Өмнөд Африкийн Батлан хамгаалахын сайд Лекота 29-ниы өдөр хэлэхдээ, гадаадын цэрэг байршуулахыг Африк сайшаахгүй, ялангуяа Америк нь Африкийн штаб байгуулах хэлбэрээр Африкт цэргийн бааз байгуулахыг эсэргүүцнэ гэжээ. Аль ч орон гээд Америкийн цэргийг хүлээж авахгүй гэж Өмнөд Африк, Намиби, Замби зэрэг 14 орноос бүрэлдсэн Африкийн өмнөд хэсгийн хөгжлийн хамтын нийгэмлэг шийдлээ гэж тэрээр мөн мэдэгдэв. Энэ бол Америкийн цэрэг Африкийн хойд хэсэгт штаб байгуулах гээд газар олоогүй ялагдсаны дараа Африкийн өмнөд хэсэгт мөн адилхан татгалзалд учирч байгаа болно.
Африкт штаб байгуулж, Африкийн эх газрын Египетээс бусад нутаг дахь Америкийн цэрэг дайны бүх үйл ажиллагааг зохицуулан хяналт тавих ажил хариуцуулах бөгөөд ирэх жилийн 9-р сарын 30-ны өдрөөс бие даан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэж Америк цэрэг энэ оны 2-р сарын 6-ны өдөр мэдэгдсэн юм. Африкийн штабын эрх үүрэг бол Африкийн орнууд болон орон нутгийн байгууллагатай хамтран ажиллаж, Африкийн бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд туслах явдал мөн гэж Пентагон тогтоожээ.
Афганистанаас Иракт хүртэл Америк нь стратегийн чухал чухал бүс нутагт цэрэг дайны үйл ажиллагаа явуулахдаа дандаа терроризмийн эсрэг болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдал тогтоох гэсэн сайхан нэр хэрэглэдэг. Америкийн талаас үзвэл, Африкийн орнууд урт удаан жилийн турш ядуу хоосон, дайн дажинд талхилагдаж, Африкийн эх газар нь террорист үйл ажиллагаа нэлээд газар авсан нутаг учраас энд Африкийн штаб байгуулах нь өөр нэг Афганистан бий болохоос сэргийлж болох юм байна. Хэдэн сарын турш, Америкйн Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Африкийн орнуудоор айлчилж, өөрийн энэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Гэвч түүний энэ сайхан санааг Африкийн улс түмэн хүлээж авах дургүй байна.
Америкийн цэргийн энэ төлөвлөгөөний талаар Африкийн орнууд аажмаар нэгдэлтэй байр суурьтай болж байгаа бөгөөд энэ нь мөн Америкийн энэ төлөвлөгөөний жинхэнэ зорилгыг ойлгосноос болсон гэдгийг Африкийн өмнөд хэсгийн хамтын нийгэмлэгийн энэ хамтын шийдвэр харуулж байна. Америк цэрэг Африкийн штаб байгуулах гэж байгаагын жинхэнэ зорилго бол Африк дахь цэргийн хүчнээ бэхжүүлж, Африкийн эх газрын стратегийн нөөц баялгийг хяналтад авахын төлөө юм гэж хүмүүс үзэж байна.
Америкийн албаны талын сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, Африк нь өнөө Америкийг нефтээр хангаж байгаа хамгийн гол бүс нутаг болсон байна. Америкийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, 2010 онд Африкийн нефтийн гарц дэлхийн нийт хэмжээний 20 хувь гаруйг эзэлэх бөгөөд Америкийн хойшдын 10 жилийн хэрэглэх нефтийн 25 хувийг Африкийн сахараас өмнөх нутгаас авах юм байна.
Африкийн асуудлыг Африкийн холбоогоор дамжуулан Африкчууд өөрөө зохицуулах ёстой, харин гадаад орон хөндлөнийн оролцоо байх ёсгүй гэж Африкийн орнууд баримталсаар байгаа билээ. Америк дэлхийн терроризмийн эсрэг тэмцэл гэдэг нэрээр нөөц баялаг цөлмөн тонох цэргийн өнгөлзлөг хийхийг Африкийн орнууд мэдээж илээр эсэргүүцэх болно. Алжирын Гадаад хэргийн сайдын хэлсэн шигээр Африкийн штаб байгуулах нь Африкийн орнуудын баримталж байгаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зарчимтай нийцэхгүй юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|