Дэлхийн Хятад бизнесменүүдийн 9-р их хурал 17-ны өдөр Японы Осакад өндөрлөлөө. Дэлхийн олон газрын 3600 гаруй Хятад бизнесменүүд болон Шянган, Сингапур, Тайланд зэрэг орны Хятад бизнесменүүдийн удирдагчид, бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны дарга, Японы Осака мужийн дарга, Осака хотын дарга нарын зэрэг хүмүүс хаалтын ёслолд оролцсон байна.
Хаалтын ёслол эхлэхээс өмнө Японы эмэгтэйчүүдээс бүрдсэн "Ү шү гимнастикийн холбоо" ү шү болон нударган зодооны урлагийн тоглолт үзүүлж, Ардын эрэгтэй найрал дуучид Хятад ардын дуу дуулж, ардын хөгжимчид Хятадын эртний хөгжим хөгжимдөж, уран сайхны тоглолтууд нь хүмүүсийн сайшаалыг хүлээсэн байна.
Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны орлогч дарга Сүнь Шяо хуа хаалтын ёслол дээр үг хэлж, Хятад бизнесменүүдийн их хурал улс орон газар нутгуудын Хятад бизнесменүүдийн харилцаа холбоо хамтын ажиллагаанд маш их үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, эрхэм та бүхэн алс холын дөрвөн зүг найман зовхисоос ахан дүү нараа, нөхөрлөл найрамдлаа хэмээн, мөн хамтын ажиллагаа, энх тайван, хөгжлийн төлөө энд хүрэлцэн ирсэн байна гэжээ.
Сүнь Шяо хуа хэлэхдээ, Дэлхийн Хятад бизнесменүүдийн их хурлыг 1991 оноос өнөөг хүртэл 9 удаа зохион явууллаа. Хойшдоо мөн байнга зохион байгуулах болно. Энэ нь дэлхийн Хятад бизнесменүүдийн хэлхээ холбоос гүүр болох болно гэжээ.
Дэлхийн Хятад бизнесменүүдийн энэ удаагийн их хурал 15—17-ны өдрүүдэд Кобе болон Осакад болсон юм. Энэ нь "Хамтын ажиллагаа хамтын хөгжил, үр өгөөжийг нь дэлхийд хүртээе" гэсэн уриан дор болсон. Хуралд оролцогсод Хятад бизнесменүүдийн эдийн засгийн хэлхээ холбоо, Японы эдийн засаг, экологи байгаль орчны өөрчлөлт, орчин үеийн Ази тив болон Хятадын харьяат нар, Азийн хотын хөгжил болон амьдралын хэлбэр зэрэг олон асуудлыг хөндөж, хурлын хугацаанд бас олон үзэсгэлэн, хэлцэл зохион байгуулсан байна.
Хятадын төрийн зөвлөлийн харьяат нарын ажил хариуцсан албаны тамгын газрын орлогч дарга Шюй Юү шэн энэ удаагийн их хурал амжилттай болсон нь маш их ач холбогдолтой юм гэж үзсэн байлаа. Тэрээр хэлэхдээ, 3000 гаруй Хятад бизнесменүүдийн өргөн их уулзалт болсон энэ их хурал бол Хятад бизнесменүүд болон Японы харилцаа холбоо хамтын ажиллагааны өргөн дэлгэр цуглаан, Дэлхийн Хятад бизнесменүүдийн сүлжээгээр дамжуулан эдийн засгийн даяарчлалын үйл явцыг ахиулсан том цуглаан болсон байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн их хурлыг Япон Хятад хоёр орны засгийн газар маш их анхаарч, дорвитой дэмжсэн байна. Түүний ач холбогдол Дэлхийн Хятад бизнесменүүдийн цуглааны шинж чанараас давж, Дэлхийн Хятад бизнесменүүдийн дүр төрхийг харуулах томоохон орон зай болж, Хятад бизнесменүүдийн Японы нийгэм нийтэд нийлэн нийцэх өргөн тавцан болсон байна гэжээ.
Дэлхийн Хятад бизнесменүүдийн энэ удаагийн их хурлын гүйцэтгэх хорооны дарга бөгөөд нэгдүгээр орлогч дарга Жян Шяо сүн их хурлыг дүгнэж хэлэхдээ, энэ удаагийн их хурлаар уг хурлын эвсэг найрамдуу байх гэсэн зорилтыг гүйцэд харуулж, дэлхийн олон газраас ирсэн Хятад бизнесменүүд хуралд оролцсон төдийгүй бүх боломжийг ашиглан Кобе болон Осака хотын иргэдтэй өргөнөөр харилцаж, найзууд болсон байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав/
|