Израилийн засгийн газар Фатахын 250 гишүүнийг суллахыг зөвшөөрсөн нь ПҮЭБ-ын дарга Аббасад хүнд цохилт болсон юм. Өнгөрсөн долоо хоногт Израилийн тал мөн Аббасын тохоон томилсон онц байдлын засгийн газарт хэдэн зуун сая ам долларын орлон хураах татварын мөнгийг шилжүүлсэн юм. Израиль үүгээрээ дамжуулан Аббасын нэр хүндийг өсгөхөд нь тусалж Хамаст дарамт үзүүлэх зорилготой юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт Хамас барьцаалагдаад 4 сар болсон Английн сурвалжлагч Жонстоныг амжилттай авран гаргаж, Газын аюулгүй байдал болон дэг журмыг сэргээх хүчин чадалтай гэдгээ олон нийтэд харуулсан байна. Хамас Газыг хяналтандаа авснаас хойш гарсан эдгээр хэргүүдээс Палестины сөргөлдөгч хоёр тал нөгөө талаа эвгүй байдалд оруулах хэрэг үйлдэж байгааг харж болно.
Аюулгүйн асуудлаар Хамасын амжилт нь Аббасыг эвгүй байдалд оруулж байна. Хамас өнгөрсөн сарын дунд арав хоногт Газыг бүрмөсөн хяналтандаа авснаас хойш Газын аюулгүй байдал дэм журмыг хамгаалах арга хэмжээнүүд авч, маш богинохон хугацаанд Газын зурвасын хүчирхийллийг үндсэнд нь түвшитгэж, хүмүүсийн хэвийн ажил амьдрал, соёл цэнгээний ажиллагааг сэргээж, цаашлаад их түгжирдэг зам харилцааг ч Хамассын сайн дурынхан оролцож нилээд дэг журамтай болгосон байна. Үүний дээр өнгөрсөн долоо хоногт Хамас Английн сэтгүүлчийг амжилттай авран гаргаж, Английн талд хүлээлгэн өгсөн нь аюулгүйн асуудал дээр дэлхийн хэвлэл мэдээллийхнээс өндөр үнэлэлт авсан байна.
Гэвч аюулгүйн асуудал дээр Хамас ямар ч дутагдалгүй биш, Хамас Газыг хяналтандаа авснаас хойш Израил Газын зурваст эрээ цээргүйгээр цэрэг дайны ажиллагаа явуулах болж, өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд Газын 11 хүнийг буудан алсан байна. Нөгөө талаар Хамас нь Газад харицангуй аюулгүй байдлыг авчирсан боловч Иордан голын баруун эрэг дэх бүрэлдэхүүнийхээ аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй байна.
Дипломат харилцаа болон санхүүгийн талаар Хамас нэн хүнд байдалд орсон байна. Хэдийгээр Жонстоныг амжилттай авран гаргасанд Английн засгийн газар талархал илэрхийлсэн боловч энэ нь Англи болон өрнөдийн бусад орны Хамасыг хааж боох бодлогыг нь өөрчилж чадаагүй юм. Хамастай нягт харилцаатай Египет ч гэсэн Газ дахь дипломат ажилтнаа Аббасын хяналтад байгаа баруун эргийн нутагт татан аваачлаа. Бараг бүх улс орнууд бүгдээрээ Аббасыг дэмжиж байна. Израиль орлон хурааж байсан татварыг эргүүлэн өгч, Фатахын гишүүдийг сулласнаар Аббас хоёр талын ашиг хүртсэн байна.
Хамасын төлөөлөгч Февзи Бархум манай радиогийн сурвалжлагчид хэлэхдээ, Газчууд өөрийгөө тэжээж чадна, тэд газар нутагтаа тариалан эрхэлж, эдийн засгаа хөгжүүлж болно. Өрнөдийн орнуудад түшиглэх хэрэггүй гэжээ. Үнэндээ энэ нь биелэгдэшгүй хэрэг юм. 300 хавтгай дөрвөлжин км нутаг дээр 1 сая 500 мянган хүнийг тэжээх боломжгүй гэдгийг хэн ч мэдэж байна.
Аббас болон түүний удирдсан Фатах ч маш олон талаар эвгүй байдалд орж байгаа юм. Палестинчууд болон зарим хэвлэл мэдээллийнхэн Аббасыг Израиль болон өрнөдийн оронд хэтэрхий түшиглэж, тэдний жороо нохой боллоо гэж буруушааж байна. Израиль нь шинэ засгийн газрыг дэмжинэ гэж илэрхийлж байгаа боловч баруун эргийн нутагт тасралтгүй цэрэг дайны ажиллагаа явуулж байна. Палестины иргэдийн сонгуулиар гарсан удридагчийн хувьд Аббас Газчуудыг хайхралгүй хаяанд нь орхиж болохгүй, Газыг орхин Иордан голын баруун эрэгт улс байгуулж бүр ч болохгүй юм. Хамастай бас заавал харилцах хэрэгтэй юм. Гэвч Аббас Хамастай харилцахаас олон удаа тодорхой татгалзсан юм.
Хамас болон Аббас нь харилцан түшиглэж, өөр өөрийн давуутай, хэн нь ч дангаараа засгийн эрх барьж болохгүй юм. Өнөө хоёр тал эсэргүүцэлдэн дангаараа ажиллаж байна. Үүний дүнд хоёр тал бүр ашиггүй байдалд орох болно гэж шинжээчид үзэж байна. /Баатар орчуулж,Урангоо хянав. /
|