Энэтхэгт айлчлал хийж байгаа Японы Ерөнхий сайд Абе Шинзо 22-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний дараа хоёр тал "Хамтарсан мэдэгдэл" нийтэлж, хоёр орны улс төр, аюулгүй байдал болон батлан хамгаалалт зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолсон бөгөөд эдийн засгийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны зорилтыг дэвшүүлсэн байна. Айлчлалын байдлаас харахад, Абе Шинзогийн энэ айлчлал нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа холбоо болон стратегийн хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилтыг үндсэндээ биелүүлсэн хэдий ч зарим чухал эмзэг асуудал дээр хоёр тал болгоомжтой хандаж, харилцан нөгөө талынхаа шаардлагад тодорхой хариулт өгсөнгүй.
Япон Энэтхэг хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх нь Абе Шинзогийн Энэтхэгт хийж байгаа энэ айлчлалын чухал зорилгын нэг юм. Сүүлийн жилүүдэд, Энэтхэгийн эдийн засаг түргэн өсөхийг дагалдан, Энэтхэгт экспорт болон хөрөнгө оруулалтаа өргөтгөн, Энэтхэгийн хараахан бүрэн нээлттэй болоогүй зах зээлийг завдан эзлэхийг Япон хүссээр ирсэн юм. Гэтэл Энэтхэгийн дэд бүтэц хоцронгуй мөртөө эрчим хүч хомсдож байгаа байдал нь гадаадын хөрөнгө мөнгө, техникийн тусламжийг тулгам шаардаж байгаа юм, энэ нь Японд Энэтхэгтэй эдийн засгийн хамтын ажиллагааны эрч хүчээ нэмэгдүүлэх боломжийг нээсэн байна.
Энэтхэг Японы "Хамтарсан мэдэгдэл"-д, хоёр тал эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, 2010 оноос өмнө худалдааны жилийн ерөнхий хэмжээг 20 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг биелүүлэхээр чармайх бөгөөд "эдийн засгийн тал бүрийн түншийн хэлэлцээр"-ийн хэлэлцээг ацг алдалгүй хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Хоёр орны стратегийн түншийн хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэх боломжийг хайх нь Абе Шинзогийн Энэтхэгт хийх айлчлалын нөгөө нэг чухал үүрэг юм. Абе Шинзо 22-ны өдөр Энэтхэгийн конгрессын дээд доод хоёр танхимын нэгдсэн хурал дээр хэлсэн үгэндээ, Япон Энэтхэгийг хамтын үндсэн үнэ цэнийн үзэлт, стратегийн хамтын ашиг сонирхолтой түнш гэж үзэж байна. Хоёр орны харилцаа нь дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм гэжээ . Хоёр талын нийтэлсэн "Хамтарсан мэдэгдэл"-д ч хоёр орон дээд хэмжээний харилцан айлчлалаа цаашид эрчимжүүлж, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг ахиулан, олон зэрэглэлийн стратегийн яриа хэлцлийг гүнзгийрүүлэн өргөтгөж, батлан хамгаалалтын талын харилцаагаа эрчимжүүлнэ гэж илэрхийлсэн байна.
Гэхдээ зарим чухал эмзэг асуудлаар, Япон Энэхтэг хоёр тал болгоомжтой хандаж байгаа бөгөөд тэрчлэн өөр өөрийн байрь сууриа баримталж байлаа.
Үүнд Япон, Америк, Австрали, Энэтхэг дөрвөн орны стратеги болон эдийн засгийн холбоо байгуулах асуудал нь олон нийтийн анхаарлыг их татаж байна. Япон ийм холбоо байгуулахыг идвхтэй ахиулсаар ирсэн бөгөөд Энэтхэгийг дэмжүүлэхээр хэлж ятгаж ирсэн юм. Абе Шинзо Энэтхэгийн конгрессын хоёр танхимд хэлсэн үгэндээ, энэ холбоог байгуулахын чухал тал болон шаардлагыг дахин онцолсон байна. Гэвч Энэтхэгийн тал уг асуудлын эмзэг талыг харгалзаж, ямарч хариу өгсөнгүй. Хоёр талын нийтэлсэн "Хамтарсан мэдэгдэл"-д ч энэ асуудлыг хөндөөгүй юм.
Энэтхэг олон улсын цөмийн хангамжийн зах зээлд орох асуудалд маш их анхаарал хандуулж байгаа боловч Абе Шинзо харин дэмжих байр сууриа тодорхой илэрхийлсэнгүй. Абе Шинзо Энэтхэгийн конгресст тавьсан илтгэлдээ, зөвхөн Энэтхэгийн эрчим хүчний салбарт техникийн туслалцаа үзүүлнэ гэж л амлалт хийгээд цөмийн эрчим хүчний тухай дурдаагүй юм.
Абе Шинзо 21-ний өдөр Индонезд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд, Шинэ Дели орж Энэтхэгт албан ёсны айлчлал хийж байна . Энэ айлчлалаа дуусгаад тэрээр 23-ны өдөр Малайзд айлчлах болно. \Алтаннавч орчуулж, Урангоо хянав.\
|