Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зүүн Үзэмчин хошуунд саяхан болсон Европ Азийг холбосон тээврийн шинэ зам засах стратегийн асуудлаархи яриа уулзалт дээр, Хятад Монгол хоёр орны холбогдох салбарын албаны хүмүүс зөвшин хэлэлцээд, Өвөр Монголын Зүүн-Гатавч боомтыг байнгын нээлттэй болгож, Монгол улсаар өнгөрөн Европ Азийг холбосон авто тээврийн шинэ замыг удахгүй засахын зэрэгцээ бас Шиньчю—Зүүн-Гатавч—Чойбалсан чиглэлийн төмөр замын байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү зам нь Хятадын Эрээн хот, Манжуурын замын дараа шинээр засах Европ Азийг холбосон 3 дахь авто зам болох бөгөөд тэр нь умард тийшээ Монгол улсын Чойбалсан хоттой холбогдож, цаашаа Оросын Борзяд нэвтэрч, өмнө тийшээ Баян-уул—Шиньчю чиглэлийн замтай холбогдон Хятадын Жиньжөү хүрч, баруун тийшээ Өвөр Монголын Шилийн-гол аймагтай нийлж байдаг болохоор, умард өмнөд чиглэлийн чухал зам шугам болох юм. Энэ нь Зүүн хойд Азийн эдийн засгийн хүрээн дэх уг бүс нутгийн байр суурийг түргэн дээшлүүлэх болно.
Шиньчю—Зүүн-Гатавч—Чойбалсан чиглэлийн төмөр зам тавьснаар умард тийшээ Монгол улстай холбогдож, зүүн тийшээ Ляоши, Ляо-нань хүрч, Европ Азийн эх газрыг холбосон ойр дөт төмөр замыг бүрдүүлэх тул, ачаа тээврийн хүрээ хэмжээг нэмэгдүүлэх, эргэлтийн давтамжийг багасгахад ашигтай юм. Уг төмөр замыг тавьсны дараа, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд нааштай гүн нөлөө үзүүлэх юм.
Хятадын олон улсын асуудал судалгааны хүрээлэнгийн эргэн тойрны аюулгүйн асуудал судлах төвийн захирал Ши Зэ хэлэхдээ, шинэ зам шугам нь Хятадын Бээжин, Тяньжин, Хэбэй районоос Орос, Монгол руу нэвтрэх хамгийн богино зайн аялалын шугам юм. Боомт гарц болон зам харилцааны давуу талдаа түшиглэн, зам дагуу улс орны эдийн засгийн хөгжлийг ахиулж, хамтын хөгжлийг ахиулах болно гэлээ.
Хятадын Зүүн—Гатавч боомт болон Монгол улсын Бичигт боомтыг 1992 оноос ажиллуулж эхэлсэн бөгөөд 2007 оны 1-р сараас байнгын нээлттэй боомтоор түр ажиллуулж байна. 2006 оны эцсийн байдлаар, уг боомтоор оруулж гаргасан барааны хэмжээ нь сая тоннд хүрчээ. 2010 он гэхэд уг боомтоор өнгөрөх газрын тос, нүүрс, өнгөт төмөрлөг голлосон барааны хэмжээ нь 2 сая тонноос давах төлөвтэй байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|