
Хятадын Төрийн зөвлөлийн зүүн хойд нутаг орчмын районы аж үйлдвэрийн хуучин баазуудын хөгжлийг сэргээх ажлыг удирдах хэсгийн тамгын газрын дарга Жан Гүө бао 20-нд Бээжинд "Зүүн хойд нутгийн хөгжлийг сэргээх шинэ төлөвлөгөө"-г нийтэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, зүүн хойд нутгийн эдийн засгийн хөгжлийг сэргээх явцад холбогдох талууд экологийн сэргээлт, байгаль орчныг хамгаалах талд нэн их анхаарал тавих болно гэжээ.
Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны тамгын газарт болсон мэдээ нийтлэх хурал дээр, Хятадын Төрийн зөвлөлийн зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазуудын хөгжлийг сэргээх ажлыг удирдах хэсгийн тамгын газрын дарга, үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Гүө бао хэлэхдээ, "Зүүн хойд нутгийн хөгжлийг сэргээх шинэ төлөвлөгөө"-нд 10—15 жилд багтаан, зүүн хойд нутгийг эдийн засгийн өсөлтийн чухал бүс болгоно гэж тодорхой заасан гэжээ. Тэрээр хэлэхдээ, уг төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт бол зүүн хойд нутгийг олон улсад өрсөлдөх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз, улс орны шинэ түүхий материал болон эрчим хүчний хангамжийн бааз, төрийн техник судалгаа болон шинийг санаачлан бүтээх чухал бааз болгох гэсэн болно гэжээ.
Хятадын зүүн хойд нутагт Хэй лүн жян муж, Гирин муж, Ляо нин муж хамрагдана. Энэ нутаг аж үйлдвэрийн нэлээд зузаан үндэс суурьтай бөгөөд нефть, нүүрс, төмөр зэргийн уурхайн их нөөцтэй. Мөн Хятадын үр тарианы боловсруулалтын гол газрын нэг юм. Гэвч өнгөрсөн зууны наяад оноос хойш янз янзын шалтгаанаар, тус бүс нутгийн эдийн засгийн хөгжил нь Хятадын тэнгисийн эрэг дагуугийн хөгжсөн районуудаас нэлээд их хоцрогдсон байна.
2003 оноос Хятад улс зүүн хойд нутгийн хөгжлийг сэргээх стратеги хэрэгжүүлсэн. Уг стратеги гүнзгийрэн хэрэгжихийн дагуу зүүн хойд нутаг болон бусад районы хөгжлийн зөрүү аажмаар багасч ирсэн гэдэг боловч эх баялгийн хангамжийн хүчин чадал нь явах тусмаа буурч, эколог байгаль орчныг хамгаалах асуудлыг үр ашигтай зохицуулахад учир дутагдалтай байсан зэрэг асуудлууд илэрч, зүүн хойд нутгийг ерөнхийд нь төлөвлөгөөтэй хөгжүүлэх явдал маш тулгам шаардагдаж байсан юм.
Ийм нөхцөлд Хятадын засгийн газар зүүн хойд нутгийн хөгжлийг сэргээх стратеги хэрэгжүүлсэн юм. Жан Гүө бао хэлэхдээ, зүүн хойд нутаг бол байгалийн нөөц баялаг ихтэй газар, Хятадын бараа таваар, үр тарианы чухал бааз бөгөөд ойн бүрхэлтийн маш чухал нутаг юм. Тэр мөртөө уудам өргөн ойн бүрхэц нь экологийн чухал нөмөр болсор ирсэн. Ийм ч учраас бид зүүн хойд нутгийн хар шороотой газрын хөрс, ой шугуйн эх баялгийг хамгаалахыг маш их чухалчилдаг юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|