Хуан дигийн бунхны районд анх ороход маш их ариун дархан газар гэсэн сэтгэл төрдөг. Номин ногоон эдгээр арц мододыг харахад маш их бишрэн хүндэтгэх сэтгэл төрдөг гэж жуулчид ярьдаг.
Аварга арцны хүрээлэнгийн гол болох барилга нь "соёл иргэншлийн эх ундрал" гэсэн том танхим байдаг. Түүний дотор Хуан дигийн хөргийн хуулмал зургийг тахиж байна. Уг хөрөг зургаас Хуан ди нь хөдөлмөрчин ард байсаныг ойлгож болно. Тэр зурагт Хуан ди зүүн тийш алхаж байгаа дүртэй ба зүүн гараар урагшаа зааж, ар өөдөө эргэн баруун тийш харж, биедээ маш итгэлтэй, доривлог харцтай. Яг л ард олноо дагуулан баатарлагаар урагшилж байгаа төрхтэй.
Аварга арцны хүрээлэн нь Хуан дигийн бунхны өнгөрсөн түүхийг төлөөлж байна гэж үзэх юм бол уг хүрээлэнгийн ар талын тахилга тайлгын өргөн чөлөөг Хуан дигийн бунхны өнөөгийн байдлыг харууллаа гэж үзэж болох юм. Уг өргөн чөлөө нь 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай. Бүхнийг нь боржин чулуугаар байгуулсан. 10 мянгаад хүн тахилга үйлдэж багтах уужим өргөн юм. Тахилга тайлгын өргөн чөлөөний зүүн баруун хоёр хажууд асар том жүн болон хэнгэргэтэй. Энэ нь ханшний үеэр дээдэстээ тахилга өргөхөд дутагдаж болохгүй эд хэрэгсэл болно. Энэхүү жүн хэнгэргэний дуу 5 километрын үзүүрт сонсогддог юм гэнэ.
Өргөн чөлөөний хөвөөнд бүтэн боржин чулуугаар бүтээсэн Шуань юань гэдэг том дуган байна. Гурван давхар индэр дээр байгуулагдсан энэхүү барилга бол Хуан дид тахилга үйлдэх чухал газар юм. Энэхүү Шуань юань гэдэг том дуганд Хятадын эртний барилгын хэв намбыг бүхнийг багтааж, өндөр сүрлэг, жавхаа төгөс, нүнжиг хээнцэр байгуулжээ. Жил болгоны нээсэн ханш, настанаа хүндлэх баяр зэрэг болох бүр энд өргөн их тахилга үйлдэж, хэнгрэг дэлдэн, жүн дугаргаж, тайлгын ёслолын хөгжиж хөгжимдэж, цэцгийн хэлхээ өргөн, хүж арц барьж, сархад сэржим өргөн, тахилгын ном уншиж, бас дуу бүжгийн тоглолт гаргадаг. Тахилгын үйл ажиллагаа нь маш ёс номто явагдаж, ардын зан зуршлыг их агуулсан байдаг.
Хуан дигийн бунханд Шаань ши мужийн төвөөс автобусаар хүрчихдэг.
|