• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-26 15:17:53    
Хү Жиньтао Орост айлчлахынхаа өмнө сурвалжлагчдад ярилцлага өглөө

Хятадын Олон Улсын Радио

      Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хятад улсын Дарга Хү Жиньтао энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэрээ Оросын Холбооны Улсад зохион байгуулагдах "Хятадын жил" арга хэмжээний нээлтийн ёслол зэрэг ажиллагаануудад оролцох юм. Оросын Холбооны Улсад хийх айлчлалынхаа өмнө, Хятад улсын Дарга Хү Жиньтао Бээжинд Интерфакс агентлаг зэрэг Оросын Холбооны Улсын хэвлэл мэдээллийн 6 байгууллагын сурвалжлагчдад ярилцлага өгсөн байна. Оросын Холбооны Улсад хийх миний энэхүү айлчал нь Хятад Орос хоёр орны харилцаанд шинэ уур амьсгал авчирах нь гарцаагүй юм гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ.

      Энэ он нь Хятад Оросын харилцааны хөгжлийн чухал жил юм. Энэ онд хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа хоёр дахь 10 жилдээ орж байна. "Оросын жил" арга хэмжээ өнгөрсөн жил Хятад улсад амжилттай зохиогдсоны дараа, "Хятадын жил" арга хэмжээг энэ онд анх удаагаа Орост зохион явуулах гэж байна. Энэхүү чухал цаг үед Хятад улсын Дарга Хү Жиньтао Оросын Холбооны Улсад айлчилж байгаа юм. Тэрээр хэлэхдээ:

      "Оросын Холбооны Улсад айлчлах үеэр Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр орны стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар санал бодлоо илэн далангүй сонилцож, 'Хятадын жил' арга хэмжээний нээлтийн ёслол болон 'Хятадын төрийн үзэсгэлэн' арга хэмжээний нээлтийн ёслолд оролцохыг хүсэн хүлээж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ айлчлал чухал ололт амжилтанд хүрч, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх, ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад шинэ эрч хүч нэмнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

      Шинэ нэг жилд Хятад Оросын харилцааг 4 талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тул Оросын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.

      "Нэгд, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, улс орны гол ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар цаашид ойлголцон харилцан дэмжиж ажиллана. Хоёрт, харилцан ашигтай байх үзэл санааны дагуу, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник технолог зэрэг салбаруудад хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг улам ахиулна. Гуравд, Оросын Холбооны Улсад зохион байгуулагдах 'Хятадын жил' арга хэмжээний хүрээнд хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр орон, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг нэмэгдүүлнэ. Дөрөвд, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хоёр орны стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн энх тайван байдлыг хамгаалж хамтын хөгжилд хүрэхийн тулд нэн их хүчин чармайлт гаргана" гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.

      Эдийн засаг, худалдааны харилцаа бол Хятад Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дарга Хү Жиньтао хэлэхдээ

      "Хоёр тал эрчим хүчний нөөц баялгийг нээн ашиглах, агаарын тээвэр, сансар судлал", цөмийн цахилгаан, механикийн үйлдвэрлэл, шинэ техникийн аж үйлдвэр зэрэг салбарт хамтын ажиллагааны баялаг уламжлалтай билээ. Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд Оросын Холбооны Улсад харилцан хөнгөлөлттэй хамтран ажиллахад Хятадын Засгийн газар урамшуулан дэмжиж байгаагийн зэрэгцээ, хөрөнгө оруулалтын орчин ахуйгаа сайжруулах, зах зээлээ нээлттэй болгох талаар нэн ашигтай нөхцөл боломж бүрдүүлэхийг бид Оросын талд хүсч байна" гэлээ.

      Хятадын зах зээлд орох Оросын хөрөнгө оруулалт, Хятад Оросын эдийн засаг, худалдааны хөгжлийн хэтийн төлвийн тухай Дарга Хү Жиньтао хэлэхдээ: "Оросын нэн олон аж ахуйн нэгж Хятад улсад хөрөнгө оруулан бизнес эрхлэхийг Хятад улс сайшааж байна. Хоёр орны худалдаа 8 жил дараалан үргэлжлэн өсч, 2006 онд 33 тэрбум 400 сая ам.долларт хүрлээ. Хоёр талаараа хамтаар чармайдаг юм бол, 2010 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээ 60-аас 80 тэрбум ам.долларт хүрэх зорилтод лавтай хүрнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

      Оросын Ерөнхийлөгчтэй хамтаар "Хятадын жил" арга хэмжээнд оролцох нь Дарга Хү Жиньтаогийн Оросын Холбооны Улсад хийх энэ айлчлалын чухал агуулгуудын нэг нь юм. Дарга Хү Жиньтао хэлэхдээ: "Хятад Орос хоёр тал 'Улсын жил' арга хэмжээ харилцан зохион явуулж байгаа нь хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжихийг ахиулан, хоёр орны ард түмний өнө мөнхийн найрсаг харилцааны төлөө хийж буй чухал нэгэн арга хэмжээ юм" гэжээ.

      Хятад Орос хоёр орон бол том хөрш орон. Хятадын ард түмэн Оросын ард түмэнд гүн зузаан найрсаг сэтгэлээр ханддаг гэж тэрээр тэмдэглэжээ.

      "Оросын тухай ярихтай зэрэг, бид 'Москвагийн үдэш' зэрэг яруу сайхан дуунуудыг санадаг бөгөөд Фашистын эсрэг дэлхийн дайны үед Хятад Оросын цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж явсан сэтгэл хөдөлгөм түүхийг өөрийн эрхгүй санадаг юм" гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\