Л.Одцор бол Өвөр Монголын том яруу найрагч хүн. Тэрээр 35 жил найруулагчын ажил хийж, " гавьяат найруулагч"-ын цол хүртэж, 45 жил шүлэг бичихдээ төрийн шагнал тоссон хүн.
Жирмийн чуулганы Дархан хошууны Зоригт вангийн хороонд нутагтай Л. Одцор 1964 онд Өвөр Монэгллын багшийн дээд сургуулиас төгсөж, Өвөр Монголын сурган хүмүүжлийн хороонд ажлын хуваар авч, сэтгүүлчийн ажлыг олон жил хийв. Өнгөрөгч зууны 70-аад оны эхээр Зуу-уд аймагт ажил шилжиж, Баарин баруун хошууны радио нэвтрүүлэгийн газар, аймагийн захиргааны орчуулгын тасаг зэрэг газарт урьд хожид найруулагч, орчуулагчаар ажиллаж, далаад оны дундаар Лионингийн ардын хэвлэлийн хорооны Зуу-уд дэх монгол ном бичиг найруулж орчуулах тасаг байгуулагдсанд Л.Одцор тэнд хэдэн жил ажилласан байна. 1980 онд Л.Одцор Зуу-уд аймагийн утга урлагийнхны холбоонд шилжин ирж, " шар мөрөн" сэтгүүлийн тулгийн чулууг тавихад махран зүтгэсэн нь түүний ажил үйлсийн зам дах эргэлт, уран бүтээлийнх нь том үсрэлт гэж хэлж болох юм.
Л.Одцор бичгийн хүний хувьд үндэстэн угсаатандаа дандаа өртөй шиг бодогдож, бичгийн хүний ердийн есөн хүслийн төлөөний зовлон доторхи юм мэдсэн хэцүү зовлонд шаналж явсан бөгөөд яруу найрагчийн хувьд зөвхөн энх баян байгаль, элэг бүтэн хайрын тухай уран үг овоолж уянгалан дуулж суусан биш, харин " ус нь дундрахаар эрэг нь нурна, уул нь дундрахаар хад нь юүрнэ, ухаан нь дундрахаар тулга нь юүрнэ, үг нь дундрахаар бичиг нь юүрнэ, өв нь дундрахаар овог нь юүрнэ" гэж үндэстнийхээ хувь заяа, алс ирээдүйд санаашран зовж, түүхийн хариуцалгат сэтгэлээр урайлан хасгирч, монгол сэтгэлээрээ монгол сэтгүүлийнхээ, монгол соёлынхоо манаанд гарч, бүхэл 20 жил ажиллав. Энэ хугацаанд тэрээр " шар мөрөн" сэтгүүлийн ерөнхий редактор, Улаанхад хотын утга урлагийнхны холбооны даргийн тушаалд ажиллаж, " шар мөрөн" сэтгүүлээ зөвхөн монгол яруу найрагчдын ой билгээ сорих урлагийн тавцан төдий биш, нэн ч үндэстний соёлын ухамсраар алсыг харах бодлын өндөр уул болгохын төлөө урьд хожид долоо удаа билгийн чуулган эрхэлж, Улаанхадын зохион бүтээх эгнээг байгуулж хөгжүүлэхэд зүрхэн тамираа шавхаж, урлагийн нэрийг гутаахгүй, угсаанхаа нарыг хийртээхгүй гэж номхон шар шиг зүтгэж ирсэн юм. /Пэрлаймаа /" Өвөр Монголын өдрийн сонин"-оос найруулан буулгав/
|