• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-02 14:32:08    
Цагаан сарын тусгай нэвтрүүлэг

Хятадын Олон Улсын Радио

     ХОУР-Бээжингээс ярьж байна. Эрхэм сонсогчид та бүхэн сайхан битүүлж байна уу, улаагчин гахай жилийн босгон дээр бид эрхэм сонсогчид та бүхэндээ алд цэнхэр хадгаа өргөн дэвшүүлж сар шинийн золголт хийж байна. Сайхан шинэлэв үү сонсогчид оо. ХОУР-гийн монгол хэлний редакц жил болгон Хятадын монгол үндэстэн төвлөрөн суугаа газруудтай хамтран цагаан сарын тусгай нэвтрүүлэг бэлтгэдэг заншил ёсоороо энэ жил Хятадын баруун хойт нутгийн Шинжааны уйгарын өөртөө засах районы Борталын монгол өөртөө засах жоугаас та бүхний цагаан сард зориулан тусгай нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Садан төрлөөрөө хуран цугларч сар шинийн баяраа тэмдэглэн баярлан хөөрөлдөж байгаа энэ торгон мөчид сонорт тань баяр, сонсголонд тань баясгалан нэмэрлэх болтугай. Борталын ард түмэн та бүхэнд шиний мэнд дэвшүүж байна.

     Цагаан сарыг угтсан хуар пуужин хаа сайгүй солонгорон дэлбэрч байхад, зузаан гэгч мөнгөн дуулга нөмөрсөн баруун хязгаарыг зорьж бид аяны шувуу шиг дэгдэн ниссэн юмсан. Нийслэл Бээжингээс 3200 гаруй км-ын тэртээд бортал нутагт үүрийн цолмонтой уралдан буухад энэ хот аяархан гэгээрэх үүрийн гэгээн дунд амгалан цагаан тагтаа шиг нойрсон байлаа. Тэр л агшинд Бортал хотыг амтат нойроос нь сэрээчих вэ гэж хөлөө хүртэл хөнгөхөн гишгэмээр санагдсан. Хятадын баруун хойт нутгийн шинжааны уйгарын өөртөө засах районы баруун хойно орших Борталын монгол үндэстний өөртөө засах Жуо нь баруун талаар БНКУ, хойт талаараа Шинжааны тарвагатай тойрог, өмнө талаараа Шинжааны ил тойрогтой залгалдаж байдаг ажээ. Борталын монгол өөртөө засах жоу нь 27 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, монгол, хятад, уйгар, казак, хотон зэрэг 35 үндэстэнтэй, нийт 430 мянга гаруй хүн амтай юм.

     Өглөөний цайгаар нэг өдрийн амьдрал маань буцалж эхэлдэг сэн. Цайгаа уух завсар Шинжаан нутагт үзсэн сонссоноосоо та бүхэндээ цухас дуулгая. Өглөө казак малчны чанасан зөхийтэй өтгөн шар цайг том том аягаар оочилж суухад уйгарчууд хот суурин газраар ганзгын наймаа л хийж явдаг улс байдаг гэж сонсч байсан минь буруудаж, саруул талынхаа чинээгээр хараа билчээн амьдарч сурсан казак монгол зэрэг нүүдэлчин үндэстнүүд сул сэлүү цагаараа цайны мухлаг гуанз ресторан эрхэлж, сүү цагаа идээгээ боловсруулан зарж, шинэ цагийн зах зээлийн эргэлтэнд эргэлт буцалтгүй орж олон зүйлд суралцаж, эрхэлж яваа нь илхэн байлаа. Гудамжаар явахад хатаасан үзэм, гүйлс зэрэг жимс зардаг уйгар наймаачид хашгиралдан, түүний цаана уйгарын арван хоёр мукам гэдэг ардын дуу цууриатах нь соин бөгөөд Шинжаан бол үнэхээр л жимсний өлгий нутаг юм даа гэж эрхгүй мэдрүүлнэ. Харин уйгар гуанзанд лалын шашны ёс жаягийн дагуу архи, тамхийг хориглосон нь цэвэр сайхан орчинд нам сэлүүхэн тав тухтай хооллоход сайхан юм. Айл гэрүүдээр нь ороход модон шалан дээрээ хивс дэвссэн байна. Бас араб хийцтэй цайны зэсэн дэвэр зэрэг нь их л өвөрмөц харагдана билээ. Цай ууж энэ тэрийг ажиглаж, элдэв хоёрыг бодож суутал нэг уйгар залуу монголоор ярих нь сонсогдов, сонирхон тийш харвал сайн байна уу гэж бидэнтэй монголоор мэнд мэдэв. Уйгар залуугийн монголоор цэвэр сайхан ярихыг сонсоод гайхснаа аа бид чинь бортал гэдэг монголнутагт байна шүү дэ гэж ухаарлаа.