Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао удахгүй Японд айлчлах гэж байна. Энэ айлчлал нь Хятад Японы дээд хэмжээний айлчлал 5 жил тасалдсаны эцэст Хятадын удирдах хүн Японд анх удаа айлчилж байгаа хэрэг юм. Мөс хайлуулах хэмээгдсэн энэх айлчлал нь Хятад Японы эдийн засгийн солилцоог хэрхэн ахиулж, хоёр орон хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд ямаршуухэн шинэ хандлага гаргадаг бол? Манай радиогийн сурвалжлагч энэ асуудлаар Хятадын Худалдааны Яамны мэргэжилтэн болон Японоос Хятадад суугаа аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөөс ярилцлага авлаа.
Хятадын Худалдааны Яамны олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн профессор Шю Чан-вэнь танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад Японы худалдааны хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. 2006 онд хоёр орны худалдааны нийт хэмжээ 200 тэрбум ам доллараас давж, эдийн засаг худалдааны харилцаа жил ирэх тусам гүйнзгийрч байна. Гэвч сүүлийн жилүүдэд Хятад Японы худалдааны ахиц төдий л их биш байгаа. Японтой хийсэн худалдааны хэмжээ нь Хятадын бүх гадаадтай хийсэн худалдаанд эзлэх хувийн жин ч буурсаар байна гэжээ.
Энэ хэдэн жил бидний Европын холбоо, Америк, БНСУ-тай хийсэн худалдааны хэмжээ бүр 20 хувиас дээш нэмэгдсэн. Гэтэл Японтой хийсэн худалдааны хэмжээ арван хэдхэн хувь л нэмэгджээ. Үүнээс гадна, бидны худалдааны хувийн жинд эзлэх Хятад Японы худалдааны хэмжээ ч буурсан байна гэжээ. Тэгвэл ямар шалтгаанаас Хятад Японы худалдааны хэмжээ буурч байна вэ? Энэ талаар Шю Чан-вэнь ийм хоёр талын хариулт өгч байна.
Нэгд, улс төрийн харилцааны талаас авч үзвэл, Коизуми Жуничиро Яасукуни сүмд мөргөл үйлдсэнээс болж, энэ хэдэн жил Хятад Японы харилцаа гаарч, дээд зиндааны айлчлал 5 жил тасалдав. Улс төрийн талаас болж хоорондын айлчлал тасалдсан нь эдийн засаг худалдааны хэлхээ холбоонд шууд нөлөөлсөн байна. Хоёрт, эдийн засгийн талаас авч үзвэл, сүүлийн жилүүдэд Япон "Хятад+1" гэдэг эдийн засаг худалдааны арга барилыг хэрэгжүүлсэн байна. Энэ хэдэн жил харилцаа тааруухан болохоор Азиас өөр нэгэн орон юм уу газар нутгаар Хятадыг орлуулж, эсвэл Хятадтай байх эдийн засаг худалдааны хэмжээгээ багасгах шаардлагатай байна. Энэ нь хэрэг дээрээ Японы аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлд ороход нөлөөлсөн байна. Ялангуяа 2006 онд Японы аж ахуйн нэгжийн Хятад дахь хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буурчээ.
Энэ удаагийн айлчлалаараа Хятад Японы эдийн засгийн хамтын ажиллагааны механизм тогтоохтой холбогдуулан ерөнхий сайд Абэ Шинзотой хэлэлцээ хийнэ гэж Вэнь Жябао саяхан илэрхийлсэн. Худалдааны Яамны олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн туслах академич Ван-ле энэ тухай хэлэхдээ, хэрэв хоёр тал, удирдах хүмүүс хоорондын хэлэлцээр, тухайлбал эрчим хүч, байгаль орчин зэрэг талаар хамтран ажиллавал нэлээд сайн үр дүнд хүрэх ёстой. Хятад Япон хоорондоо хэрэв улс төрийн тааламжтай харилцаа, харилцан итгэлцсэн байдлыг баталж чадвал эдийн засгийн хөгжлийг урт хугацаа, ашигтайгаар нөлөөлж болно гэжээ.
Хятадын зах зээлд идэвхтэй ажиллаж байгаа Японы аж ахуйн нэгжид авч хэлбэл, Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлал тэдэнд нэн аятай сайн уур амьсгал бий болгох нь дамжиггүй. 1974 онд Хятадад агаарын шугам анх нэвтрүүлсэн Японы агаарын тээврийн хамгийн том компани болох Японы агаарын тээврийн компаниас Бээжинд суугаа ерөнхий төлөөлөгч Фукада Макото сурвалжлагчдад хэлэхдээ,
Хятадын удирдах хүний Японд хийх энэ удаагийн айлчлал нь нэн бодит чанарын солилцоог ахиулж, Япон Хятадын харилцааг цаашид сэргээх болно. Тэд агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар хэлэлцээ хийх байхаа гэж би бодож байна. Үүнийг ч бид маш хүсэн хүлээж байна. Энэ он бол Япон Хятадын соёл спортын солилцооны жил. Мөн хоёр орны харилцаа хэвийн болсон 35 жилийн ой тохойж байна. Өнөө бид Хятадын дотор газарт хүрэх түрээсний онгоц нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/
|