Өнгөрсөн 7 хоногт "Хайрын гэрээ" инээдмийн уянгын драмын гол дүрийг бүтээсэн жүжигчин Фан Бинбин, Ричии Рэн нар үзэгчидтэйгээ уулзаж шинэ бүтээлийхээ талаар танилцуулсан юм. Интернетээр тархаж олонд хүрсэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны үйл явдал Бээжин хотод өрнөдөг. "Хайрын гэрээ" бол хайр сэтгэлийн тухай уламжлалт болоод орчин үеийн ойлголт, чиг хандлагын хоорондын зөрчил мөргөлдөөнийг уран сайхны аргаар чадварлаг тусган харуулсан бүтээл билээ.
Гол дүрийн жүжигчдийн олон нийтэд хийсэн энэ танилцуулга ч өвөрмөц шийдэлтэй болсон юм. Кино танилцуулгын үеэр хэд хэдэн залуу хосын гэрлэх ёслолыг хамтатган зохион байгуулсан нь уулзалтыг улам сонирхолтой болгожээ. Ингэж зохион байгуулсан нь шоу төдий биш гэнээ. Олон залуу "Хайрын гэрээ"-г үзсэнийхээ дараа найз бүсгүйдээ гэрлэх саналаа тавьсан бол олон бүсгүйчүүд найз залуугийхаа саналыг баяртайгаар хүлээн авсанаа хүлээсэн байдаг байна.
Бээжин хотын кино театруудад 16-ний өдрөөс эхлэн "Хайрын гэрээ" инээдмийн драм олон нийтэд хүрч эхлээд байна.
|