|

Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 6 дахь хэлэлцээ 19-нд Бээжинд эхэллээ. 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р хурал 2-р сарын 13-нд "Хамтын мэдэгдлийг хэрэгжүүлж эхлэх үйл ажиллагааны баримт бичиг"-г баталснаас хойшхи ганцхан сарын хугацаанд талууд хамтын мэдэгдлийг хэрэгжүүлж эхлэх үйл ажиллагааны хүрээнд олон идэвхтэй арга хэмжээнүүд өрнөж, холбогдох талууд ч ажлаа эхлүүлсэн байна. Эдгээр арга хэмжээ нь 6 талын хэлэлцээний үйл явцад нааштай үр нөлөө үзүүлж чадах уу үгүй юу гэдэгт хүмүүс их анхаарал тавьж байна. 6 талын 6 дахь хэлэлцээнд хүмүүс маш их анхаарал тавьж байна гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн олон улсын асуудлын мэргэжилтэн Жинь Шидэ манай сэтгүүлчид ярилцлага өгөхдээ хэлсэн байна.

6 талын 5 дахь хэлэлцээний 3-р хурал дууссанаас хойшхи сар гаруйн байдлыг эргэн үзэхэд талууд бүгд тодорхой ажлууд хийжээ. 3-р сарын эхээр Америк болон Хойд Солонгос, Хойд Солонгос болон Япон улсууд тус тус хэлцэл хийсэн. Эдийн засаг эрчим хүчний ажлын хэсгийн анхны хурал болон зүүн хойд Азийн энх тайван аюулгүйн механизмын ажлын хэсгийн анхны хурал 15, 16-нд Бээжинд болж өнгөрсөн. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай ажлын хэсэг ч 17-ны өдөр Бээжинд хуралдсан билээ. Холбогдох талууд тус бүрдээ 2-р сарын 13-ны хамтын баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр чармайж байна гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн олон улсын асуудлын мэргэжилтэн Жинь Шидэ үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, 2-р сарын 13-ны баримт бичгийн үзэл санаа хэрэгжиж байгааг бид харж байна. Үүнд хамгийн чухал хэдэн тал бий: нэгд, Хойд Солонгос Америк харилцаагаа хэвийн болгох хэлэлцээгээ эхлүүлсэн байна. Ажлын 5 хэсэг 30 хоногийн дотор ажлаа эхлүүлнэ гэж тогтоогоод заасан хугацаандаа ажлаа эхэлцгээсэн байна. Иймээс талууд тус бүрдээ 2-р сарын 13-ны хамтын баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр чармайж байна гэж би үзэж байна гэжээ.

Ёнбунгийн цөмийн төхөөрөмжийг хаахаар бэлгэж байна. Нөхцөл бүрдэн цөмийн төхөөрөмжийн талаар мэдүүлэг өгч, аюул болж мэдэх тал ажиглагдвал түүнийг цуцлах арга хэмжээ авна гэж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай ажлын хэсгийн анхны хурал дээр Хойд Солонгосын тал 17-ны өдөр илэрхийлсэн байна. Хойд Солонгосын талын энэхүү байр суурь маш идэвхтэй байна гэж Жинь Шидэ үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, 6 талын хэлэлцээ тэгш гараанаас урагшилж байгааг бид бүхэн мэднэ. Өнөө Хойд Солонгос цөмийн төхөөрөмжөө хаана гэж байгаа төдийгүй аюул болж мэдэх тал байвал түүнийг цуцлана гэж байна. Энэ бол даруй талуудын хүсэн хүлээж байсан зүйл юм. Цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг дахиж ухраахгүй, энэ чиг хандлагыг эргэлт буцалтгүй тогтооно. Цөмийн төхөөрөмжийг дахиж нээж болохгүй. Энэ нь даруй аюул тарьж мэдэх тал байвал түүнийг цуцлах тухай бидний ойлголт нэгдэнэ гэжээ.

Жинь Шидэ хэлэхдээ, ажлын хэсгүүдийн хэлэлцээ урагштай болсон нь хүмүүс 6 талын дараагийн ээлжийн хэлэлцээнд санаа тавих шалтгаан болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ажлын энэ 5 хэсэг байгаа нь 6 талын хэлэлцээг нэн уян хатан болгосон байна. Өмнө нь 6 талын хэлэлцээ эхлэнгүүт л олон улсын хамтын нийгэмлэг маш өндөр шаардлага тавьж хүлээдэг байлаа. Гэвч хэлэлцээ нь хэдхэн өдөр явагддаг болохоор их олон асуудлыг зохицуулж амждаггүй байсан. Өнөө ажлын энэ 5 хэсгийг гаргаснаар нэлээд уужуу механизмтай болсон байна. Иймээс 6 талын хэлэлцээг асуудлаа нэлээд шулуутгасан үндсэн дээр хийж байгаа болохоор энэ удаагийн 6 талын хэлэлцээ нь хамгийн их дүгнэлтийн чанартай бөгөөд мөн ч хамгийн их нэр хүнд бүхий албан ёсны хурал болох юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|