Одоо, манай улсын нийт хүн амын дотор настай хүмүүсийн эзлэх хэмжээ нь өдөр тутам нэмэгдэж байна. Эдгээр хөгшдүүдийн дийлэнх нь сонорын эрхтний доголдолтой болж байна. Тоо бүртгэлээс үзвэл, зөвхөн Бээжин хотын өвгөд өтгөсийн сонорын эрхтэний доголдолтой нь 41%-ийг эзэлж, хөгшин буурал хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон нийгмийн харилцаанд шууд нөлөөлж байна. Энэ талаар Бээжингийн Түн рэнь эмнэлгийн мэргэжилтэн Хань Дэмин, Лю Ша нар зөвлөгөө өгсөн байна.
Сонсгол муудвал даруй түргэн эмчлүүлээрэй
Сонсох эрхтэн бол бие махбодийн гаднын сураг чимээг юуны өмнө хүлээж авдаг чухал эрхтэн юм. Хэрэв чих чинь янз бүрийн ая дууг сонсч чадахгүй болбол хүмүүстэй харилцах чадавхи даруй буурна. Энэ бол настайчуудын мангуу болж, өтөлж байгаагийн шалтгаан юм.
Насны эрхээр өвгөд хөгшдийн цул эрхтэн муудах, дордох нь аргагүй л дээ. Хэрэв настай хүмүүст 1. үл сонсох, 2. тод сонсдохгүй болох, 3. чих шуугих, 4. хүний үгийг хэзээд буруу сонсох, 5. хэрэглэж байгаа цахилгаан хэрэгслийнхээ дууг хэтэрхий чангаруулаад байх зэрэг байдлууд илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй.
Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, чихний архаг үрэвсэл, цусны даралт өндөр байгаа, чихрийн шижин өвчин, цусны тослог ихэссэн, тамхи татах, архи уух зэрэг бол цөмөөрөө сонсгол муудаж байгаагийн үндсэн шалтгаан юм. Ийм байдал илэрвэл заавал эмчлүүлэх хэрэгтэй.
Шаардлагатай цагт сонсголын аппарат хэрэглээрэй
Сонсголын аппарат бол дуу тохируулагч юм, дуугаа сайн тохируулж чадвал сонсгол тун сайн нөлөө үзүүлдэг. Настайчууд юуны өмнө сонсголын аппаратыг гэр зуураа хэрэглэж зуршсаны дараа сая гаднын их шуугиантай орчинд хэрэглэж сурах хэрэгтэй.
Сонорын согогтой хүмүүстэй харилцах ур чадвар
Бүртгэлээс үзвэл, манай улсад сонорын согогтой хүн 20 сая гаруй байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн дунд эмчлүүлэх шаардлагатай өтгөс 50%-ийг эзэлж, үүний дотор сонсголын аппарат хэрэглэж байгаа нь зөвхөн 1% л байна. Иймээс сонсголын аппарат хэрэглээгүй настай хүмүүстэй аятайхан харилцахад бас тодорхой ур чадвар шаардагдах болно.
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар, Сонорын согогтой хүмүүстэй харилцахдаа юуны өмнө гэр бүл, төрөл төрөгсөд нь санаачлагатай хандах хэрэгтэй, нүүр нүүрээ хараад ойртож суугаад эелдэг дотноор ярилцахын зэрэгцээ дуу шуугианыг хамгийн дор хэмжээнд байлгаж, өвчтэй хүний сонсголд харшилхаас зайлсхийнэ. Дохиогоор ярилцах юм уу бичгээр харилцах нь ч сайн арга юм. Түвэгшээж хэрхэвч болохгүй.
Амьдралын зөв зуршилтай болж, сонсгол муудахаас сэргийлэх чухал
Өвгөд хөгшдийн хувьд, амьдралын зөв зуршилтай болох тун чухал. Сонсгол муудахаас сэргийлэхийн тулд анхаарах зүйлүүд: 1. Боломжоороо бие махбодио чийрэгжүүлэх дасгал бэлтгэл хийж, архи ууж, тамхи татахгүй, сэдэлт ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. 2. Нэн даруй эмчлүүлж, сонорын согогийг даамжруулахгүй байх. 3. Их дуу шуугианаас зайлсхийж, чихний өвчин, сонсголд харштай эм бэлдмэл уухгүй байх. 4. Хүмүүстэй байнга харилцаж, тархи толгойгоо үргэлж ажиллуулж, сэтгэл санаа уужуу тайван байхыг хичээх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|