Хятадын гадаадад зохион байгуулж байгаа цар хэмжээгээр хамгийн том, хамарсан салбар нь хамгийн өргөн үзэсгэлэн – "Хятадын үндэсний үзэсгэлэн" 27-ны өдөр Москвагийн Крокусын үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. ОХУ-д төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар нээлтийн ёслолд оролцов.
"Хятадын үндэсний үзэсгэлэн" бол Орост тун саяхан эхэлсэн "Хятадын жил"-ийн арга хэмжээний улсын зэрэглэлийн чухал төсөл бөгөөд "Харилцан ашигтай хамтран ажиллаж, эвсэг зохицонгуй хөгжих" уриан дор болж байгаа юм. 20 мянган ам метр бүхий үзэсгэлэнгийн талбайд Хятадын 31 муж, хот, өөртөө засах район болон Шянган, Аомэний 200 гаруй нэгж үзэсгэлэн ажиллуулж, түүнд улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан техник, ард түмний амьдрал, байгалийн өнгө үзэмж зэрэг 30 гаруй салбар хамрагдаж, 15 мянга гаруй төрлийн бараа бүтээгдхүүн болон 1000 гаруй ширхэг гэрэл зураг тавигдсан байна. Энэ үзэсгэлэн нь Хятадын бүх ажил төрлийн хөгжлийн тэргүүний түвшинг харуулж байна.
Дарга Хү Жиньтао нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Энэ үзэсгэлэн нь Оросын ард түмэнд Хятадын өнө эртний түүх, гэрэл цацрангуй соёл иргэншил, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн болон орчин үеийн бүтээн байгуулалт өрнүүлсэн үйл явц, Хятад, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны элбэг баян үр шимийг үзүүлэх болно. Өнгөрсөн оны 11-р сард Хятадад зохиогдсон " Оросын үндэсний үзэсгэлэн" нь Хятадын ард түмэнд сайн сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. "Хятадын үндэсний үзэсгэлэн" ч хоёр ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлэх, хоёр талын хамтын ажилагаанд тус дөхөм үзүүлэх таатай орчин болно гэдэгт итгэж байна гэжээ.
"Хятадын үндэсний үзэсгэлэн" ажиллуулж байгаагийн зорилго бол Хятадын шилдэг аж ахуйн нэгжүүд болон сайн чанарын бараа бүтээгдэхүүнүүд Оросын зах зээлд ороход тус дөхөм үзүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэн, бүх талын хамтын ажиллагааг өргөтгөх боломж хангах явдал юм. Энэ үзэсгэлэнгийн үеэр Хятад, Орос хоёр талын аж ахуйн нэгжүүд 4 тэрбум 300 сая ам.доллрын үнэ бүхий гэрээ хэлэлцээр байгуулах юм байна. Ерөнхийлөгч В.Путин ч Хятадын үндэсний үзэсгэлэнд маш их итгэл найдвар тавьж байлаа.
Тэрээр хэлэхдээ, "Хятадын үндэсний үзэсгэлэн" нь бидэнд Хятадын эдийн засгийн хөгжлийн хамгийн шилдэг амжилтыг харуулж байна. Энэ бол Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн ололт амжилтыг ойлгох ховор боломж юм. Энэ үзэсгэлэнгээр хоёр тал шинжлэх ухаан техникийн болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ шинэ төслүүд хэрэгжүүлж эхлэх юм гэдэгт итгэж байна. "Хятадын үндэсний үзэсгэлэн" бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна гэжээ.
Нээлтийн ёслол дууссаны дараа дарга Хү Жиньтао, Ерөнхийлөгч В.Путин нар үзэсгэлэнгийн үзмэрүүдтэй маш анхааралтай танилцав. Хятадын дүр төрхийг харуулсан цогцолбор үзэсгэлэнгийн хэсэгт хоёр орны төрийн тэргүүн нар Хөхмөрний гурван хавцлын барилга, Хөхнуур, түвдийн төмөр замын загварыг сонирхон үзсэн бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдийн танилцуулгыг сонссон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|