хятад улс болон Монгол улс саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Районы Рашаан хотод хэлэлцэн тохиролцож, 2007 оны 4-р сарын 1-нээс Рашаан—Сүмбэрийн боомтын зааг голын гүүрийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэхээр тогтсон байна.
Рашаан хотын дарга болон Монгол улсын Дорнод аймгийн дарга уг хэлэлцээрийн дагуу, Рашаан—Сүмбэрийн боомтын зааг голын гүүр байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд тэмдэглэснээр, Өвөр Монголын Рашаан хот энэхүү гүүрийг барьж байгуулахад шаардагдах бүх хөрөнгө болон бусад холбогдох зардлыг даах юм байна. Рашаан—Сүмбэрийн боомтын зааг голын гүүр байгуулахад нийт 50 сая юаний хөрөнгө оруулна. Уг гүүрийг Хятад Монголын хилийг заагласан Нөмөргөн гол дээр 320 метр урттай байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Өвөр Монголын Рашаан хотын Рашаан боомттой хөршилж байгаа Монгол улсын боомт нь Монгол улсын Дорнод аймгийн Сүмбэрийн боомт юм. 1992 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газраас Рашаан боомтыг б зэрэглэлийн боомтоор зөвшөөрч, 2004 онд олон улсын чанартай улирлын нээлттэй боомт болгосон байна.
Рашаан—Сүмбэрийн боомт бол Хятад улсын зүүн хойд эдийн засгийн бүсийн баруун талын гарц, Ази Европын эх газрыг холбосон хамгийн ойр дөт харилцааны зам шугам болох бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Программын Газраас төлөвлөсөн Рашаан—Чойбалсангийн төмөр замын эхлэл гараа болсон газар юм. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|