- Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт улам гүнзгийрэн хөгжиж байгаа талаар бид байнга сонсдог. Та бодит байдлын талаар тодруулан тайлбарлаач. Хятадын бизнесийн хүрээнийхэн Монголыг хир сонирхож байна вэ? Манай зах зээлд хөрөнгөө хир зэрэг оруулж байна?
- Сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа үнэхээр эрчимтэй хөгжиж байна. Улс төрийн хүрээнд гэхэд л өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, бүхий л салбарт харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Орон нутаг, бүс нутгуудын хамтын ажиллагаанаас эхлээд бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүд хүртлээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үүний үрээр худалдаа наймааны эргэлт эрс нэмэгдлээ. 2006 оны байдлаар гэхэд Монгол-Хятадын худалдааны эргэлт миллиард доллар хол давчихсан. Албан бус мэдээгээр 1 млрд 300 сая-д хүрсэн тооцоо гараад байгаа. 2005 онд 800 сая доллар байсантай харьцуулж үзвэл бараг 1,5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол хоёр орны харилцаа өргөжин тэлж байгаагийн тодорхой жишээ мөн. Сүүлийн үед хятадын бизнесийн салбарынхан болоод жирийн иргэд ч ялгаагүй Монголыг улам ихээр сонирхох болжээ. Ялангуяа бизнесийн салбарынхан, тухайлбал, уул уурхай, түүхий эд, үйлдвэрлэлийн салбарынхныг нэрлэж болно. Монголд үйлдвэрээ байгуулаад гуравдахь оронд экспорлох зэрэг бизнесийн санаанууд ч өсч байна. Тийм учраас манай алба сүүлийн үед их албархуу, ачаалалтай ажиллаж байна. Хүмүүстэй их уулзаж байна, бас хүмүүсийг холбох, уулзуулах гээд ажил оволзож байгаа.
- Хятадад байнга ирдэг манай бизнесмэнүүд бас боддог байхаа. Энэ том зах зээлд орж өрсөлдөж үзэхсэн гэж. Жижиг үйлчилгээний салбарт л эвтэйхэн бизнес эрхэлчихэд овоо мөнгө олчихмоор том зах зээл. Манай бизнесмэнүүдэд Хятадын зах зээлд орж өрсөлдөх боломж бий юу? Тийм хандлага, санаачилгууд элбэг үү?
- Энэ бол хэцүү асуудал. Хятадын том зах зээлд монголчууд орно гэдэг амаргүй л дээ. Орох гэсэн хандлагууд байгаа. Гэвч амжилтгүй байгаа. Эндхийн бичиг цаасны зохицуулалтын ажил амаргүй л дээ. Дараалал хүлээлэг ч ихтэй. Олсон мөнгөө гэхэд л эргүүлээд гаргаж авахад амаргүй. Ер нь Хятадын зах зээлд өрсөлдсөнөөс Монголынхоо зах зээл дээр илүү санаачилгатай ажиллах нь эрсдэл багатай гэж санадаг.
- Хятадын бизнесмэнүүд манай ямар салбаруудыг түлхүү сонирхож байгаа вэ?
- Сүүлийн үед нүүрсний уурхайнуудыг их сонирхож байна. Ер нь уул уурхай, ашигт малтмалын салбарыг нилээн сонирхож байгаа даа. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах болсноос хойш нэг хэсэг жаахан ажиглах маяг ороод байна. Тушаал, шийдвэр, лиценз гээд ямар журамтай болох юм бол, хөрөнгө оруулагчдад тэр нь хир үр ашигтай юм. Хэдийнээс тэгээд тэр шинэ журмууд нь үйлчилж эхлэх юм гээд анхаарч хүлээж байгаа нилээн асуудлууд бий. Гэхдээ бид өнөөдөр Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа гол болгон барьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулсанаас хойш дахин засагдаж өөрчлөгдөөгүй үйлчилж байгаа. ГХО-ын тухай үйлчилж байгаа энэ хууль нилээн сайн хууль. Хятадын бизнесийн салбарынхантай хамтран ажиллахад манай бизнесмэнүүдэд тохиолддог гол бэрхшээл бол хэлний асуудал. Хятад хэлээр мэргэшсэн, сургуулийг нь төгссөн зөндөө сайхан монгол залуучууд байгаа шүү. Тэднийгээ л сайн татаж ашиглахгүй бол бид ашиг, боломжоо маш их алдаж байна гэж зөвлөмөөр байна.
- Та бид 2 аялал жуулчлалын сурталчилгааны арга хэмжээн дээр уулзаад байна л даа. Тэгэхээр хоёр талын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд яваа вэ? Хятадын жуулчид Монголд аялж жуулчлах сонирхол хир байдаг вэ? Манайхаас бас Хятадад жуулчид олон ирдэг үү?
- Аялал жуулчлалын салбарын хувьд хоёр тал нэг асуудлыг харилцан тохироод хэрэгжүүлж эхлэх шатандаа явж байна. Энэ бол тал талдаа групп жуулчин хүлээн авах, аялуулах асуудал. Групп жуулчин солилцоход гол ололттой тал нь, жуулчдад визний хүндрэл гарахгүй болно. 2-рт, жуулчлалын визээр харлаж үлдэх асуудал зохицуулагдана. Ийм таатай нөхцөл бүрэлдэж байгаа. Энэ асуудлаар манай Элчин сайдын яам, Консулын газар Хятадын талын холбогдох байгууллагуудтай ямар журмаар групп жуулчин солилцохоо нарийн тохирох ажил үлдээд байгаа. Монголчууд бол Хятадад ирэх асуудал чөлөөтэй шүү дээ, визгүй зорчдог болохоор. Гол нь нэг сарынхаа хугацаанд багтаад л жуулчлаад буцна уу, юмаа үзнэ үү, эмнэлэгт үзүүлнэ үү, shopping хийнэ үү, худалдаа наймаа хийнэ үү, чөлөөтэй. Хятадын талаас зорчиход бол заавал виза авдаг. Виза авах тийм амар биш, Монголоос урилга авчруулна, урилга нь Гадаад яамаар баталгаажсан байх ёстой гээд чирэгдэл ихтэй байдаг. Тиймээс групп жуулчингийн асуудлыг шийдээд жигдрүүлчихвэл аль аль талдаа жуулчдынхаа тоог нэмэгдүүлэх, бие биеийнхээ улс орон, амьдрал ахуйтай танилцах боломж улам өргөжих юм.
Баярлалаа. Та өөрөө бизнес эрхэлдэг хүн байсан. Тиймээс энэ туршлагадаа үндэслэн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг үр ашигтай гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд улам их хувь нэмэр оруулаарай гэж хүсье.
|