Солонгосын хойгийн цөмийн асуудлын 6 талын 6 дахь хэлэлцээ 18-19-ний өдрүүдэд Бээжинд төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хийнэ гэж ХГЯ-ны төлөөлөгч 12-ны өдөр Бээжинд мэдэгдэв. Үүний зэрэгцээ энэ 6 талын хэлэлцээний "2.13-ны хамтын баримт бичиг"-ийн дагуу, БНСУ нь 12-ны өдрөөс эхлэн эхний хэсэг 6200 тонн мазутыг БНАСАУ руу зөөвөрлөж байна. Солонгосын цөмийн асуудал зохицуулагдах тийш чухал алхам хийснийг энэ нь харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
БНАСАУ Юнбёны цөмийн тоног төхөөрөмжөө хаах буюу битүүмжилж, ОУАЭХА-ын шинжээчдийг өөрийн орондоо дахин ирүүлэх хэрэгтэй, бусад талууд нь БНАСАУ-т эрчим хүчний яаралтай тусламж олгох ёстой. Цөмийн төлөвлөгөөгөө орхих эхний алхмын арга хэмжээ авсан БНАСАУ-т нөхвөр болгож, БНСУ нь түүнд нийт 50 мянга тонн мазут нийлүүлнэ гэж Солонгосын цөмийн асуудлын 6 талын хэлэлцээний "2.13-ны хамтын баримт бичиг"-т тогтоосон юм. Дээрх хэлэлцээний дагуу, БНСУ 12-ны өдрөөс БНАСАУ-д эхний хэсэг мазут нийлүүлж эхэлсэн байна. Хоёр талын тохиролцсон хэлэлцээрийн дагуу, үлдэж байгаа мазутыг мөн 8-р сарын 1-нээс өмнө бүхнийг зөөвөрлөж дуусгах юм байна.
"Хамтын баримт бичиг"-ийн тогтоолын дагуу, БНАСАУ нь ОУАЭХА-ын төлөөлөгчдийг өөрийн орондоо урьж айлчлуулаад Юнбёны цөмийн тоног төхөөрөмжийг хаасан буюу битүүмжилснийг шалгах журмын асуудлаар нийтлэг ойлголтонд хүрсэн байна. БНАСАУ-ын цөмийн тоног төхөөрөмжөө хаах буюу битүүмжлэх зэрэг эхний алхмын арга хэмжээний талаар сэтгэл ханамжтай байгаагаа ОУАЭХА-ын Ерөнхий захирал Барадей 12-ны өдөр БНСУ-ын нийслэл Сеүлд илэрхийлсэн байна. Тэрээр төсөөлж хэлэхдээ, цөмийн тоног төхөөрөмжөө хааж битүүмжлэх ажил нь БНАСАУ энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараах нэг сарын дотор дуусч болно. ОУАЭХА-ын шалган байцаах хэсэг 12-ны үдээс хойно БНАСАУ-т хүрэлцэн очиж, Юнбёны цөмийн тоног төхөөрөмжийн хаах ажилд хяналт шалгалт хийнэ гэжээ.
БНАСАУ нь цөмийн төлөвлөгөөгөө орхих анхан шатны арга хэмжээний асуудлаар их хувирахгүй, 6 талын хэлэлцээ дараачийн шатандаа орох болно гэж шинжээчид үзэж байна. Талуудын зөвшилцлөөр 6 талын 6 дахь хэлэлцээ 7-р сарын 18-19-ний өдрүүдэд Бээжинд төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хийж, эхний ээлжийн үйл ажиллагааны холбогдох хэргийг авч хэлэлцэн, дараачийн зохицуулалт хийх болно гэж ХГЯ-ны төлөөлөгч Чинь Ган 12-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна. Хятадын тал бусад талуудтай хамтаар чармайж, хурлыг нааштай ахицад хүргэнэ гэж тэрээр хэлсэн байна.
Америк, БНСУ болон Орос зэрэг орон ч төлөөлөгчдийн тэргүүн нарын энэ хурлыг сайшаан, найдвар тавьж байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Киристофер Хилл 11-ний өдөр Вашингтонд хэлэхдээ, төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал нь дараачийн шатны талуудын авах үйл ажиллагаанд бодитой төлөвлөгөө гаргаж өгөхийг Америк хүсч байна гэжээ. БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яам 12-ны өдөр тэмдэглэхдээ, энэ хурал нь нэн даруй эхний шатны арга хэмжээг биелүүлж, дараачийн шатанд авах арга хэмжээ болон 6 талын Гадаад хэргийн сайд нарын хурал хийх зэрэг бодитой төслүүдийг хэлэлцэж хэрэгжүүлэх гараа болж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг түргэвчлэн ахиулахыг БНСУ-ын засгийн газар хүсч байна гэжээ. Оросын Гадаад хэргийн яам 12-ны өдөр албан мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, Оросын тал төлөөлөгчдийн тэргүүн нарын энэ хурлыг ахицад хүргэхийн төлөө чармайна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|