Ус бол амь насны эх булаг, хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол хүний биеийн эрүүл мэндэд туйлын чухал ундаа юм. Судалгаанаас үзвэл, хүн өдөр бүр дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.
Өглөө босох бүр өлөн дээрээ зохих хэмжээний ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай. Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог.
Ганц удаад битгий хэтэрхий их ус уугаарай
Гэмтэй юм шиг хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол сэтгэл уймрах, ядаргаа ихсэх, тамир алдах юм уу шээс байн байн хүрэх байдал илэрдэг, бас хараа бүрэлзэж, цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.
Хөлс их гарахад усыг битгий нэн даруй уугаарай
Аагим халуунд хөлс их гарахад нэн даруй ус уувал уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь эсэнд үлдэж чадахгүйгээр хөлсийг даган гарч, давслаг элементыг нь ч аваад явчихаж байгаагаас болж байна. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг, иймээс ус уухдаа бага хэмжээний давс үйж болох юм.
Их хөлс гарсан тохиолдолд буцалгасан бүлээн ус уух сайн
Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ нь нэлээд их байдаг тул хүний биеийн эсэнд түргэн хүрдэг, харин буцалгасан хүйтэн усанд бөөнөрсөн молекул нэлээд элбэг байж, биеийн эсэнд даруй түргэн хүрч чаддаггүй юм байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний чадавхийг амархан замбараагүй болгодог байна.
Үүнээс гадна, халуун зуны цагт зохих хэмжээний цай ууж байх сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, идэр залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг, ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай. Үүний зэрэгцээ цайг гэдэс өлсгөлөн байад уухыг цээрлэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|