Хятадын уламжлалт эм эмнэлгийн цул эрхтэн судлаачдын үзэж буйгаар, толгой тархи хоёрт арга билгийн ухаан оршиж байгаа ажээ. Эмт жинтүүг урт хугацаанд хэрэглэвээс хүзүү толгойн бэлчрүүдэд сэдэлт өгч элдэв өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Хятадын уламжлалт эм эмнэлэгт гадар талаас нь эмчлэх аргад эмт жинтүүг хэрэглэдэг. Эм хийсэн жинтүү нь дэрлэсэн хүний толгойн илчийн нөлөөгөөр эмийн үйлчилгээг идэвхжүүлэн, сэтгэлийн ядаргааг тайлж, тархи толгойг тайвшруулан, арга билгийг зохицуулж, эрүүл мэндэд туслан амьдралыг тэтгэдэг.
Эртнээс эдүгээ болтол, Хятадын уламжлалт анагаах ухааны онол болон ард иргэдийн уламжлалын дагуу хийсэн олон төрлийн элдэв янзын жинтүүнүүд байгаа. Тухайлбал:
1. Удвал цэцгийн жинтүү:
Хатаасан удвал цэцэг 1000 грамм, хар дангүн 400 грамм, улаан гэрдийн хальс, сүгвааг тус тус 200 граммыг нийлүүлээд эмт жинтүү хийнэ. Ийм эмт жинтүүг хагас жил хэрэглэдэг. Энэ нь голдуу мэдрэл муудах, тархи таллаж өвдөх, цусны даралт өндөр болох, толгой өвдөн нүд эрээлжлэх зэрэг өвчнөөс сэргийлж эмчлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
2. Ногоон буурцгийн жинтүү
Зохих хэмжээний ногоон буурцгийг жинтүүндээ хийнэ. Ногоон буурцаг нь сэрүүн чанартай болохоор ийм жинтүүг удаан хугацаанд хэрэглэбэл толгой өвдөх, нүд улайх, хоолой өвдөх, хатиг гарах, сэтгэл уймрах, ам хатах зэрэг өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй.
3. Цайны навч хийсэн жинтүү
Уусан цайныхаа навчийг цуглуулж хатаагаад дахиад жаахан мэлрэг цэцэг нэмж эмт жинтүү хийнэ. Ийм жинтүү нь халууныг хөөх, хор тайлах, нүд саруулжуулах, наршихаас сэргийлэх, шээс туух үүрэг гүйцэтгэдэг байна.
4. Шар будаат жинтүү
Шар будаа буюу нарим амуу нь мөн сэрүүн чанартай бүтээгдэхүүн юм. Түүгээр хийсэн эмт жинтүү нь хүүхдэд нэн илүү тус болдог, хүүхдиийн бие бялдрын өсөлт бойжилтод сайн нөлөө үзүүлдэг төдийгүй элдэв өвчнөөс сэргийлдэг.
5. Гипсэн жинтүү
Хятадын дээр үеийн хүмүүс ч гипсээр жинтүү хийж байжээ. "Өвсөн эмийн товч"-д "Гипсээр жинтүү хийж, халууны цагт хэрэглэж болмой" гэж тэмдэглэсэн байдаг. Цагаан хаш шиг цэвэр тунгалаг түүхий гипс нь хатуувтар боловч дэрлэхэд таатай сэрүүн сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд халууныг туух, хүйтнийг тэгшлэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Гипсэн жинтүүг урт хугацаагаар хэрэглэвэл цусны судас хатуурахаас сэргийлж, цусны цохилтыг хэвийн байлгаж, цусны даралт өндөр болох, артерийн судас хатуурах, шүд өвдөх, толгой эргэх, нүд эрээлжлэх зэрэг өвчнөөс сэргийлэхэд зохих эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.
6. Таван төрлийн навч хийсэн жинтүү
Ялмын навч, хулсны навч, удын навч, бадмыг навч, шавдлын навч зэрэг таван төрлийн навчийг хийсэн жинтүү нь дотор халууныг хөөх, элэг уушиг хатахаас сэргийлэх, тайвшруулах үүрэг гүйцэтгэдэг болохоор нүд улайх, толгой эргэх, уушигны халуунаар ханилгах, хоолой хавдах зэрэг өвчнөөс сэргийлэхэд тун сайн нөлөө үзүүлдэг байна.
7. Таван төрлийн хальс хийсэн жинтүү
Жүржийн хальс, лийрийн хальс, алимын хальс, шавдлын хальс, тарвасны хальсыг цуглуулж хатаагаад хийсэн жинтүү нь мэдрэлийн ядаргаа, толгой эргэх, толгой чинэрэн сэтгэл бухимдах, амьсгаа давхцах зэрэг өвчний байдлыг намжаахад тун сайн нөлөө үзүүлдэг ажээ.\Л.Буянтогтох орчуулав\
|