-Эрхэм сонсогчид оо, бид МОНЦАМЭ агентлагийн БНХАУ дахь сурвалжлагч Сүрэнжавтай уулзаж ярилцлага авч байна, болгооно уу. Та Бээжинд хир удаан амьдарч байна вэ? Хятадын хоёр том чуулганд Та хир ач холбогдол өгч байгаа вэ?
-Юуны өмнө монгол сонсогчиддоо мэнд дэвшүүлье. Би Бээжинд нийтдээ 10 гаруй жил сууж байна. МОНЦАМЭ-н тусгай сурвалжлагчаар бол 6 жил гаруй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Хятадын өөрчлөн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн 15 жилийн үйл явцыг нүдээр үзсэн гэсэн үг. Хятад улс нүдний минь өмнө харсаар байтал газар, тэнгэр мэт их өөрчлөгдлөө. Бусдын хөгжил, өөрчлөлт, сайн сайхныг үзээд бахархаж, баярлаж, хүндэтгэж явна гэдэг хүний ёс. Ялангуяа хөрш зэргэлдээ Монгол орны маань хувьд хил залгаа орон нь түргэн хурдацтай хөгжиж, дэлхийн эдийн засгийн нэгэн хүчирхэг гүрэн болж байгаа явдал нь хэзээд ашигтай, сургамжтай, суралцууштай үйл явц юм гэдгийг хэлэхийг хүсч байна. БНХАУ нийтдээ 14 оронтой хил залгаа оршдгоос Монгол Улстай хамгийн урт нэгдсэн хилээр залгагддаг билээ. Ийм өргөн уудам газар нутгаар өнө мөнх хиллэн оршиж ирсэн хоёр орон нэг нэгнээ түшин хөгжих явдал зайлшгүй юм. БХАТИХ-ын чуулган, УТЗЗ-н чуулган гэсэн 2 том чуулган жил бүрийн 3 дугаар сарын эхээр хуралдаж Хятад улс жилийнхээ ажлыг дүгнэн, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж, ярилцаж, баталдаг онц ач холбогдолтой үйл явдал болдог. Би Бээжинд амьдарч ирсэн хугацаандаа энэ хоёр чуулганд ямагт ач холбогдол өгч, анхаарч, чадлын хирээр ойлгохыг чармайж, уншиж, судалж, тэр хирээрээ өөрийн төв байгууллага болох МОНЦЭМЭ-д дамжуулан уншигчдад тайлбарлан ойлгуулахыг чармайж ирсэн. 2006 оны чуулган дээр Хятадын Засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябао тавьсан Засгийн гаүрын илтгэлдээ ийм нэг өгүүлбэр хэлснийг би онцгой анхаарч сонсч байлаа. "Хятад Улс эрчим хүчний нөөцийн асуудлаа Хятадын умардын хил залгаа орнуудаа түшиглэн шийднэ" гэсэн юм. Энэ үгийг би өөрийнхөөрөө ойлгон дүгнэж байгаа. Юу гэсэн үг вэ, Хятадын умардын хөршүүд гэвэл ОХУ, Монгол Улс, Казакстан 3 улс байгаа. Шулуухан хэлэхэд нефть, байгалийн хийг ОХУ, Казакстанаас, нүүрсээ бол ирээдүйд Монголоос авна гэсэн үг. Хил залгаа хөрш орнууд бие биенээ нөхвөрлөж хөгжлөө хангахаас өөр арга зам үгүй. Энэ нь хэн хэнд нь ашигтай бөгөөд хөнгөлөлттэй байх зарчим үйлчлэх ёстой. Тийм ч байгаа гэж би боддог. Энэ жилийн БХАТИХ-ын чуулган болоод Еранхий сайд Вэнь Жябаогийн тавьсан Засгийн газрын тайлан илтгэлийг би зориуд уншиж судалсан. Тайлан илтгэлийн гол асуудал нь миний ойлгож байгаагаар нийцтэй нийгэм байгуулах тухай асуудал байгаа. Энэ бол нийцтэй Хятадын нийгэм байгуулах төдий асуудал биш, энэ бол нийцтэй Ази тив, нийцтэй дэлхий ертөнц, нийгмийн дотрох бүхий л салаа мөчирт хамаардагдах асуудал. Нийцтэй нийгмийн тухай ойлголт бол шинэ гарч ирсэн, онол, практикийн шинэ хандлага, онолын шинэ гаргалгаа мөн. Энэ бол цаг үеэ олсон, нийгмийн тухай орчин үеийн онолыг урагш нэг алхам ахиулсан шинэ зүйл. Үүнийг дэлхий нийтээрээ онц анхааралтай судалж, сонирхож, дэлхий нийтээрээ үндсэндээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ намар хуралдах ХКН-ын 17-р Их Хурлаар хэлэлцэх асуудлын дотор нийцтэй нийгмийн асуудал гол байр эзэлнэ гэж их хурлын төлөөлөгчид ярьж, Засгийн газрын илтгэлд тэмдэглэсэн байгаа. Энэ жилийн Вэнь Жябао даргын илтгэлд тавигдаж буй гол асуудлыг би 1-рт, нийгмийн шударга ёсыг тогтоох асуудлыг хөндлөө гэж ойлгосон. Нийгэмд шударга ёс тогтоогүй нөхцөлд тэр нийцтэй нийгэм байж чадахгүй. Шударга ёс гэдэг бол нийгмийн баялгаас хүртэж буй хүн бүрийн хувь хэмжээ, орлого, хөгжил, ерөөсөө нийгэмд эзэлж байгаа байр суурь гээд өргөн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, Хятадын нийгэмд шударга ёс бүрэн тогтож, бүрэн ялах ёстой гэсэн санаа. 2-рт, Засгийн газрын илтгэлд онцолсон бас нэг асуудал бол хятадын нийгэмд хөгжлийн, орлогын, боловсролын, ахуйн ихээхэн ялгаа гарч ирсэнийг тэмдэглэсэн явдал. Өөрөөр хэлбэл, хятадын нийгэм хоёр туйлд хүрч хуваагдах хандлагатай болжээ. Хотын хүний орлого, хөдөөгийн хүнийхээс хол зөрүүтэй байна. Ийм нөхцөлд нийцтэй нийгэм байгуулах маш бэрхшээлтэй. 3-рт, өнөөгийн хятадын нийгэмд хээл хахууль арилаагүй байна. Үүнтэй хатуу тэмцэл хийнэ гэдгээ мэдэгдсэн явдал. Энэ бол ганц Хятад улсад биш дэлхий нийтэд, ялангуяа хөгжиж байгаа орнуудад оршиж байгаа хөгжлийн чөдөр тушаа болсон асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдээгүй цагт нийцтэй нийгмийн тухай ярих бас хүндрэлтэй. Ер нь Вэнь Жябао даргын илтгэлийн гол агуулга нь иргэн хүний аж төрлийн тухай асуудал байгаа. Боловсрол эзэмших, төр засгийн үйл ажиллагаанд оролцох, нийгэм хамгааллын тал дээр тэгш эрх дархтай байх асуудал юм. Ашиг орлогыг нь адил биш гэхэд ойролцоо, тэнцвэртэй тогтоох явдал чухал байр эзэлнэ. Энэ асуудал хөдөө тосгоны иргэдэд чухал хамаатай. Учир нь Хятадын хүн амын 3/4 хувийг хөдөө орон нутагт амьдардаг тариачид эзэлнэ. 800 сая тариачдын хөгжил, ахуй, боловсролын асуудлыг шийдэх нь Хятадын Засгийн газрын өмнө тулгамдаад байгаа онц чухал асуудал гэдгийг чуулган дээр Ерөнхий сайд илтгэлдээ цохон тэмдэглэсэн. Дэлхийн олон орны мэдээллийн агентлагууд 2 чуулганы үйл явцад ач холбогдол өгөх нь жилээс жилд нэмэгдэж, маш их сонирхон сурвалжилж байна. Энэ жил гэхэд 135 орны 650 орчим сэтгүүлч, сурвалжлагчид ирж ИХ-ын чуулганыг сурвалжилж, сурталчилж байна.
-Таны үзэж байгаагаар Хятадын хөгжил дэлхийн хөгжилд хир нөлөөтэй вэ? Тухайлбал хөрш зэргэлдээ Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа вэ?
- Та чухал асуулт тавилаа. Аливаа улс орон хөгжин цэцэглэхэд муу, сөрөг зүйл огт байхгүй гэж санадаг. Аливаа улс орон, Засгийн газарт сайн сайхан хөгжлөөс илүү эрхэм зорилт гэж үгүй. Хүнийг хөгжүүлэх ёстой, нийгмийг хөгжүүлэх ёстой, өөрчлөн байгуулах ёстой. Хятад Улсын сүүлийн жилүүдийн өөрчлөн байгуулалт, 30-аад жилийн хөгжлийн явц нь дэлхий дахины хөгжилд ихээхэн шинэ зүйлийг авчирсан. Дэлхий дахины хөгжлийн хамгийн өндөр хурдац Хятадын сүүлийн 15 жилийн хөгжилд хамаарна. Сүүлийн жилүүдэд Хятад Улс түүхэн том орноос дэлхийн хүчирхэг том гүрэн болон хувирч байна. Эдийн засаг нь хамгийн хурдан хөгжиж, нийгмийн хувьд хамгийн тогтвортой байгаа. Олон улсын нэр хүнд нь жилээс жилд өсч, тэр чинээгээрээ ард түмний амьдрал дээшилж, хөгжил нь өдрөөс өдөрт урагшилж байна. Үүнийг ганц би хэлж байгаа юм биш дэлхий нийтээрээ хэлж хүлээн зөвшөөрч байгаа асуудал. Хамгийн урт хилээр залгаа оршдог манай орны хувьд Хятадын хөгжил мэдээж эерэг нөлөөтэй. Хөрш орон нь хөгжих нь зэргэлдээ улсдаа хэзээд сайнаар нөлөөлж ирсэн түүхтэй. Өнөөдөр Монгол, Хятад 2 улс үндсэндээ бүх салбарт амжилттай хамтран ажиллаж байна гэж би сурвалжлагч хүний хувьд, жирийн хүний хувьд бодож, баярлаж явдаг. БНХАУ, ОХУ 2 бол Монгол Улсын гол хөршүүд. Хөрш орнууд маань хөгжих нь бидэнд онц чухал ач холбогдолтой бас нөлөөтэй. Харин би хөрш орнуудынхаа хөгжлийн бодлогыг ойлгож, суралцах, судлах, ухаарах явдал нэн чухал гэдгийг хэлмээр байна. Ялангуяа урд хөршийнхөө хөгжлийн шинэ онолын талаар. Ний нуугүй хэлэхэд бидэнд энэ тал дээр дутагдал байна. Шинэ үеийнхэн хятад хэлийг сайн сураад Хятадын нийгмийн байдал болоод хятад хүнийг ойлгоод өнө мөнхийн хөрштэйгээ сайн харилцаатай явна гэдэгт би эргэлздэггүй. Өөрөөр хэлбэл Хятад улсыг ойлгох, Хятадын нийгмийн байдал, хөгжлийн эх сурвалжийг ойлгох тал дээр өнөөдөр манай монголчууд учир дутагдалтай байгааг ний нуугүй хэлэх хэрэгтэй. Хүсэхгүй, дургүйдээ биш, хятад хэл мэдэхгүйдээ, мэдээллэл хангалтгүй байгаагаас болж байна. Гэвч энэ асуудал удахгүй шийдэгдэх асуудал. Өнөөдөр манай монголын хүүхэд залуучуудын дунд хятад хэл судалж сурах явдал хэзээ ч байгаагүйгээр идэвхижин хөгжиж байна. Өнөөдөр Монгол, Хятад 2 улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хил худалдаа онцгой үүрэг гүйцэтгэж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 1997 оноос хойш шиг санаж байна. Хятадын Засгийн газрын орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтын 76%-г баруун буюу баруун хойд талын бүс нутгуудад оруулжээ. Хойд гэдэг нь Өвөрмонгол, Ганьсу, Нинь ша, Хөхнуур, Түвд, Шинжаан, Уйгар гэсэн 6 муж юм. Тэгэхээр эдгээр мужууд хөгжинө гэдэг бидэнд бололцоо олгож байгаа хэрэг. Хятад, Монголын хилийн худалдаа жилээс жилд маш хурдтай хөгжиж олон боомтоор экспорт, импортын бараа бүтээгдэхүүн солилцож байна. Иймээс Хятадын хөгжил эргэн тойрныхоо орнуудад маш их нөлөөтэй, ач холбогдолтой юм. Энэ бол тун сайн хэрэг мөн гэж санаж байна.
-Танд баярлалаа.
|