Би бага байхаасаа ч тийм юмуу бүү мэд, эргэлзэл, уйтгарлал, амьдралын дундах нугарал, бэрх хатуу зовлонгийн өмнө заримдаа амьдралд урам хугардаг байлаа. Нэгэн үе би амьдрахын учир шалтгаан чухам юу билээ гэж өөрийн биеээсээ асуумаар болсон юм. Миний нагац эмээ насан сүүдэр ер гарсан цал буурал настан үг хэлэхдээ амьсгаа нь тасалддаг боловч ямар нэг юм ярин гадуур алхах дуртай байлаа. Яг л ямар нэгэн зүйл түүнийг хөтлөн дагуулан явж байх шиг. Гэтэл настан маань он жилүүдийн салхи борооны дунд ургасаар байдаг нарс мод шиг амьдын жаргал эдлэн, энэрэнгүй инээмсэглэлээ түүнд хайртай байдаг бүх хүмүүст түгээн яваа билээ.
Нагац эмээ, хүн амьд явахад 10001 учир шалтгаантай байдаг гэнэ, тийм ч учраас тэр амь нас гэгчийг нандигнан хайрлаж, гэрийг дүүргэн гэрэлтүүлдэг нарны гэрэлд хайртай байгаа юм. Би түүнээс чухам ямар 10001 зүйлийн учир шалтгаан байдаг юм бэ? гэж асуух болгонд тэр хэзээд инээмсэглээд хариу намайг хариултыг нь өөрөө бодож олоорой гэдэг юм.
Би тэгээд нэгэн тэмдэглэлийн дэвтэр бэлтгэн, уузсан хүн болгонтойгоо энэ амьд явахын учир шалтгааны тухай ярилцан тэмдэглэн үлдээдэг болсон юм. Зарим нь амьд мэнд явах нь аав ээж элгэн садныхаа төлөө, өөрт нь хайртай хүмүүсийн төлөө гэнэ. Зарим нь гэр бүл төрөл төрөгсөдтөйгөө энэхэн насаа хамт өнгөрүүлэхийн төлөө гэнэ. Манай зэргэлдээ айлын хүү гэж их сургуулийн оюутан байдаг юм. Тэр амьд явах нь яруу алдар болоод амь насны итгэл хүндийн төлөө юм гэнэ. Бас нэг огт танихгүй замын хүнээс асуусанд тэр юуны төлөө амь явах бэ гэвэл би ганцхан удааны энэ насаа зүгээр хоосон өнгөрүүлэхгүйн тулд юм, гадна дотно явж, нүд сонороо баясган, уул усыг даван, олж хараагүй нэн олон сайхан үзэмжийг харах нь түүний амьд явахын учир шалтгаан гэнэ.
Надад хамгаас илүү мартагдашгүй санагдсан нэгэн түүх бол хүнд өвчилсөн жаахан охин билээ. Өвчний улмаас царай нь эцэн цайрч, алхаж явахдаа ч хүндрэлтэй болсон байлаа. Гэтэл тэр өдөржин нэгэн модны дор суун шувууд жиргэхийг сонсох аж. Охин анх хүнд өвчинд нэрвэгдсэнээ мэдээгүй байсан юм, гэтэл нэг өдөр болгоомжгүй хүний санаандүй ам алдсан үгнээс бүхнийг олж мэджээ. Охин энэ аймшигтай мэдээг сонсоод дусөл ч нулимс унагасангүй харин хайртай модныхоо дэргэд удаан суух болсон юм. Олон жил өнгөрсний дараа хүмүүс модон дээр охины сийлсэн "би амьдарна" гэсэн хоёр үгийг олж харжээ.
Миний дэвтэртээ тэмдэглэсэн зүйлс нэмэгдэн, хэдэн арав болж, хэдэн зуу болсон юм. Хэдэн жилийн турш амьд явахын учир шалтгаан гэдэг энэ асуултын хариуд хэдэн мянган янзын хариултыг тэмдэглэн авлаа. Хэдийгээр нагац эмээгийн хэлсэн шиг тийм олон биш ч гэсэн хариулт болгон нь сэтгэл хөдөлгөм байж, амьд явах нь амьдралыг хайрлах, бусад олонд цайлган байх, хүсэл мөрөөдөлтэй байх зэрэг нь амьдралын ямар сайхан эрхэм дээд учир шалтгаан билээ гэдгийг надад мэдрүүлсэн юм.
Тэмдэглэсэн зүйл минь явах тусмаа олширч, дэвтрийн хуудас болгонд амьд явахын тоо томшгүй учир шалтгаанууд тэмдэглээстэй байх болсон юм. Зарим хариулт нь төстэй байж зарим нь бүр ижилхэн байлаа. Үүний дотор хамгийн олон давхацсан нь "хүсэл мөрөөдөл" бол амьд явахын хамгийн гол учир шалтгаан гэдэг хариулт байлаа. Хүслэн баймаажин сая амьдралд гэрэл тусан, амьдралд өөрчлөлт гарч, амьдрал цаашаа үргэлжлэх болно. Хүслэн байсан цагт амьдралын үнэ цэнийг мэдрэн амьдралын сайн сайхныг эхлүүж болох талтай.
Олон он жилийн турш би иймэрхүү учир шалтгааныг нарийн хянамгай цуглуулан тэмдэглэснээр нэг өдөр энэ тухай дахин тэгж нарийн тэмдгэлэхгүй байхаар шийдсэн юм. Бодож үзвэл бараг 10000-д хүрсэн шиг санагдлаа.
Яг энэ үед нагац эмээ минь хүнд өвчилсөн байлаа. Би эмээгээ эргэхээр эмнэлэгт очсон юм. Эмээ минь ямар нэг дуу чимээг олж сонсох гэсэн шиг санаагаа төвлөрүүлэн анирдаж байх шиг. Та ямар сайхан дуу сонсч байх бэ гэж би асуулаа. Тэгсэн нагац эмээ минь "би зүрхнийхээ цохилох чимээг сонсч байна" гэж доор дуугаар хэллээ.
Энэ бол амьдралын хамгийн сайхан баяр баясал биш гэж үү? Амьдрал гэгч хичнээн гэрэл гялбаатай, хичнээн хайрлаж нандигнамаар зүйл билээ.
Нулмис энгэрийг норгон дусаллаа, энэ бол яах аргагүй амьдралын 10001-р учир шалтгаан юм. Энэ бүхэн миний цээжинд гүн хадгалагдаж үлдсэн юм. Үүрд.........
|