Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн албын 25-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Холбоо Авах Газрын орлогч дарга Жан Жижюнь ХКН-ын гадаад харилцаагаа хөгжүүлсэн байдлыг танилцуулж, сурвалжлагчдын сонирхсон асуултанд хариулсан байна. Тэр хэлэхдээ, ХКН өнөөдөр дэлхийн улс төрийн олон төрлийн 400 гаруй нам, байгууллагатай адил бус хэлбэрээр найрсгаар харилцаж байна. Намын харилцаа өргөжсөн нь дотоод гадаадын иргэд хоорондын ойлголцол, найрамдлыг зузаатгаж, улс орнуудын харилцааны хөгжлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
Жан Жижюнь хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "бие даасан, бүрэн эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, дотоод хэрэгт харилцан үл оролцох" гэдэг зарчим бол ХКН-ын гадаад харилцааны 4 үндэс юм. Үүнд тулгуурласны улмаас ХКН-ын гадаад харилцаа маш хурдацтайгаар хөгжсөн юм гэлээ. Тэрээр хэлэхдээ, Өнөөдөр манай нам дэлхийн 160 гаруй улс орон, газар нутгийн улс төрийн олон төрлийн 400 гаруй нам, байгууллагатай адил бус хэлбэрээр найрсгаар харилцаж, ойлголцлоо нэмэгдүүлэн, улсууд хоорондын харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэлээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, сүүлийн 5 жилд гадаад орнуудын улс төрийн намын 1200 гаруй төлөөлөгчид Хятад улсад айлчилсан бөгөөд түүний дотор 200 шахам нь улс төрийн намуудын гол гол удирдагчид тэргүүлсэн төлөөлөгчид байсан юм. ХКН ч сүүлийн 5 жилд 600 гаруй төлөөлөгчдөө гадаадад айлчлуулсан байна. ХКН болон дэлхийн улс төрийн олон төрлийн намууд хоорондын харилцаа нь ямар ямар агуулга, хүрээнд явагдаж байгаа тухай Жан Жижюнь танилцуулж хэлэхдээ,
Манай харилцаа нь дараахь хэдэн агуулгыг хамарч байна, Тухайлбал 1-д, намын дотоод асуудал болон улс орны байдлаа харилцан мэдээлэх, 2-т, 2 намын харилцааг хэрхэн цаашид эрчимжүүлэх, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд хэрхэн тус дөхөм үзүүлэх асуудлаар санал бодлоо солилцох, 3-д, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох, 4-д, намын байгуулалт болон засгийн эрх барьж улс орноо хөгжүүлж байгаа туршлагаа солилцох зэрэг эдгээр асуудлууд гэлээ.
Улс төрийн намууд хоорондын гадаад харилцаа нь улс орны ерөнхий гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болохоор, ойлголцлыг нэмэгдүүлэх, улс хоорондын харилцааг нэн сайнаар хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм.
ХКН-ын харилцаж байгаа намуудад коммунист нам зэрэг зүүнтний хүчнүүд байгаа төдийгүй бас үндэстний ардчилсан улс төрийн нам, социалист нам, лэйбор нам, консерватив нам, христосын шашны ардчилсан нам, либерал нам зэрэг төв барууны хүчнүүд ч багтаж байна. Тэдгээрийн дотор, засгийн эрх баригч улс төрийн намын хүмүүс байгаагаас гадна бас сөрөг намынхан ч байдаг. Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орнуудын удирдагчид байгаа бөгөөд бас дипломат харилцаа тогтоогоогүй орнуудын улс төрийн намуудын удирдагчид ч байдаг билээ.
Жан Жижюнь хэлэхдэээ
Тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэх нь тэдэнд Хятад улсыг бүх талаар ойлгуулж, Хятад улсыг таниулж, Хятад улсад зөвөөр хандаж, Хятад улс болон тэдгээр орнууд хоорондын харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ нь ХКН-ын гадаад ертөнцийг ойлгож, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ашигтай юм. ХКН нь намууд хоорондын харилцаагаар гадаад орнуудын улс төрийн намын байгуулалт, улс орны байгуулалтын талаархи ашигтай туршлага, аргыг суралцах явдлыг чухалд үздэг юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|