Дэлхийн кино урлагт нэр хүндтэйд тооцогддог Венецийн кино наадам 64 дэх удаагаа эхэллээ. Өнгөрсөн пүрэв гаригт нээлтээ хийсэн уг наадам энэ долоо хоногийг дуустал үргэлжилж шилдэгийн шилдэгүүдийг тодруулах юм. Уламжлал ёсоор Италийн Лидо арал дахь "Кино ордон"-д болсон нээлтийн үеэр олон улс орны шилдэг найруулагч, уран бүтээлч, кино одууд цуглан "улаан зам"-аар өнгөрч олны нүд хужирлав.
Уламжлал ёсоор Италийн Лидо арал дахь "Кино ордон"-д болсон нээлтийн үеэр олон улс орны шилдэг найруулагч, уран бүтээлч, кино одууд цуглан "улаан зам"-аар өнгөрч олны нүд хужирлав. Анх 1932 онд Италийн дарангуйлагч Муссолинигийн санаачилгаар бий болсон Венецийн кино наадам уралдаант, шүүмжиийн, шинэлэг, богино хэмжээний киноны гэсэн дөрвөн хөтөлбөрөөр явагддаг бөгөөд энэ удаад нийт 50 гаруй бүтээл уригдан оролцож байна.
Уралдаант хөтөлбөрт оролцсон бүтээлүүдээс кино наадмын гол шагнал "Алтан арслан"-гийн эзэн тодордог. 64 дэх Венецийн "Алтан арслан"-гийн төлөө өрсөлдөхөөр энэ удаад 23 кино нэрлэгдсэн талаар кино наадмын захирал Марко Мюллер мэдээлсэн. Английн залуу найруулагч Жо Райтын "Цагаатгал" уран сайхны киногоор 64 дэх Венецийн кинонаадмыг нээсэн юм. Уг киноны гол дүрд Холливудын залуу од Кира Найтли, Жеймс Мак Эвой нар тогложээ. "Цагаатгал"-аас гадна Кеннет Браны "Sleuth", Брайн Де Пальмын "Redacted", Эрик Ромерын "Les Amours d'Astree et Celadon", Кен Лоучийн "It's a free world" зэрэг кинонууд "Алтан арслан"-г горилж байна.
"Бөхгөр уул" киногоороо энэхүү наадмын "Алтан арслан" болон Лос Анжелест "Оскар"-ын шагнал авч байсан найруулагч Энг Ли "Шунал тачаал, болгоомжлол" хэмээх шинэ бүтээлээр оролцож буй аж. Тэрбээр энэ киногоо "Бөхгөр уул"-д хамтран ажилласан зураглаач Родриго Приетотой цуг хийсэн байна. Тэд гол дүрүүддээ Хонгконгийн супер оддыг урьж тоглуулсан бөгөөд уг бүтээл Америкт хэдийнэ эротик киноны талбарт алдаршаад буй гэнэ.
Мөн кино ажиглагчдын дүгнэж буйгаар Тодд Хейнсийн бүтээсэн Ричард Гир, Кейт Бланшетт, Хит Леджер нарын тоглосон "Тэнд би байхгүй" хэмээх кино "хүрэлцэн ирсэн" нь санамсаргүй хэрэг болжээ. Оросоос нэрт найруулагч Никита Михалков "12" киногоороо уралдаант хөтөлбөрт оролцох бөгөөд тэрбээр "Алтан арслан" шагналыг 1991 онд "Урга" киногоороо хүртэж байжээ. Венецийн олон улсын кино наадам нь жил бүр зохиогдож, дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нээлт болдог бөгөөд найруулагчид киногоо эх хэлээр нь үзүүлж тэмцээнд оролцдогоороо онцлог юм. Тус наадмын гол шагналаас гадна "Мөнгөн арслан", "Оны арслан", "Озелла" зэрэг шагналыг уран бүтээлчид хүртдэг аж. Венецийн 64 дэх наадам ирэх бямба гаригт өндөрлөн кино урлагийн шилдгүүдийг нэрлэнэ.
|