Сайн байна уу? Эрхэм хүндэт сүлжээ хэрэглэгч танаа. Манай сурвалжлаг МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Ноён Сүрэнжавтай уулзаж, "Хятадын хөгжил дэлхийн хөгжилд хэр нөлөөтэй вэ? Тухайлбал хөрш зэргэлдээ Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа вэ?" гэсэн асуулт тавьж санал бодлыг нь яриулсан юм.
Сүрэнжав- Та чухал асуулт тавилаа. Аливаа улс орон хөгжин цэцэглэхэд муу, сөрөг зүйл огт байхгүй гэж санадаг. Аливаа улс орон, Засгийн газарт сайн сайхан хөгжлөөс илүү эрхэм зорилт гэж үгүй. Хүнийг хөгжүүлэх ёстой, нийгмийг хөгжүүлэх ёстой, өөрчлөн байгуулах ёстой. Хятад Улсын сүүлийн жилүүдийн өөрчлөн байгуулалт, 30-аад жилийн хөгжлийн явц нь дэлхий дахины хөгжилд ихээхэн шинэ зүйлийг авчирсан. Дэлхий дахины хөгжлийн хамгийн өндөр хурдац Хятадын сүүлийн 15 жилийн хөгжилд хамаарна.
Сүүлийн жилүүдэд Хятад Улс түүхэн том орноос дэлхийн хүчирхэг том гүрэн болон хувирч байна. Эдийн засаг нь хамгийн хурдан хөгжиж, нийгмийн хувьд хамгийн тогтвортой байгаа. Олон улсын нэр хүнд нь жилээс жилд өсч, тэр чинээгээрээ ард түмний амьдрал дээшилж, хөгжил нь өдрөөс өдөрт урагшилж байна.
Үүнийг ганц би хэлж байгаа юм биш дэлхий нийтээрээ хэлж хүлээн зөвшөөрч байгаа асуудал. Хамгийн урт хилээр залгаа оршдог манай орны хувьд Хятадын хөгжил мэдээж эерэг нөлөөтэй. Хөрш орон нь хөгжих нь зэргэлдээ улсдаа хэзээд сайнаар нөлөөлж ирсэн түүхтэй. Өнөөдөр Монгол, Хятад 2 улс үндсэндээ бүх салбарт амжилттай хамтран ажиллаж байна гэж би сурвалжлагч хүний хувьд, жирийн хүний хувьд бодож, баярлаж явдаг. БНХАУ, ОХУ 2 бол Монгол Улсын гол хөршүүд. Хөрш орнууд маань хөгжих нь бидэнд онц чухал ач холбогдолтой бас нөлөөтэй. Харин би хөрш орнуудынхаа хөгжлийн бодлогыг ойлгож, суралцах, судлах, ухаарах явдал нэн чухал гэдгийг хэлмээр байна. Ялангуяа урд хөршийнхөө хөгжлийн шинэ онолын талаар. Ний нуугүй хэлэхэд бидэнд энэ тал дээр дутагдал байна. Шинэ үеийнхэн хятад хэлийг сайн сураад Хятадын нийгмийн байдал болоод хятад хүнийг ойлгоод өнө мөнхийн хөрштэйгээ сайн харилцаатай явна гэдэгт би эргэлздэггүй. Өөрөөр хэлбэл Хятад улсыг ойлгох, Хятадын нийгмийн байдал, хөгжлийн эх сурвалжийг ойлгох тал дээр өнөөдөр манай монголчууд учир дутагдалтай байгааг ний нуугүй хэлэх хэрэгтэй. Хүсэхгүй, дургүйдээ биш, хятад хэл мэдэхгүйдээ, мэдээллэл хангалтгүй байгаагаас болж байна. Гэвч энэ асуудал удахгүй шийдэгдэх асуудал. Өнөөдөр манай монголын хүүхэд залуучуудын дунд хятад хэл судалж сурах явдал хэзээ ч байгаагүйгээр идэвхижин хөгжиж байна. Өнөөдөр Монгол, Хятад 2 улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хил худалдаа онцгой үүрэг гүйцэтгэж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 1997 оноос хойш шиг санаж байна. Хятадын Засгийн газрын орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтын 76%-г баруун буюу баруун хойд талын бүс нутгуудад оруулжээ. Хойд гэдэг нь Өвөр монгол, Ганьсү, Нин ша, Хөхнуур, Түвд, Шинжан, Уйгар гэсэн 6 муж юм. Тэгэхээр эдгээр мужууд хөгжинө гэдэг бидэнд бололцоо олгож байгаа хэрэг. Хятад, Монголын хилийн худалдаа жилээс жилд маш хурдтай хөгжиж олон боомтоор экспорт, импортын бараа бүтээгдэхүүн солилцож байна. Иймээс Хятадын хөгжил эргэн тойрныхоо орнуудад маш их нөлөөтэй, ач холбогдолтой юм. Энэ бол тун сайн хэрэг мөн гэж санаж байна. \Номин бэлтгэв\
|