Хятадын төв нутагт онцлог шаазантайгаараа хорвоо дэлхийд нэрд гарсан нэгэн сайхан хот байдаг юм. Энэ бол даруй Жин дэ жэнь болно.
Жин дэ жэнь, Хятадын төв нутгийн Жян ши мужийн нутагт байрладаг. Энэ хотыг шаазангаар чимсэн хот гэж хэлэхэд жаахан ч илүүдэхгүй юм. Учир нь энэ хотод шаазан тоосгоор босгосон хэрэм хана, шаазангийн хэмхэрхий шигтгэсэн зам гудамж, замын шаазан дэн, шаазан баримал, будагтай шаазангаар хийсэн ханын зураг гэхчлэн бүх юуманд л шаазан орсон байдаг. Мөн Жин дэ жэний үйлдвэрлэсэн "Мао Зэ дүнгийн хэрэглэдэг байсан шаазан", Шанхайн "АПЕК"-ийн хэрэглэдэг шаазан, төрийн зочид буудлын хэрэглэдэг шаазан зэргийг хүмүүс маш их сонирхдог байна. Жин дэ жэний шаазан нь хаш шиг цагаан, цаас шиг нимгэнээрээ хорвоод алдаршсан юм. "Дэлхийн аялал жуулчлал" зэрэг Хятадын хотуудын 31 сонин 2006 онд "гадаадын жуулчдын хамгийн очууштай Хятадын 50 газар" хэмээх арга хэмжээ зохиосонд Жин дэ жэнь 19-р байранд жагсаагдсан байна. Жин дэ жэнь нь мөн энэ шаазангаараа онцлог болж тодорсон аж.
Жин дэ жэний шаазангийн онцлог нь юм юман дээр л илэрч байдаг. Ялангуяа Ли нүн буюу хот доторхи жижиг гудамжуудад энэ онцлог нь бүр их ил тодорхой байдаг юм. Түүхэндээ Жин дэ жэний Ли нүн хэмээх жижиг гудамжуудын айлууд нь өмнө талдаа аралжаа хийж, арын хашаандаа шаазан үйлдвэрлэж байжээ. Хэд хэдэн зуун өнгөрөхөд эдгээр нутгийн газарт булагдсан хаягдмал шаазангууд болон шаазангийн хагархайнууд нэмэгдэн зузаарч, өнөө харин эдгээр нь бүр их үнэ цэнэтэй ховор дурсгалт зүйлүүд болж, хүмүүс барилга байшин барихдаа байнга л эндээс нь ийм ховор юм оллоо гэтэл тэндээс нь тийм нандин зүйл гарлаа гээд шуугидаг болсон байна.
Шаазан гудамж гэдэг бол Жин дэ жэний шаазангийн онцлогийн хамгийн их төлөөлөх чанартай нь юм. Уг гудамж Жин дэ жэний хуучин хотын тойргийн төвд байрладаг. Тухайн нутгийнхан үүнийгээ Жин дэ жэний шаазангийн соёлын бүрэлваа гэж нэрэлдэг байна. Энэ гудамжийг чухам яагаад шаазангийн гудамж гэж нэрэлдэг болсон тухайд их олон үлгэр домог байдаг юм.
|