• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 14:10:31    
Еэвэн сар

Хятадын Олон Улсын Радио

      Манай ажлын хажууханд нэг жижигхэн дэлгүүр байдаг юм. Хотын захын байдаг л нэг жижиг дэлгүүр. Гэтэл сүүлийн арав гаруй хоногт энэ дэлгүүр онцгой хөл хөдөлгөөнтэй болж гадуураа хүртэл урт лангуунууд засч бараг өдөр шөнөгүй ажиллах боллоо. Гол нь янз бүрийн гоёмсог хайрцагтай еэвэнгүүд зарах болсон юм. 30, 40 юаниас эхлээд 1000 хүртэл юаний үнэтэй алтан мөнгөн хайрцагтай ихэвчлэн улаан боодолтой хээ угалз бүхий гоёмсог хайрцагтай еэвэн авахаар хүмүүс урт дараалалд зогсох болжээ. Өөр дэлгүүрүүдээр ч еэвэнгийн борлуулалт эрс сайжирсан нь илт. Гэхдээ энэ дэлгүүр уламжлалт нарийн боовны үйлдвэрийн харъяа дэлгүүр юм байна. Тиймээс уламжлалт баяруудаараа хүмүүс энэ дэлгүүрээс нарийн боовоо авахаар урт дараалалд зогсдог гэнэ. Ийнхүү еэвэн сарын баяр дөхсөнийг олж мэдлээ.

      Хятадын билгийн улирлын 8 дугаар сарын 15-ний өдөр бол ургацын баяр юм. Энэ жилийн ургацын баяр буюу еэвэн сарын баяр өнгөрсөн 25-ний өдөр тохиожээ. Ургацын баяр, Цагаан сар, 5 дугаар сарын шинийн 5-ний баяр бол Хятадын хамгийн эртний түүхтэй, гурван том баярт тооцогддог. Ургацын баяр буюу еэвэн сарын баяраар хүмүүс гэр хотлоороо цуглан ширээ тойрон сууцгааж жилийн элбэг ургацын дээжээрээ бэлтгэсэн хоол ундаа зооглон тэргэл сарыг ажицгаан дуулан бүжиглэдэг уламжлалтай.

     Энэ баярын тухай олон янзын домог байх. Домгууд дотроос Чан э саранд гарсан домог буюу Сарны дагины тухай домог ардын дунд хамгийн өргөн тархжээ. Тэргэл сартай үдшээр айл хотлоороо цуглан сарны дор ширээ засч сарны зургийг ажингаа домог хэлэлцэн суусан ардын амьдрал өөрөө домог шиг санагдах юм. Эртээ урьдын цагт хурмаст тэнгэрийн орноо Чан э нэртэй үзэсгэлэнт бүсгүй Хөү и гэж байлдаан тулааны сахиулсан тэнгэр, эрэлхэг баатар эр нөхрийнхөө хамтаар амьдран суудаг байж. Хүний ертөнцөд маш олон догшин ширүүн араатан жигүүртнүүд хэсүүчилж хүн ардыг айлган зовоодог байсан цаг. Хурмаст тэнгэр энэ байдлыг залруулахаар Хөү и-г хүний ертөнцөд илгээжээ. Хөү и хурмастын зарлиг ёсоор үзэсгэлэнт эхнэрээ дагуулан хүний орчлонд бууж эгэл номхон хүмүүсийг айлган зовоож байсан араатан амьтадтай тулалдан ялахын даваан дээр ирээд байлаа.

     Гэтэл нэгэн санаандгүй явдал тохиолдож гэнэ. Хүмүүсийг нэг өглөө нойроосоо сэрэхэд тэнгэрт 10 нар мандаж илч гэрлээрээ тэсэхүйеэ бэрх төөнөж байв. Хурмаст тэнгэрийн 19 наран хөвгүүд хүний ертөнцөөр даажигнаж байгаа нь тэр байжээ. Ой мод тариа будаа шатаж, хүн амьтан амьсгаа авахын аргагүй болж үхэтхийн унацгааж, гол мөрөн ширгэн буцалж модонд бүгсэн чөтгөр шулмууд баярлалдан шуугицгааж тэсэхүйеэ бэрх болж гэнэ.

     Хөү и хүн төрөлхтөнд нүүрлэсэн шинэ зовлонг үзээд сэтгэл ихэд зовж хурмастын хөвгүүдээс өдөр өдөрт нэг нэгээрээ гарч ирж байхыг хүсэн гуйсан боловч нөгөөдүүл нь хүсэлтийг нь үл тоомсорлон дэлхийд улам ойртоцгоон даажигнав. Үй олноороо шатаж үхэж буй хүмүүсийн зовлонд тэсгэл алдарсан Хөү и нумаа гарган сумаа тавьж нэг амьсгаагаар 10 нарны 9-г нь нам унагааж гэнэ. Үлдсэн нэг нар нь буруугаа хүлээн аврал гуйсан тул амь хэлтрүүлж нумаа хураажээ. Хөү и хүний ертөнцийг мөхлийн аюулаас аварсан хэдий ч хурмаст тэнгэрийн хөвгүүдийг хороож эцгийг нь хилэгнүүлсэн байлаа. Хурмаст тэнгэр тэднийг тэнгэрийн орноо дахин ирэхийг цаазлан хорьжээ. Хөү и хэрэг нэгэнт ийм болсон бол хүний ерөнцийн амьдралд орж хүмүүсийн сайн сайхны төлөө улам ихийг хийе гэж боджээ. Гэвч эхнэр Чан э нь эгэл хүмүүсийн хар бор амьдралд дасч өгөхгүй цаг хугацаа өнгөрөхийн хирээр юмны учрыг тунгаалгүй хурмастын хөвгүүдийг алсан эр нөхрөө зэмлэх болж дээ. Хөү и Күнь Лүнь уулнаа суудаг баруун хязгаарын хатан эх Ван мү-гээс тэнгэрт гардаг ид шидтэй эмийг нь гуйсан боловч тэр эм ганцхан хүнд хэрэглэж хүрэхүйц жаахан үлдсэн байсан тул Хөү и арга мухардан нөгөө эмийг гэртээ авчирч нуусан байжээ. Гэтэл нөхөртөө туйлын хайртай хэдий ч хүний ертөнцийн амьдралд дасч түвдэхгүй тэнгэрийн ордны амгалан жаргалтай амьдралаа туйлын ихээр мөрөөдөн гансарч байсан Чан э нөхрийнхээ эзгүй шинийн 15-ний тэргэл сартай үдшээр нөгөө эмийг хүртэж орхижээ. Тэгээд хөл нь хөнгөрөн агаарт дэгдсээр Гуан хань гүн хэмээх сарны ордонд хүрчээ.

     Ганцаар үлдсэн Хөү и ихэд гунигласан боловч ан гөрөө хийж амь зуухын зэрэгцээ хүмүүст туслан нум сум харвах эрдэмд сурган эрхий мэргэн харваач олон сайн шавьтай болсон гэдэг. Гэвч Хөү и байгаа цагт би хамгийн мэргэн харваач болж чадахгүй нь гэж үзсэн нэгэн шавь нь түүнийг араас нь харваж хороосон гэнэ. Чан э саран дээр гарсан ч тэнд нь эм найруулдаг нэг туулай, нэг түлээчин өвгөнөөс өөр хүнгүй тул хүний ертөнцийн энэрэл хайр болоод нөхөртэйгөө өнгөрүүлсэн сайхан цагаа дурсан гуниладаг байжээ. Ялангуяа 8 дугаар сарын 15-ний саран тэргэлших цагаар Чан э авхай саран ордондоо маш их ганцаардан гунигладаг болсон домогтой.