Бабаошан дүүрэг гээд ярьж байсан даа. Бээжин хотын баруун 5 дугаар тойргийн дүүрэг л дээ. Энэ дүүрэгт байдаг нэгэн өвөрмөц захаар би хаа нэг очдог юм. Энд сайн дурын уран бүтээлч, зураачид голдуу байрлана. Хоёр давхар энэ захын дээд давхарын баруун талаар байгалийн чулуун эдлэлийн урлаачдын урлан буюу лангуу нь байрлах. Хаш, ногоолин, чулуужсан мод гэхчлэн мэдэх мэдэхгүй олон янзын чулуугаар урласан эдлэлүүд энд байх. Засч янзлаа ч үгүй байгалийн хэлбэр дүрсээрээ чулуу ч цөөнгүй харагддаг. Ийм чулуун эдлэлүүдийг байгууллага, үйлчилгээний газрууд өргөн захиалан авдагаас гадна боломжийн орлоготой айлууд үнэ хаян авч гэрээ чимдэг байна. Харин зүүн талаар нь уран зураг, хөрөг зураг, хятад зураг, хар цагаан зураг, ханын чимэглэл зураг, уран бичлэгүүдийн лангуунууд байрлана. Эдгээр лангуунуудыг түрээслэгчид нь голдуу зураачид. Дэлгүүрийнхээ ханаар бүтээлүүдээ дүүргэн өлгөөд наана нь өөрөө зургаа зурж сууна.
Эндхийн бүх л лангуунууд сонирхол татна. Гэхдээ би хэрэг болгон уран бичлэг буюу хятадын уламжлалт шифу –г дэлгэсэн лангууны өмнө нилээн удаан саатсан юм. Сүүлд нь шифу-н талаар сонирхон судалж олж мэдсэнээ сонсогч Тантай хуваалцья.
Уран бичлэг нь ханз үсгийг уран гоёмсгоор бичих нэг төрлийн урлаг бөгөөд ханз үсэг анх бий болоход даган үүсч хөгжжээ. Анхандаа зөвхөн Хятад улсад үүсээд ханз үсгийг дагалдан Япон, Солонгос, Зүүн Өмнөд Ази болон бусад орнуудад тархан хөгжжээ. Дэлхийн олон хэлний дотроос чухам хэлэнд энэхүү уран бичлэг урлаг болтлоо хөгжсөний учир гэвэл ихэнх гадаад хэл цөөн хэдэн авиан үсэгтэй, бичгийн хэлэнд хэдэн арван үсгийг хэлбэрийн бага зэргийн хувиралтаар нийлүүлэн бичдэг оцлогтой болохоор урлагийн хэмжээнд хүртэл хөгжиж чадаагүй болов уу. Харин ханз үсэг зураас ихтэй, нарийн түвэгтэй бүтэцтэй, үсэг ихтэй, хэв маягийн хувирал ихтэй учраас бусад бичгийн соёлд байхгүй гоо сайхны нарийн утга үнэлэмжтэй төдийгүй олон арга барил, элдэв янз маягаар ханз үсгийг бүтээж болдог, ихээхэн ур чадвар шингэсэн ажил байдаг. Ханз үсэг гоо сайхны гүн агуулгатайгаас гадна хэрэглээний чухал ач холбогдолтой. Тухайлбал хөшөө дурсгал, ном хэвлэлийн чимэглэл, зураг, сийлбэр, барилгын засал чимэглэл, бусад урлагийн бүтээлд ханз үсгийг уран гоёмсгоор ашиглан бүтээсэн нь элбэг.
Хамгийн анх ханз үсэг 5000 жилийн тэртээ жирийн нэг тэмдэг үсгийн адил байжээ. Хожуу 3400 гаруй жилийн өмнөх үсэг нь ясан дээр бичдэг илүү боловсронгуй хэлбэрт оржээ. Яст мэлхийн хуяг болоод араатны ясан дээр бичдэг байсан учраас "зягувэнь" буюу "ясан бичиг" хэмээн нэрлэжээ. Хутгаар сийлж бичдэг байсан болохоор үсэг нь бүдүүн нарийн, урт, богино, том жижиг харилцан адилгүй хэлбэртэй болж ирсэн нь уран бичлэгийн анхны эхлэл байсан гэдэг.
Хүрэл зэвсгийн үед зэсийг алт гэж нэрлэж байсантай уялдан хүрэл эдлэл дээрх бичгийг "зиньвэнь" буюу "алтан бичиг" гэж нэрлэдэг байжээ. Алтан үсэгний хэлбэр ясан дээрх бичгийг уламжлан авч харьцангуй сүрлэг бас үсэгний хэмжээ нь арай жигд болж ирсэн.
Хавар, намар улсуудын үеэс ханз үсгийг мөнгөн тэмдэгт, хулсан эдлэл, торго, вааран дээр бичиж эхэлжээ. Байлдаант улсын улсуудын үед ханз үсгэнд нилээн өөрчлөлт гарч, улмаар нутгийн ялгаа тод ялгарч эхэлсэн гэдэг. Ци, Чу, Янь, Хан, Вэй, Жао улсын үсгийг "льюгуо гувэнь" буюу "6 улсын бичиг" гэж нэрлэдэг.
Та бүхэндээ шифу буюу хятадын уран бичлэгийн түүхээс сэдэвлэн бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ эхний хэсгийг танилцууллаа.
|