Хөхний хорт хавдарт нэрвэгдэх хэмжээ их нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хоол ундаа хэрэглэх, хотын мэргэжлийн эмэгтэйчүүдийн ажлын хэмнэл түргэсч байгаа болон эмэгтэйчүүдийн сэтгэлийн дарамт их нэмэгдэж байгаатай нягт холбоотой юм. Манай улсын эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдарт их нэрвэгдэж байгаагийн гол шалтгаан нь ийм хэдэн зүйл байгааг материал харуулж байна.
1. Удамшлын хүчин зүйл: Эх эцэг, эгч дүү нар зэрэг гэр бүлийн бүрэлдэхүүний аль нэг нь хөхний хорт хавдартай байх юм бол энэ айлын хүмүүсийн хөхний хорт хавдарт нэрвэгдэх хэмжээ нь жирийн хүмүүсийнхээс 5 дахин их байна.
2. Ганц бие, гэрлээгүй юм уу гэрлэсэн ч хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд.
3. Өөх тос их иддэг эмэгтэйчүүд. Судалгааны шинэ дүнгээс үзвэл, амьтны өөх ч байсан, ургамлын тос ч байсан хүний биед шингэхээрээ өөхний хүчлийг нэмэгдүүлдэг бөгөөд хүний биеийн эр гормоны шүүрлийг идэвхжүүлж, энэ нь хөхний булчирхайг тасралтгүй өдөөж, хөхний арьсны эсийг нэмэгдүүлж, улмаар хорт хавдарт амархан нэрвэгдүүлдэг байна.
4. Амьдралын хэмнэл болон санаа сэтгэлийн хүчин зүйл: Амьдралын хэмнэл хэтэрхий түргэн, урт хугацаагаар санаа сэтгэлийн дарамттай байх болон ядаргаа ихсэх зэрэг нь бүгд л хүний биеийн гормоны хэмжээг хэвийн бус болгож, өвчинд нэрвэгдэх хэмжээг нэмэгдүүлдэг байна.
5. Өвчинд нэрвэгдүүлэх бусад хүчин зүйлүүд: Төрөл төрөгсдийн дунд хөхний хорт хавдарт нэрвэгдсэн хүн байх, сарын тэмдэг зогссоноос хойш таргалж байгаа хүмүүс, архи их уудаг, гормоноор эмчилгээг орлуулдаг, цацраг туяанд дайрагдсан, биеэ чийрэгжүүлэх дасгал бэлтгэл хийхээр дутмаг байгаа хүмүүс болно.
Хөхний хорт хавдраас сэргийлэх тухай
Анагаахын мэргэжитнүүдийн онцолж буйгаар, хэдийгээр хөхний хорт хавдарт нэрвэгдэж болзошгүй хүчин зүйлүүд байгаа хэдий ч дунд насны эмэгтэйчүүд тогтмол хугацаатайгаар шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Хөхний хорт хавдарт нэрвэгдэх хэмжээ нь их байгаа боловч түүнд эрт илэрч мэдэгдэх онцлогууд байдаг.
1. Эхлээд хөх хавагнадаг боловч өвдөж загатнадаггүй, харин хатуурдаг бөгөөд дугариг юм уу хавтгайвтар байдаг.
2. Хөх хатгаж өвдөх бөгөөд дийлэнх нь уутанцар зүйл нэмэгдэх бөгөөд ширхгийн хавдар болон хувирдаг.
3. Хөхний товчноос шингэн юм болон шар ус, цустай шингэн гарч байвал ихэвчлэн хөхний хорт хавдарт нэрвэгдэж байгаагийн илрэл юм.
4. Хоёр гараараа сүвээгээ тулаад хөхөө нарийвчлан ажиглахад хөхөн дээр хотойж товойсон байдал мэдэгдэхгүй байвал эрүүл хэвээр байна гэсэн үг юм.
Дээрх байдлууд илэрвэл ямар ч гэсэн эмчид хандах хэрэгтэй, хайхрахгүй сууж ерөөс болохгүй. Орчин үеийн эм эмнэлгийн мэргэжил хөгжсөн байдалд, хөхний хорт хавдрыг нэн даруй илрүүлж мэдсэн тохиолдолд маш үр ашигтай эмчлэн анагааж байгаа юм. Иймээс хөхний хорт хавдарт нэрвэгдсэн эмэгтэйчүүд өвчиндөө зөв хандаж чадвал гунигт хэрэг гарахаас бүрмөсөн зайлсхийж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|