Хятадын уран зохиолыг дэлхийн хамгийн урт түүхтэй уран зохиол гэдэг. МЭӨ 6 дугаар зууны үеийн хятадын уран зохиолын хамгийн эртний томоохон дурсгал болох "Шүлэглэлт ном" /Шизин/ хэмээх түүвэрт Баруун Жоу улсын болон Чуньцьюгийн үеийн 305 шүлгийг оруулжээ. Хятадын яруу найргийн хамгийн томоохон төлөөлөгч болох Цюй Юань /МЭӨ 340-278/ Байлдаант улсуудын үед "Ли Сал" /Гансралаас ангижрахуй/ нэртэй анхны уянгын найраглал туурвижээ. Энэ хоёр зохиолыг хятадын эртний уран зохиолын тэргүүн хоёр оргил хэмээн үздэг байна.
Хань улсын үеийн үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, түүхч Сыма Цянь /МЭӨ 145-90 он/-ий бичсэн "Шизи" /Түүхийн тэмдэглэл/ хэмээх 130 бүлэг, 520 мянган ханз үсгээс бүтсэн томоохон түүхэн зохиол нь хятадын уламжлалт түүх бичлэг, уран зохиолын хөгжилд агуулгын ч, хэлбэрийн ч талаар ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Вэй, Зин улсын үед хятадын яруу найраг хөгжил цэцэглэлтийн үе шатандаа байлаа. Энэ үеийн алдарт зохиолчид бол Цао Цао, Цао Пи, Цао Зи, Ру Аньзи, Зи Кан, Тао Юаньмин нар юм. Тао Юаньмин байгалийн гоо сайхан, хөдөө тосгоны жирийн амьдралыг чадамгай дүрслэн бичдэг алдартай шүлэгч билээ.
Тан улсын үед Хятадад феодлын нийгэм цэцэглэн хөгжиж байсны зэрэгцээ уран зохиол ялангуяа яруу найраг хөгжлийн дээд цэгтээ хүрч байжээ. Үүний баталгаа нь 2200 гаруй зохиолчийн 50 мянга орчим шүлэг найраглалыг багтаасан "Тан улсын шүлгийн түүвэр" гэдэг бүтээл юм. Энэ үеийн гол төлөөлөгчид нь Ли Бай /701-762 он/, Ду Фу /712-770/, Бай Зью И /772-846 он/ нар билээ.
Сун улсын үед цы хэмээх яруу найргийн төрөл их хөгжиж байв. Цы нь гадны нөлөөгөөр үүссэн, бичлэгийн хэлбэрийн хувьд нэлээд чөлөөтэй, шүлгийн мөр нь уянгалуулан уншихад тохируулсан байдгаараа онцлогтой. Цы дотроо Лью Юн, Жоу Бан я, Ли Цанжао нарын найрагчид оройлон бичиж байсан хайр сэтгэл, хагацал гунигийн чиглэл бүхий уянгын аядуу урсгал, Су Ши, Синь Цизи зэрэг яруу найрагчид төлөөлж байсан түүх, эх орон, байгалийн сэдвийг голлосон дайчин, чөлөөт гэсэн хоёр урсгалд хуваагдаж байлаа.
|