ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р сага хурал 16-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао болон ШХАБ-ын бусад гишүүн орнуудын удирдах хүмүүс энэ бага хуралд оролцсон бөгөөд "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" зэрэг чухал баримт бичигт хамтдаа гарын үсэг зурлаа. Хятадын Олон улсын асуудлын судалгааны газрын Зүүн Европ, Орос, Төв Азийн судалгааны тасгийн дарга Чэнь Юйрүн хэлэхдээ, энэ гэрээнд гарын үсэг зурсан явдал бол ШХАБ-ын хөгжлийн үйл явцын чухал бэлгэ тэмдэг мөн гэжээ.
Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын улс төр, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа маш их амжилтад хүрч, ил тод ахицтай болсон байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын цар хэмжээ нь өргөн бөгөөд арвин их ололт амжилттай болсон учраас онцгой ач холбогдолтой юм гэж тэрээр үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Эдгээр чухал баримт бичгээр бэлэг тэмдэг болгож, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ын хөгжлийн үйл явц онцгой ач холбогдолтой болсон байна. Үүний зэрэгцээ, энэ дээд хэмжээний уулзалт болсон нь тус байгууллагын хойшдын хөгжилд, бүх салбарын тал бүрийн гүнзгий хамтын ажиллагаа болон хөгжилд шинэ хүч сэлбэсэн байна гэжээ.
Бага хурлын дараа гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дотор "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" нь энэ дээд хэмжээний уулзалтын хамгийн ил тод амжилт болсон байна. Энэ гэрээг Хятад улсын дарга Хү Жиньтао өнгөрсөн оны Шанхайн дээд хэмжээний уулзалтын үеэр санаачилсан бөгөөд Хятадын тал туурвисан юм. Чэнь Юйрүн хэлэхдээ, энэ гэрээ нь ШХАБ-ын сайн хөршийн харилцан итгэлцэл, эв санаа нэгтэй хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ШХАБ-ын хөгжлийн түүхэн дээрэх чухал бэлгэ тэмдэг болсон байна гэжээ.
ШХАБ нь Хятад, Орос болон төв Азийн орнуудын улс төр, аюулгүй байдал болон эдийн засгийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна. "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" нь гишүүн орнуудын ард түмний үеийн үедээ найрсаг байх, өнө удаан энх тайван байх эрэл хүслийг хуулийн ёсоор тогтоосон учраас тус байгууллагын хөгжилд лавтай шинэ хүч сэлбэх болно гэж тэрээр тэмдэглэв. Чэнь Юйрүн хэлэхдээ,
ШХАБ богинохон хугацааны дотор хүмүүсийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн нь тус байгууллага бол бүс нутгийн шинж чанар бүхий олон улсын хөгжлийн эрч хүчтэй байгууллага мөн гэснийг харуулж байгаа юм. ШХАБ-ын ийм дотоод нягтарлын хүчин болон хөгжлийн эрч хүч нь ШХАБ-ыг тасралтгүй урагшлуулж байна. ШХАБ-ын үндсэн эрх үүрэг бол бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах явдал болно. Энэ хүсэл тэмүүлэл бол мөн гишүүн орнуудын хамтын ашиг сонирхол байгаа юм. Энэ гэрээнд гарын үсэг зурсан явдал нь ШХАБ-ын хүрээн дэх аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын гүнзгий хамтын ажиллагаа болон хөгжилд лавтай тус дөхөм үзүүлэх бөгөөд ШХАБ-ын хөгжлийн үйл явц ч гэсэн шинэ үе шатанд дэвшин орж, маш сайн сайхан ирээдүйтэй болох болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|