• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-15 15:29:23    
60 жилийн ойн баяр

CRI

      1947 оны хавар буюу 5 дугаар сарын 1. Өвөрмонголын Хорчин нутгийн Тоорын голын эрэг дагуу орших жижигхэн суурингийн уд улиасууд хөхрөн ногоорчихсон байсан цаг гэдэг. Домогт Вангийн сүм одоогийн Хянган аймгийн Улаанхотод энэ өдөр нижигнэсэн алга ташилт үргэлжилж ӨМАТХ-ын 392 төлөөлөгч Хятадын хамгийн анхны үндэстний цөөнхийн Өөртөө Засах эрх бүхий районыг байгуулсан нь энэ байжээ. Хятадыг чөлөөлөх дайны гал дунд өрнөсөн энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэх хамгийн том арга хэмжээ нь өнгөрсөн 7 хоногт буюу 8 дугаар сарын 8-ний өдөр Хөх хотноо болж өнгөрлөө.

      Энэ өдөр ойг тэмдэглэх олон нийтийг хамарсан өргөн хэмжээний цуглаан, баярын их хурал болсон юм. Албаны талаас энэхүү баярын их хурал, цуглаанд Хятад Улсын орлогч дарга Зэн Чихун оролцож Засгийн газраа төлөөлөн өвөрмонголын нийт ард түмэнд баяр хүргэж үг хэлжээ. Дарга Зэн Чинхун хэлсэн үгэндээ улс орон үндэснийхээ цөөнхийн өөртөө засах эрхийг үргэлжлүүлэн улам болосронгуй болгож, үндэстний эрх тэгш, эв хамтын харилцааг бэхжүүлэн, нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг эрс хамгаалах болно хэмээн тэмдэглэн хэлжээ. Олон нийтийг хамарсан өргөн их цуглаан Хөх хотын төв цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхлантай, өрнүүн сайхан болж өндөрлөжээ. Мөн ойд зориулсан үзэсгэлэн, бүх оддын тоглолтууд, шууд нэвтрүүлгүүд, өвөрмонголоо сурталчлах тойрон аялалууд гээд энэ өдрүүдэд өрнөсөн олон сайхан арга хэмжээнүүдийн үрээр Хятад орны ард түмэн Өвөрмонголын бүс нутгийн үндэстний цөөнхийнхөө ажил амьдралаас олныг мэдэж авах шиг боллоо.

      Манай ажлынхан буюу Хятадын Олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн ажилтнууд өвөрмонголоо сурталчлах ажилд долоон чөлөөгүй зүтгэснийг энд мөн тэмдэглэмээр байна. Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн сэтгүүлчдээр ахлуулсан аялалын багууд 4 хэсэгт хуваагдан 7 дугаар сарын турш Өвөрмонгол нутгаар сурталчилгааны аялал хийсэн нь тун амжилттай болсон билээ. Сурвалжлагын эхний хэсгийнхнийг монгол үндэстний түүхийн ариун дагшин нутаг Ордосын нутгаар хөтөлсөн бол дараагийн хэсэг нь Хянганы их уулсын нутгийг танилцуулж, 3 дугаар аяллаын баг Хөлөн буйрын үзэсгэлэнт байгалийг үзүүлж, 4 дүгээр хэсгийнхэн сэтгүүлчдийг Алшаа нутгийн цагаан тэмээнд мордуулан аялуулсан байна.

      ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойн ололт амжилтыг харуулсан үзэсгэлэн Хөх хотноо нээгдсэн нь ойн арга хэмжээний томоохон хэсэг байжээ. 6 хэсгээс бүрдсэн энэхүү үзэсгэлэн ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн турших түүх болоод ололт амжилт, хөгжил цэцэглэлтийн дүр зургийг харуулсан байна. 60 жилийн түүхэн хөгжлийн үр дүнд ӨМӨЗР өнөөдөр Хятад Улсын газар тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч, түүхий эдийн хамгийн чухал бааз нутаг болж чаджээ.

      8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хятадын Төв Засгийн газрын төлөөлөгчид 4 үндсэн хэсэгт хуваагдан Өвөрмонголын нутгаар явж үндэстний цөөнхийн ард түмний аж амьдралтай танилцсан байна. Хятад Улсын орлогч дарга Зэн Чинхун 1 дүгээр хэсгийг ахлан Алшаа аймгаар айлчилжээ. Алша аймаг бол Өвөрмонголын газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том, хүн ам хамгийн цөөн суурьшсан, говийн бүсэд хамаардаг нутаг юм. Эндээс "Шэньжөү5", "Шэньжөү6" сансрын хөлгүүдийг хөөргөжээ.

      Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Оюунчимэг, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Лю Яньдүн нараар ахлуулсан аялалын 2,3,4-р хэсгүүд Улаанхад хот, Хөлөн-буйрын тал нутаг, Бугат хот, Баян-нуур хотуудад тус тус хүрэлцэн очиж үндэстнийхээ цөөнхийн аж амьдралтай танилцан, тэдэнд хятадын ард түмний халуун сэтгэлийн мэндийг уламжилж, ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, бүх л хүрээнд чинээлэг нийгмийг цогцлоон байгуулах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж явсан байна.

      Хятадын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд сурвалжлагын багуудаа Өвөрмонголын нутгуудад илгээн сурвалжлуулах ажлыг өргөнөөр зохион байгуулсан. Сурталчилгааны энэхүү томоохон төслүүдийн нэг нь Хятадын Төв телевизийн хороо, Өвөрмонголын телевизийн хороо хамтран зохион байгуулсан "Өвөрмонголын аялал" цуврал аялалын шоу байлаа. Шоунд дэлхийн олон орны иргэдээс оролцох хүсэлтээ илэрхийлсний дотроос Европ, Ази, Африкийг төлөөлсөн 10 хүнийг шалгаруулан оролцуулсан юм. Эдгээр оролцогчид хоёр багт хуваагдан Өвөрмонголын зүүн баруун хоёр захаас аялалаа эхлүүлж 6 дугаар сарын 18-ний өдөр Шулуун Хөх хошууны нутаг Юань гүрний дээд нийслэлийн буурин дээр хоёр талаасаа нэгдэн уулзсан. Аялагчдыг дээд нийслэлд хүрэлцэн ирэхэд Ганжуур сангийн овоог сэргээн тахиж байсан нутгийн ардууд хүндэтгэн угтаж идээ цагааныхаа дээжийг өргөн золгосоны хариуд аялагчид монгол нутгаас цуглуулж ирсэн чулуунуудаа овоонд өргөн монгол үндэстний заншил ёсоор хийморио сэргээсэн нь цуврал нэвтрүүлгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг байлаа. Төв телевизээр орон даяар нэвтрүүлсэн энэхүү аялалын нэвтрүүлэг хятадын үзэгчдэд өвөрмонголын үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь аж амьдралыг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлэг болсон байхаа.