
2007 Хятад БНСУ-ын харилцааны жилийн нээлтийн ёслол 10-ны орой БНСУ-ын нийслэл Сөүл хотын улсын театрт баяр ёслолын байдалтай болсон байна. БНСУ-д айлчилж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао болон БНСУ-ын ерөнхий сайд Хан Дук-Су нар нээлтийн ёслолд оролцсон байна. Хятад БНСУ-ын хүн ардын сэтгэл зүрхний хэлхээ холбоогоор дамжин, найрамдалд тус дөхөм үзүүлэн, хөгжил хайж, үргэлжлэн урагшлан дэвшиж, Хятад БНСУ-ын эвсэг найрамдуу, цэцэглэн хөгжсөн, сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулахыг хүсч байна гэж Вэнь Жябао илэрхийлсэн байна.
Нээлтийн ёслолыг Хятад БНСУ-ын урлагийн зүтгэлтнүүд хамтран удирдаж, Хятад БНСУ-ын хөтлөгч хамтдаа хөтөлсөн байна.
Энэ онд Хятад БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой болно. Энэ оныг Хятад БНСУ-ын харилцааны жил болгож, үүгээрээ хоёр ард түмний бие биеийн ойлголцол найрамдалд тус дөхөм үзүүлж, хоорондын тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхээр Хятад БНСУ-ын тэргүүн нар 2005 оны сүүлчээр шийдсэн юм. Хятад БНСУ-ын харилцааны жилийн үйл ажиллагаануудыг сайн зохион байгуулахын төлөө, Хятад БНСУ-ын хоёр тал холбогдох салбарын хариуцлагатай хүмүүсээр бүрэлдсэн зохион байгуулах комисс байгуулсан бөгөөд тусгай вэб сайт гаргасан байна. Харилцааны жилийн үйл ажиллагаа хэдэн арван төрөл зүйл байгаа бөгөөд улс төр, эдийн засаг, соёл боловсрол, биеийн тамир спорт зэрэг олон салбарыг хамарч байгаа юм.
10-ны үдээс өмнө БНСУ-д хүрэлцэн очиж айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хийгээд БНСУ-ын ерөнхий сайд Хан Дук Су халуун алга ташилтын дунд хамтдаа тэргүүлэгчдийн индэрт гарч, сэтгэл хөдөлгөм үг хэлсэн байна. Хан Дук Су хэлэхдээ, БНСУ болон Хятад нь газар зүйн талаар ойрхон, соёлын талаар адилавтар, эдийн засгийн талаар харилцан нөхвөрлөх чанартай юм. Үүнд тулгуурлан, хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш, улс төр, соёл, эдийн засаг зэрэг салбар дахь харилцаа нисэх мэт түргэн хөгжсөн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Соёлын солилцооны талаар Хятад улс нь шинэ цагийн, кино телевиз зэрэг салбарт " БНСУ-ын урсгал"-тай болж, БНСУ нь худалдаа наймаа, гадаадад сурах, аялал жуулчлал зэрэг салбарт " Хятадын салхи" сэвэлзүүлэв. Хоёр орны иргэдийн харилцаа өргөжиж, гүнзгийрэн хөгжиж байгааг энэ нь харуулж байна. Өнөөдрийн нээлтийн ёслол нь БНСУ болон Хятадын найрамдал болон хамтын ажиллагааны түүхэнд гүн дурсамж үлдээхийг хүсч байна гэжээ.
Вэнь Жябао хэлсэн үгэндээ, хэдэн мянган жилийн тэртээгээс, Хятад БНСУ нь найрсаг харилцааны түүхтэй юм. Соёл болон худалдааны харилцаа нь хоёр орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлсэн төдийгүй эртний дорно дахины соёл иргэншлийн түүхэнд баялаг агуулга нэмсэн юм. Манай хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь найрсаг харилцаа нь хоёр ард түмний гүн зузаан найрамдалтай байсан нь хоёр орны найрамдалд бат бэх үндэс суурь тавьж өгсөн юм гэж тэмдэглэсэн байна.
Тэрээр хэлэхдээ: Найрсаг харилцаа нь ерөөс Хятад БНСУ хоёр орны харилцааны гол агуулга болсоор ирсэн юм. Өнөөдөр бид хамтаар Хятад БНСУ-ын харилцааны жилийн үйл ажиллагааг зохион явуулж байгаа нь зүрх сэтгэлийн солилцоогоор дамжин, найрамдалд тус дөхөм үзүүлэн, хөгжил хайж, урьдахыг залгамжлан хойч үед зам нээж, хамтаар эвсэг зохицонгуй, цэцэглэн хөгжсөн, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө юм гэжээ. Хятад БНСУ-ын уран сайханчид хоёр орны 1500 гаруй үзэгчдэд гайхамшигт сайхан тоглолт тоглон сонирхуулсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|