Бээжин хотод эрс тэс уур амьсгалтай өдрүүд өнгөрч байна. Урьд өдөр нь хурц нартай ширүүн салхитай байснаа маргааш нь үүл манан буусан бороотой өдөр болох жишээтэй. Дээр нь гэр бас хүйтэн зэвэргэн. Энд 3 дугаар сар гаруут л халаалт зогсчихдог юм байна. Хүмүүс хэлэлцэх нь энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хавар орой эхэлж байгаа юм байх. Гэсэн ч хавар бол хавар. Модны мөчрүүд гөлөглөж, өвс аль эрт ногоорсон.
Манай ажлын гол байрны гадаах цэцэрлэгт олон төрлийн модод ногоорох нь ногоорч, цэцэглэх нь цэцэглэж эхэлсээн. Тэнд бас хэдэн сакура мод ургадаг юм билээ. Хэсэг сэтгүүлчид цайны цагаар тэр хэдэн модыг байнга арчилж харагддаг юм. Япон хэлний редакцынхан гэнээ. Дурсгалын тууз уясан тэр хэдэн модыг японы сонсогчид тус радиод бэлэг болгон илгээсэн юм байна. Бүр онгоцоор тээвэрлэж авчирсаан гэж цэцэрлэгээр алхаж явахдаа хамт ажилладаг нөхөр маань надад сонирхуулж ярилаа. Сакура моддын хажууханд "Найрамдлын ой" нэртэй солонгосын сонсогчдоос ирүүлсэн нарс модны төгөл байх. Солонгос редакцийнхан мөн л эргэж тойрч тордож яваа нь харагддаг.
Өвс, моддын ургаж цэцэглэхтэй зэрэгцээд Бээжин хот даяараа мод тарих, таримал зүлэг суулгах, цэцгийн мандлуудаа сэргээх ажлаа эхлүүлжээ. Цэцэг, зүлгээ арчлан сэргээх нь цэцэгчдийн жилийн турших ажил бол мод суулгах нь хавар хаврын бүх нийтийн үйлс гэнээ. Бүх Хятадын мод тарьж ойжуулах хороо, Хятадын хүрээлэн байгаа орчныг хамгаалах нийгэмлэг гээд ойжуулалтыг тусгайлан хариуцдаг төрийн болоод төрийн бус байгууллагууд мод тарих олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан сурталчлахын зэрэгцээ иргэд ч өөрсдийн санаачилгаар мод тарих ажилд тун идэвхтэй хандаж байна. 4 дүгээр сарын 1-ний өглөө манай байрны хэдэн настайчууд хүүхдээ дагуулан гарч байрны гадаах цэцэрлэгт суулгац нэмж, хуучин моддыг нь арчлан тордож байлаа. Ач нь боловуу гэмээр 15,6 насны хүүд шинэ суулгац тарих аргыг нямбайлан сургаж байгаа настан сайхан харагдаж байналээ. Амралтын өдөртөө ч гол нь биш ерөөсөө 4 дүгээр сарын 1-нд мод тарьдаг өдөр юм байна. Энэ жилийн хувьд Бээжин хотын оршин суугчдын албан журмын мод тарих 23 дахь өдөрлөг зохиогдож байгаа гэнээ. Анх 23 жилийн тэртээ Дэн Сяопин дарга өөрийн албан журмын модоо тарьж энэхүү арга хэмжээг сүр хөдөлгөөнтэй эхлүүлж байсныг нөхдүүд маань дуртайяа дурсан ярина. Түүнээс хойш "Албан журмын мод тарих өдөрлөг" тасарч байсангүй. Улам эрчтэй болж олон нийтийг хамруулж чадсанаар "Умардын хамгаалалтын бүс" төсөл тун амжилттай хэрэгжиж бүс нутгаа цөлжилтөөс хамгаалахад бодитой үүрэг гүйцэтгэсэн гэж бахархах улс олоон. Хү Жинтао дарга энэ өдөр Олимпийн ойн цэцэрлэгт хүрээлэнд очиж Бээжин хотын иргэдтэй хамт албан журмын модоо тарьсан нь мэдээллийн хэрэгслүүдийн энэ өдрийн гол сэдэв байлаа. "Бээжингийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэн нь" 2008 оны Олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрладаг. Бээжингийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд нийт 510 мянга гаруй мод тарихаар төлөвлөж байгаагаас 330 мянган ширхэгийг тариад байнаа гэж албаны хүн ярьж байлаа. Мөн Бээжингийн Ши Сань лин буюу 13 хааны бунхны цөөрмийн цэцэрлэгт "Олимпийн наадмын сайн дурынхны ой" байгуулагдсныг зарлаж Бээжингийн Олимп болон пара Олимпийн сайн дурын ажилтнаар элсэхээр бүртгүүлээд байгаа 1000 гаруй залуучууд энэ өдөр Олимпийн ойд 2008 ширхэг майлс мод суулгасан гэнээ. Албан журмын мод тарих өдөрлөгийн ажлыг дүгнэж ярьсан албаны хүн улс орны хурдацтай хөгжил, дэлхийн цаг агаарын өөрчлөлт, цөлжилт зэрэг асуудалтай холбоотойгоор Хятадын нутаг дэвсгэрт мод тарьж ойжуулах ажил шинэ агуулга, сорилттой тулгараад байгааг анхааруулаад, 2006 онд нийт 5 сая 200 мянган га газарт мод тарьж, албан журмын чиглэлээр 2 тэрбум 200 сая мод тарьсан гээд энэ жил түүнээс хавьгүй илүү тоо гарах хандлагатай байгааг мэдэгдэн уриалж байлаа.
4 дүгээр сарын 2-нд ажилдаа ирэхэд ажлынхан маань албан журмын модоо таривуу гэж тоглоом хийж байналээ.
Мод тарихтай зэрэгцээд аялал жуулчлалын салбарынхны ажил эрчээ авч байгаа бололтой. Өнгөрсөн 7 хоногт Хятадын Ванго Тур аялал жуулчлалын компаниас зохион байгуулсан Аялал жуулчлалын сурталчилгааны арга хэмжээнд оролцлоо. Ванго тур компани үйл ажиллагаагаа сурталчилж, гадаадын түнш байгууллагуудаа танилцуулан иргэдийг найдвартай компаниар үйлчлүүлэн гадаад орнуудаар аялж жуулчлахыг уриалж мэдээллээр хангадаг арга хэмжээ аж. Ийм арга хэмжээнүүд хаа сайгүй зохиогдож байгаа бололтой. Элчин сайдын яамдын аялал жуулчлалын асуудал хариуцсан албаны хүмүүс, аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчдийг урьж оролцуулсан энэ арга хэмжээнд Хятадын урлаг, соёлын одууд оролцож Ванго тур компаниар үйлчлүүлж гадаад орнуудаар аялж зугаалахыг уриалж байналээ.
Үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн цэцэглэдэг цагаар хятадад нэгэн гунигтай мөртөө гэгээн баярыг тэмдэглэдэг юм байна. Өвлийн нар мандсанаас хойшхи 105 дахь өдөр тэмдэглэдэг энэ баярыг Чин минь буюу Нас барагсдаа дурсах өдөр гэнэ. Энэ жилийн хувьд 4 дүгээр сарын 5-нд Чин минь тохионо. Гэр, байрныхаа булан тохойд ямар нэгэн юм шатааж бөртөлзөх хүмүүс цөөнгүй харагдах болсон юм. Гэтэл Чинминь-г угтан цаасаар урласан хувцас эдлэлээс авахуулаад мөнгө төгрөг, машин тэрэг хүртэл урлан нас барагсаддаа илгээж байгаа нь тэр гэнэ. Энэ баярыг нутаг нутагт өөр өөр ёс заншлаар тэмдэглэдэг уламжлалтай. Яг Чин минь-ий өдөр бол нас барагсдынхаа хөшөөн дээр очиж орчныг нь цэвэрлэн өргөл өргөдөг гэнэ. Бас гал гаргадаггүй, халуун хоол унд хэрэглэдэггүй гэх юм билээ.
Энэ баярын үүслийн тухай ардын дунд яригддаг олон домог бий. Нэгийг нь яръя. Эрт урьдын цагт манай эриний өмнөх 4 дүгээр зууны үе юмуу даа. Цин улсын үед Хан хүүгийн харъяат Це Цзытуй нэртэй баатар эр амьдардаг байж. Хан хүү гүтгэгдэн суудлаасаа зайлуулагдаж, хөөгдөх болж гэнэ. Хээр хөдөө хөөгдөн тэнэж хоол унд ч үгүй, өвчин зовлонд нэрвэгдэн үхэхийн ирмэгт тулаад байхад нь түүний үнэнч баатар Це Цзытуй гуяныхаа махнаас огтлон идүүлж амийг нь аварчээ. Сүүлд Ханхүү ордонд эргэн ирж хаан болоод үнэнч баатрынхаа тусыг ор тас мартаж гэнэ. Цзе Цзытуй энэ явдалд тэсэлгүй гомдон ордныг орхин ууланд гарч тэнүүлчин болох замыг сонгожээ. Хэсэг хугацааны дараа Хаан үнэнч баатраа дурсан түүнийг авчруулахаар зарц нараа илгээж гэнэ. Гэтэл Цзе Цзытун хаанд бараалхахыг хүссэнгүй. Энэ мэдээ хааныг хилэгнүүлж суугаа ойг нь шатааж байгаад барьж ирэх зарлиг буулгажээ. Цзе Цзытуй харин ач мэддэггүй хаанд үйлчилснээс шатаж үхэх замыг илүүд үзсэн гэдэг. Хаан ихэд эмгэнэж баатрынхаа нугаршүй бат зан чанрыг хүндэтгэн жил бүрийн баатрынхаа нас барсан өдөрт гал гаргахыг цээрлэн зарлигдсан гэдэг.
Эрхэм сонсогчид оо, ургамал модод амилан сэргэсэн, дээр нь албан журмын мододтой бас Чинминьтэй хаврын өдрүүдийн тэмдэглэлээ хүргэлээ.
|