Тайландын өмнөд нутгийн амралт сувьлалтын нэрт газар Пукет аралд 16-ны үдийн хойно зорчигч тээврийн нисэх онгоцны ноцтой осол гарсан байна. Орон нутгийн цагаар 17-ны үүрийн байдлаар, уг осолд 88 хүн эндэж, 42 хүн шархдсаныг Тайландын албаны тал нотолсон байна. Энэхүү осол нь энэ жилийн аялал жуулчлалын алтан улирлаа дөнгөж эхлүүлж байгаа Тайландад их хохирол болж болзошгүй юм.
Тайландын "Ван тү го" Лянь жя агаарын тээврийн компанийн харьяаны MD82 гэдэг зорчигч тээврийн нисэх онгоц 16-ны үдээс хойш Банкокаас Пукетийг зорьсон байлаа. Уг онгоц Пукетийн олон улсын нисэхийн буудалд газардсаны дараа гүйдэг замаасаа хадуурч гараад мод мөргөж дундуураа тасарсан байлаа. Тайландын Эрүүл Мэндийн Яамны сайд Монкол На Сонкхлагийн 16-ны шөнө нотлон хэлснээр, уг онгоцонд 123 зорчигч явж байсны 79 нь гадаадын хүн байсан ба нисэх багийн 7 хүнтэй нийт 130 хүн явж байжээ. Осолд 88 хүн эндсэний 51 нь гадаадын зорчигч, 42 хүн эсэн мэнд гарсны 28 нь гадаадын зорчигч болно.
Пукетийн нисэхийн буудлынхны хэлснээр, олонхи зорчигч нь онгоц мод мөргөсөн хүчтэй доргилт болон дэлбэрэлтэд энджээ. Мэнд гарсан хүний олонхи нь онгоц дэлбэрч тасрахад дэлсэгдэн гарсан байлаа.
Энэ бол ойрын 9 жилд Тайландад гарсан хамгийн ноцтой онгоцны осол болно. Мөн ч Лянь жя агаарын тээврийн компанийн Тайландад нислэг хийж эхэлснээс нааших хамгийн ноцтой осол мөн. 1998 оны 10-р сарын 11-нд Тайландын зорчигч тээврийн нэг нисэх онгоц Банкокийн өмнөд хэсэгт осолдож, 101 хүн эндсэн юм. Тухайн үед тэр онгоц мөн ширүүн борооноор газардсан байлаа. 16-нд онгоцны осол гарахад мөн тэр үеийн шиг ширүүн бороо орж байв.
Тайландын Зам Тээврийн Яамны сайд Тира Хаочароен онгоцны осол гарсаныг сонсоод нэн даруй тушаал гаргаж, ослын шалтгааныг туйлбартай тодруулахыг шаарджээ. Тайландын дотоодын агаарын тээврийг удирдах газрын албаны хүн Чиасак Анкауван 16-нд хэлэхдээ, энэ осол нь ширүүн бороо орсонтой холбоотой юм гэжээ. 16-нд Пукетад өдөржин их ширүүн бороо орж байсан тул зам мөр харагдах нь тааруухан бөгөөд халтираа ихтэй байжээ. Чиасак Анкауван хэлэхдээ, ослын жинхэнэ шалтгааныг хар хайрцгыг олсоны дараа л мэднэ гэжээ.
Пукетийн нисэх онгоцны буудал бол Тайландын олон улсын нисэх онгоцны 6 буудлын нэг нь юм. Эндээс олон улсын нийслэг үйлддэг. Гэхдээ олонхи зорчигч нь Банкокт жуулчилж дуусаад онгоц сольж Пукет ордог байна. Ингэснээрээ Банкокаас Пукет орох дотоодын онгоцонд гадаадын тийм олон зорчигч явж байсан тохиолдол гарсан аж. Энэ осол маш ноцтой байсан тул Пукетын нисэхийн буудлыг түр хааж, Пукет ордог байсан бүх нислэгийг зогсоолоо гэж Тайландын Зам Тээврийн Яамны сайд Тира Хаочароен мэдэгдсэн байна. Ингээд Пукетаас нисэхээр байсан 4 онгоц болон мянга гаруй зорчигч Пукетаас явж чадахгүй байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Буян хянав\
|