Оросын Ерөнхийлөгч Путин 12-ны өдөр Ерөнхий сайд Фрадков тэргүүтэй Засгийн газрын дэвшүүлсэн огцрох өргөдлийг хүлээн авсан бөгөөд Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурж, Засгийн газрыг тарааснаа мэдэгдсэн байна. Энэ нь Оросын Парламент, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлснийг харуулж байна гэж олон нийт үзэж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Путин Фрадковын Засгийн газрыг тараахдаа, Оросын Парламент болон Ерөнхийлөгчийн сонгууль өдөр тутам ойртож ирэхийн хэрээр, сонгуулиас өмнөх хугацаанд сайтар зохицуулахын тулд Засгийн газрын байгууламжийг хэрхэн зохицуулахыг авч үзэх чухалтай болсон бөгөөд улс орны Парламентын сонгуулийн дараах болон 2008 оны 3-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үе шатанд ороход бэлтгэл хийх хэрэгтэй болсон байна гэжээ. Орост удалгүй улс төрийн чухал үйл хэрэг болох гэж байгаа учраас Ерөнхийлөгчид боловсон хүчний асуудлыг зохицуулахыг багтаасан гүйцэд эрх чөлөө олгоход Засгийн газар бэлэн байна гэж Фрадков түүний удирдсан Засгийн газрын огцорсон шалтгааны тухай тайлбарлахдаа хэлсэн байна.
Оросын дараачийн ээлжний Думын сонгууль 12-р сарын 2-д болно. Энэ сонгууль нь ирэх жилд болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болно гэж гадаадынхан үзэж байна. Сонгууль ойртохын хирээр, Оросын дотоодын олон нам бүлэг хойшдын улс төрийн тавцанд байр суурь эзлэхийн тулд шинэ зохицуулалтаа яаралтай хийж байна. Путин мөн ийм байдалд Засгийн газрыг тараах шийдвэр гаргасан юм.
Путины Засгийн газрыг тараах мэдээ гарсны дараа, шинэ ээлжний Ерөнхий сайд нь өнөөгийн Оросын холбооны Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергай Иванов байж болзошгүй гэж Оросын олон нийт бүгдээрээ төсөөлж байхад Путин хүмүүсийн санаанаас гадуур хариулт өгсөн байна. Тэрээр мөн өдөр хүмүүсийн нэг их танидаггүй Оросын холбооны Банк санхүүгийн шалган байцаах хорооны дарга Виктор Зубковыг Ерөнхий сайдын нэр дэвшигчээр дэвшүүлсэн байна.
Путин хүрээлэл ихтэй Оросын холбооны Засгийн газрын Ерөнхий сайдын хоёр орлогч Иванов болон Медейжиевыг сонгоогүйгээр Зубковыг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлсэн нь түүнийг улс төрийн шинэ од болгож, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж болзошгүй. Путины энэ ажиллагааны эцсийн зорилт нь 2012 оны сонгуульд өөрийн биеэр дахин ороход тус дөхөм үзүүлэх явдал юм гэж зарим хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Оросын улс төрийн зарим мэргэжилтнүүд энэ саналыг зөвшөөрөхгүй байгаа юм. Зубков ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, харин хойшдын "мэргэжлийн хэлбэрийн" засгийн газрын удирдагч болж болзошгүй гэж тэд үзэж байна. Ерөнхийлөгч Путиныг залгамжлах хамгийн боломжтой хүн нь Иванов болон Мейдейжиев байсаар гэж тэд мөн үзэж байна. Путины энэ ажиллагаа нь тухайн жил Ельцин өөрийг нь Засгийн газрын Ерөнхий сайдаар нэр дэвшүүлж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулсан байдалтай зориуд өөр болгож байж ч магадгүй гэж холбогдох мэргэжилтэн хэлж байна.
Өнөө, Оросын Парламент болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хандлага, үр дүнг төсөөлөхийн аргагүй хэдий ч, Путины Засгийн газрыг тараах шийдвэр нь Оросын Парламент, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлснийг харуулж, сонгуульд оролцох боловсон хүчний байдлын эхний алхамыг тавьсан байна. Оросын улс төрийн хандлага нь Оросын дотоодын байдал тасралтгүй өөрчлөгдөхийн хирээр алхам алхамаар тодорхой болох болно. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|