ӨМӨЗО нь хил хязгаарын нутаг болохоор нэлээд алслагдсан, эдийн засаг нийгмийн байдал харьцангуй доогуур, байгаль экологийн тэнцвэр алдагдаж, байгалийн бэрхшээл /ган, зуд/ ихтэй, хөдөөгийн дэд бүтцийн байгуулалт ахиц муутай байсаар иржээ. Байгалийн нөөц баялаг ихтэй боловч нээн ашиглах чадвар сулаас эдийн засаг нийгмийн хөгжилд саад учирч байна гэж үздэг ажээ. Иймээс ХКН-аас баруун бүсийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөндөө ӨМӨЗО-ыг батгаасан байна. Баруун бүсийг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО өөрийн хөгжлийн төслийг боловсруулан гаргажээ. Үүнд: ӨМӨЗО-ы хил дагуу 18 боомт ажиллаж байгаагаас ялангуяа Эрээн, Манжуур зэрэг газрыг гол болгож нутгийн хойд бүсийн хөгжлийг түргэтгэн, олон улсын эдийн засгийн нээлттэй чөлөөт бүс болгохоор төлөвлөжээ.
1997 онд Манжуур дахь Хятад Оросын худалдааны бүсийг нээсэн байна. Манжуурын боомтоор Биньжоу шугам болон Сибирийн Приаргунскийн төмөр замыг холбож, Эрээн хотын төмөр замын хоёр шугамыг Монголтой холбож, улмаар Замын-Үүд болон Сибирийн их төмөр замтай холбохоор болжээ. Энэхүү хоёр боомт нь олон улсын тээврийг холбон хөгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Үүний зэрэгцээ Монгол, Орос хоёр улс руу чиглэсэн зах зээлийг нээх өргөн бололцоотой тул Хятадын төр засгаас олгож буй хөнгөлттэй бодлогыг бүрэн төгс ашиглаж, хилийн жижиг худалдаа, хил орчмын ард иргэдийн арилжаа наймаа, аялал жуулчлалын худалдаа, түүхий эдээ гаргаж боловсруулах, хил хавийн эдийн засаг техник мэргэжлийн хамтын ажиллагаа зэрэг арга хэлбэрийг сонгож, Монгол улс, ОХУ руу хандсан экспортын хэмжээг ихэсгэх зорилт тавьж байна. Эхэ хүрээнд нэгд, аялал жуулчлалын худалдаа, гаалийн бүртгэлийн асуудлыг сайтар шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Манжуур, Эрээн хотын гаалийн бүртгэлийн ажил одоохондоо тодорхой шийдвэрлэгдээгүй байгаа юм байна. Хоёрт, хилийн жижиг худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн гэрээг хүндэтгэн, харилцан итгэлцлэлийг баримтлахын сацуу тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, хилийн жижиг худалдааг хууль эрхийн дагуу үнэн зөв хэрэгжүүлэн, гадаадын худалдаачдын итгэл хүлээхийг зорьж байна. Гуравт, хяналт шалгалтын ажлыг хялбарчилж, удирдлагын бүрэн эрхийг зохицуулан ажлын бүтээмжийг дээшлүүлж, аж ахуйн нэгжид импорт, экспортоо өргөтгөх боломжийг илүү олгох, дөрөвт, Монгол, Орос хоёр улсад ӨМӨЗО-оос гаргасан аж ахуйн нэгжийн бөөний борлуулах төвийг байгуулж, борлуулалтыг өргөтгөхөөр тус тус заасан байна.
|