Цайны гэр /Tea House/ гэсэн хаягийн дэргэдүүр та олонтаа өнгөрсөн боловуу. Бас орж үйлчлүүлдэг ч байж мэднэ. Тэнд хоол унд байхгүй. Зөвхөн цай л ууна. Гэхдээ дорнын өвөрмөц соёлын нэг цайны ёс уламжлалын дагуу чанасан цай. Би "Чин Юань" буюу "Цэвэр тунгалаг хувь ерөөл" нэртэй цайны гэрийн үүдээр хэдэнтээ өнгөрч гарсан юм. Тэрүүгээр явах бүрт үүдэнд нь үндэсний хувцастай зочин угтах охид үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хүндэтгэн угтаж дотогош оруулж харагдана. Цайны гэрийн гаднах байдал ч ойр хавийнхаа бусад үйлчилгээний газруудаас өөр, өвөрмөц. Дорнын барилгын хэв загвар үүд хаалганаас нь эхлээд л мэдрэгдэнэ. Ийшээ ямар хүмүүс ордог вэ гэж нэгэн боловсон танилаасаа би асуусан юм. Бичиг номын хүмүүс, ёс уламжлал гүн шингэсэн намуухан орчинд чин сэтгэлийн яриа дэлгэн бие биедээ хүндэтгэл илэрхийлэх гэсэн хосууд, найзууд, дорнын соёлын өвөрмөц нэгэн талыг мэдрэх хүсэлтэй гадаадынхан ирдэг гэж надад хариулсан.
Цай чанах шавар данх, түүнийг хийсэн шавар, данхны дээрх инээд алдсан бүдүүн хүүхэд, бусад хэрэгслүүд гээд бүгд утга учиртай гэнээ. Монголчуудыг нэг талаараа европ соёлтой улс гэдэг. Нээрээ ч нэгэн герман найзын маань өгүүлснээр усны халуун хүйтний хэмжээ, цай чанах данхыг хийсэн шаврын чанар гэхчлэн зүйлээс цайны амт шалтгаална гэхэд нэг л үнэмшихэд бэрхтэй. Гэсэн ч энэ бол дорнын олон орны ард түмний хэдэн мянган жилийн турш дагаж мөрдөж ирсэн уламжлалт, гүн утгат соёл гарцаагүй мөн. Ардын энэхүү уламжлалт соёлыг шинжлэх ухаан ч үгүйсгэж байсангүй. Үнэндээ усаа нарийн аргаар халааж буцалгалгүйгээр хэрэглэх нь усны бие махбодид тустай бодисуудыг хувиргалгүйгээр хүний биед шингээнэ. Цайны навчинд хүний биед тустай болоод хортой бодисын аль аль нь бий. Данхны дотрох шаврын бүтэц нь навчны хортой хэсгийг шүүж авахад оршдог байна. Хятад цайны ёслолд өвөрмөц аргаар хийж он удаан жил хатааж бэлдсэн шавар данх чухал үүрэгтэй байдгийн учир тэр. Ингээд шавар данх, чанартай цай, тусгай ус, цайны мастер, юунд ч яаралгүй цай уун тухлахаар дотоод сэтгэлээ бэлдсэн зочин зэрэг нийлээд цайны ёсыг үйлдэнэ гэнээ.
Удалгүй надад цайны гэрт суух урилга ирэвээ. Урилгыг би хүндэтгэл хэмээн ойлгож баярлан хүлээн авлаа. Тэгээд нөгөө хотын захдуу хороололд оршдог "Цэвэр тунгалаг хувь ерөөл" нэртэй цайны гэрт орж үзсэн юм. Дотроо мөн л гаднах шигээ хятадын өвөрмөц соёл уламжлалыг илтгэх пийпаа хөгжим намуухан эгшиглэсэн жижигхэн танхимтай. Ширээнүүдээ хоёр болоод түүнээс дээш хүмүүс суухад зориулан засчээ. Танхимын булангууд болоод багануудыг тойруулан янз бүрийн хэлбэр хийцийн цайны хэрэгслүүд байрлуулжээ. Хана, цонхны тавцангуудыг бол уламжлалт хөгжмийн зэмсгүүдээр чимэглэсэн байна. Танхимын адарт тоглолтын талбай засч хөгжимчид үндэсний аялгуу маш намуухан тоглох юм. Гадна угтсан бүсгүй биднийг дагуулан дотор үйлчилгээний бүсгүйдээ хүргэж өглөө.
Мөн л үндэсний хувцсаа өмссөн дотор үйлчилгээний бүсгүй биднийг дагуулан ширээнүүд харуулж сонгууллаа. Ширээнүүд нь сүрлэн ханаар тусгаарласан байх. Ингээд ширээнд суусны хойно өөр нэг үйлчлэгч бүсгүй цайны хэрэгсэл өрсөн тавиур барьсаар ирж ширээний буланд байрлууллаа. Ширээнүүдийн цаахна хагас хаалтын цаана цайны мастер захилагын цайнуудыг бэлтгэж байгаа нь харагдана. Энэ хүний цайгаа хийж байгаа нь бүх ширээнээс тодорхой харагдах юм. Энэ оройн уух цайг би сонголоо. Тухайн цайны үүсэл гарлын домог, хүний биед нөлөөлөх үйлчилгээ, хаана тариалдаг гээд бүхнийг нарийн танилцуулсан чамин хийцтэй цэсээс цайгаа сонгоно. Тунгалаг цай, ногоон цай, улаан цай, ү лүн цай гээд олон төрөл цайн дотроо ногоон цай гэхэд л хэдэн арван янзын сонголттой. Бид цайны тариалалтаараа алдартай Ханжоу мужийн Шихун нуурын хөвөөгөөр ургадаг Лүнжин гэдэг цай уулаа. Шихун нуурын ойролцоо Лүнжин нэртэй эртний сүм, Луугийн худаг нэртэй худаг байдаг гэнэ. Энэ 2-оос сэдэвлэн энэхүү цайг нэрийджээ. Нэг аяга нь 100 юань, ус нэмэхэд 10 юань. Гэхдээ 100 юаниий цай эндхийн хямдавтар цайнд орно, цайныхаа чанараас шалтгаалан үнэ нь янз бүр, хамгийн үнэтэй цай аяга нь 850 юань байгаа харагдсан. Амьд хөгжим аяархан эгшиглэж, үнэдсний хувцастай цэвэрхэн охин намуухан хөдлөн цай аягалах тэр ахуйд цөөхөн хүн ярилцаж сууна. Маш энгийн хир нь эрхэмсэг энэ ахуй хүнд байгаагаараа байх, үнэн ярих орчин болдог шигээ.
Ёслол гэдэг үг англи гаралтай, 17, 18 зууны үеийн ордны амьдралын лотоод хэв дүрэм, язгууртнуудын амьдарлтай холбоотой үүссэн үг. Гэхдээ хятадууд бол өөрсдөө цайны ёслол гэж нэрлэдэггүй бололтой. Харин цайны урлаг, цайны ёс буюу ча и, Дао-д хүрэх зам буюу ча дао гэх утгатайгаар хэрэглэж хэвшжээ. Цайны ёс, урлаг нь мөн л дээдсийн амьдралаас үүдэлтэй. Харин ча дао бол дотоод амар амгалан, итгэл, сайн сайхны ёс учрыг хайх эрэл хайгуулын нэгэн арга бөгөөд гүнзгий ёс учиртай нарийн дараалалтай үйл гэнэ. Энэ үйлийг аглаг буйд газар даяанчлан суудаг лам хүмүүс үүдсэн гэж тэмдэглэсэн байх юм билээ.
Хятадын цайны соёл Чин гүрний Цянь Лун /1736- 1795/ хааны үед гүнзгий ёс, дүрэмтэй болсон гэдэг. Цянь Лун хаан өөрийн тусгай цайны талбайтай байжээ. Тэнд нь 14 настай, хиртээгүй, үзэсгэлэнт охид ажиллаж, үүрийн туяа цайны навчин дээр тусахтай зэрэгцэн ургаж буй цайны навч бүрийг өлөн шүлсээрээ норгон усалдаг байжээ. Бас Цянь Лун хаан цайны олон төрлийн нарийн хэрэглэгдэхүүн бүтээлгэж, цайны магтуу, шүлэг, дууны төрөл зүйлийг хөгжүүлж, нэгэн зйүлийн цайны урлагийг үүсгэсэн байна. Хаан тайлбайдаа ургуулсан цайнаас нарийн ёс, хүндэтгэл үйлдэн хүртдэг гэнэ. Цай уух цагаас нь багахан хоцроох төдийд л хаан маш ихээр хилэгнэн уурлаж, ёс алдсан албатаа хатуу чанга шийтгэдэг байжээ. Цянь Лун хаан 88 насалсан бөгөөд эрүүл энх, цог жавхаатай их насаа цайтайгаа холбон үздэг байсан гэдэг.
Мянга сонсохоор нэг үз гэж ардын мэргэн үг бий. Цайны ёсын тухай ярихад энэ цэцэн үг бүр ч их хамаатай.
|