Адуу дэллэх бол монгол үндэстэний бас нэгэн өвөрмөц онцлог бүхий малжлийн зан заншилын нэг хэсэг юм.
Газар газрын адуу дэллэх уламжлалт ёс заншил ч бас адилгүй байдаг. Адуу дэллэх нь ердөө билгийн улирлын дөрвөн сарын тавнаас эхэлдэг билээ. Адуу дэллэхэд бүгд морь унаатай, хот усаараа, хөгшин залуугүй хуран цуглардаг. Адуу дэллэх нь монгол хүний хийморио сэргээх, хүлэг мориныхоо хурдыг шалгах, мөнгө хүрлээр чимэсэн эмээл хазаар, торго сураар янзалсан алаг ташуур, тэнгэр тулан баганадасан нахилзуур уургынхаа бөх эвлэгийг адилтган хөөрөлдөдөг билээ.
Адуу дэллэх үед олонхи айл өөр өөрийн бэлтгэх чухалтай зүйлээ бүрдүүлж ирдэг. Дэл хяргах хайчаа цэвэр бүсээр боож, хайчны бариулд бүс уяж, хөндий газар хямгадан тавьж, морины дэл хяргаж засахад л хэрэглэдэг. Адуу дэллэж дуусаад уг хайчаа мөн ёсоор нь хадгалж тавьдаг юм.
Адуу дэллэхэд ур дэмтэй, хөнгөн шөнгөн хүнд хайч атгуулж, өөрийн хүлэг мориндоо тохирсон ганган дэл засч үлдээдэг. Мөн морины дэлд хур дэл, богони дэл зэрэг олон янз байдаг.
Зарим газар азарганы дэлгийг хяргахгүй, онгон дэлтэй морио хяргаж засахгүй хураар нь тавьдаг. Хээлтэй гүүгийн дэлийг хяргадаггүй, ердөө унагалсны дараа сая дэлийг нь хяргадаг. Дааганы дэлийг ногоонд цадсан хойно хяргадаг. Дэлийг хяргахдаа тэгш дэл, номон дэл, хударгийн дэл мэтээр морины өнгө янзанд зоихцуулдаг.
Адуу дэллэхэд ирсэн бүхэн унаа мориныхоо хүч тамирыг шалган хөдөө хээр эрх дураараа довтолж аль сайн чадал тартай моридийг булаалдан уургалж, үрээ даага сүүлдэх мэтээр өөр өөрийн эрдэмээ гайхуулж, биеийн чилээгээ тайлан бахаа хантал наргидаг. Залуучууд ч чадал хүчээ үзүүлэн аль сайн агт хүлгийг чихтэн номдхож, дэлийг нь хярган олоны өмнө омог жавхаагаа гялалзуулдаг.
Адуугаа дэллэж дуусаад нэг доор цугларан өөр өөрийн авчирсан цагаан идээ, архи дарс, боов боорсгоо гарган, ахмад настаддаа дээжилж, уул усанд цацал өргөж, адуу малын өнөр өсөлтийг бэлгэдэн, ирэх хавар дахин учирах зөгнөл тавин гэр зүгээ буцадаг.
Агтын түвэргээн уул талаар тачихинаж, сэтгэл сэргэсэн малчид нутгийн хэшигт санаа баясан довтолно.
Монгол нутгийн маань хавар ингэж л хөөр наргиантай саатаж, мөн монгол наадмын сураг эндээс л эхэлж чих дэлсдэг юм.
|