• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-27 17:20:49    
Хонгконг -10 жил

CRI

      7 дугаар сарын 1 бол Шянган эх орондоо эргэн нэгдсэний 10 жилийн ойн онцгой тэмдэглэлт үйл явдлын гол өдөр. 1898 онд Их Британи Хятад улстай гэрээ хийн Хонконгийг 99 жилийн хугацаатай түрээслэн Шянганы жижиг арлуудыг Европ руу хандах усан замын гол боомтоо болгон ашиглаж ирсэн билээ. Ингээд гэрээний хугацаа дуусч 100 жил эх орноосоо ангид Их Британийн мэдэлд байсан Шянганы арлуудын хамгийн том нь болох Хонконг тэнгэр баганадсан өндөр барилгуудтайгаа, европ азийн холимог соёл иргэншилтэй хүн ардтайгаа эх нутагтайгаа золгосон билээ.

     Хонконгийн төв Засгийн ордонд байрлах Их Британийн тугийг буулган оронд нь Хятадын тугийг мандуулсан агшныг дэлгэцнээс харж суусан цаг саяхан. Нэгэн аравны тэртээ энэ өдрүүдэд дэлхийн хүн ард энэхүү сонин содон үйл явдалд анхаарал хандуулан гайхаж, эргэлзэж, шагших нь шагшиж, харамсах нь харамсаж байсан. Гэтэл цаг хугацаа алсалж даруй 10 жил өнгөрчээ. Сүүлийн бараг нэг сарын турш Бээжин хотын гол хэвлэлүүд энэхүү түүхэн тэмдэглэлт үйл явдлын 10 жилийн ойд гол нийтлэл, мэдээллүүдээ зориулж байна.

     Шянган эх орондоо эргэн нэгдсэний 10 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд ар араасаа үргэлжилж "Нэг улс хоёр систем"-ийн бодлого амжилттай хэрэгжсэнийг тунхагласаар...

     ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад Улсын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жинтао 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Шянганд ажиллаж, Шянганы эх орондоо нэгдсэний 10 жилийн ойн хүндэтгэлийн чуулган, баярын арга хэмжээнд оролцож байна. Мөн Шянганы Засаг захиргааны Онцгой районы 3 дахь удаагийн сонгуулиар гарч ирсэн Засгийн газрын шинэ удирдлагуудын албан тушаалдаа орох ёслолд оролцох юм байна.

     Хятадын Ардын чөлөөлөх Армийн Шянганд үүрэг гүйцэтгэж буй цэргийн анги салбарынхан 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Хятадын Ардын Чөлөөлөх армийн Жанжин Штабын орлогч дарга, хурандаа генерал Гэ Жэньфэн баярын ёслол дээр хэлсэн үгэндээ "Чөлөөлөх арми Шянганд орж байрласнаас хойшхи 10 жилд "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогын хүрээнд зохих хуулийн дагуу хамгаалалтын үүргээ амжилттай гүйцэтгэж, онцгой районы Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллаж, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж ирсэн"-ээ тэмдэглэжээ.

     Шянганы эмэгтэйчүүдийн байгууллагууд 10 жилийнхээ ойн хүрээнд "Шянганы шилдэг гэр бүл" шалгаруулах арга хэмжээг шат дараатай зохион байгуулж шагнал гардуулах ёслолын арга хэмжээг ёслол төгөлдөр хийлээ. Уг ёслолын үеэр сүүлчийн шалгаруулалтад багтсан 1000 гэр бүлээс "Шянганы шилдэг гэр бүл" 10-ыг, "Шянганы эв найртай гэр бүл" -20-г тус тус шалгаруулан тус тус нэг сая шянган долларын шагнал гардуулсан. Ёслолын үеэр эмэгтэйчүүдийн байгууллагуудын удирдлагууд гэр бүлийн төлөөлөгчид үг хэлж Шянган эх орныхоо мэдэлд шилжсэнээс хойш "Нэг улс хоёр систем", "Шянганчууд Шянганаа удирдана", "Бүрэн өөртөө засна" зэрэг бодлогууд амжилттай хэрэгжин, Шянганд хөгжил дэвшил болоод амьдрал оргилон буцалж байгааг мэдэгдэж байлаа.

     22-ний өдөр Шянганд болсон Шянганы тулгуур хуульд зориулагдсан олон улсын симпозиум дээр БХАТИХ-ын Байнгын хорооны Шянган районы тулгуур хуулийн комиссын орлогч дарга, хатагтай Лян Айши "Дэн Сяопин дарга "нэг улс, хоёр систем" гэсэн аугаа их үзэл баримтлал дэвшүүлж, Шянганыг эх орныхоо мэдэлд шилжүүлсэн нь хятад хүмүүсийн улс төрийн аугаа их шийдэл, оюун ухааны илэрхийлэл болсон" хэмээн мэдэгдсэн.

      Нийгмийн бүх л салбарынхан Шянганы эх орондоо нэгдсэний 10 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Хонконг гэхээр бидний хувьд Брюс Ли, Чаки Чан, Жэт Ли нарын тоглосон тулаант кинонууд хамгийн түрүүн санаанд буудаг. Тэгвэл Шянганы киноны салбарынхан ч Шянган эх орондоо нэгдсэний 10 жилийн ойг эх газрын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ёслон тэмдэглэсэн. Бээжин хотноо өнгөрсөн даваа гаригийн үдэш болсон киноныхны цэнгүүн оддын улаан хивсэн дээгүүрх алхалтаар эхэлсэн. Цэнгүүнд Зан Зи и, Гижи Лэун, Фэн Шаоган, Карен Мок нарын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа. Хонконгийн од Эрик Цан "энэ үдшийн үдэшлэг нэгэн гэр бүлийнхний бүжгийн цэнгүүн шиг маш халуун дотно, сайхан болж байна, үнэхээр сайхан байна. Хонконг, Шянганы жүжигчид хамтран Хятадын урлаг соёлыг дэлхийд сурталчлахын төлөө хамтдаа улам ихийг хийх болно" хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа.

     Киноныхны баярыг шинэ бүтээсэн киногүйгээр нь төсөөлөх аргагүй. Тэд Шянган эх орондоо нэгдсэний 10 жилийн ойд зориулан "Ноён Кино" нэртэй бүтээл хийж нээлтийн ёслолыг нь энэ үдшийн баяртай хамтатгасан юм. Антони Вон, Карен Мок, Роналд Чен, Тереса Мо нар гол дүрийг нь бүтээжээ. Шянганы нэгэн гэр бүлийн 40 жилийн амьдралыг энэ кино өгүүлнэ. Антони Вон Лао Зуо нэртэй өрхийн тэргүүн, Тереза Мо эхнэрт нь Роналд Чен хүүд нь, Карен Мок хүүгийнх нь найз бүсгүйн дүрийг бүтээжээ. Лао Зуо Тиананьминий талбайд очиж үзэх нэгэн насны мөрөөдлийнхөө тухай байнга ярьж явдаг, хятад орондоо халуун элгэн сэтгэлтэй хүн бол хүү нь байнга л мөнгө хийхийг мөрөөдөж явдаг нэгэн.

      Нэгэн гэр бүлийн хөгжилтэй гэмээр амьдралаар дамжуулан Хонконгийн 40 жилийн түүхийн сонирхолтой үеүдийг уран сайхны хэлбэрээр харуулсан энэхүү кино 6 дугаар сарын 21-нээс эхлэн Бээжин хот болоод Хонконгийн кино театруудаар гарч эхэлжээ.